БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ян Жэчитэй хэлэлцээ хийв
- Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчигийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна.
- Өнгөрсөн онд байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр”-ийг Ойрын үед хятадын тал соёрхон батална гэдэгт итгэлтэй байгаагаа сайд Г.Занданшатар илэрхийллээ.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчигийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айчлалын хоёр дахь өдөр сайд Г.Занданшатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчитэй хэлэлцээ хийж, Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар болон улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, батлан хамгаалах, аюулгүй байдал, уул уурхай, байгаль орчны асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуучуудын солилцооны хөтөлбөр, эрүүл мэндийн үйлчилгээ, оношлогооны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг олон асуудлаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Өнгөрсөн онд байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээр”-ийг Ойрын үед хятадын тал соёрхон батална гэдэгт итгэлтэй байгаагаа сайд Г.Занданшатар илэрхийллээ. “Газрын тосны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай” санамж бичигт өнгөрсөн онд гарын үсэг зурсны дагуу газрын тосны бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулах, Монголд нефть боловсруулах үйлдвэр барих асуудлаар хоёр талын ажлын хэсэг идэвхтэй ажиллах шаардлагатайг хоёр тал нотоллоо.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жэчи асуудлуудыг нааштай шийдэх, Хятадын Засгийн газраас олгосон зээл тусламжийн хүрээнд сонгон авсан төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Гадаад харилцааны сайд нар олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо. Мөн өдрийн үдээс хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайд Г.Занданшатар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв хорооны Улс төр, хуулийн хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнканд бараалхлаа. Уулзалтад Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар болон албаны бусад хүмүүс байлцав.
Уулзалтын үеэр хоёр орны улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, батлан хамгаалах, нийгмийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замуудын талаар илэн далангүй ярилцлаа. Дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлцээний давтамжийг хадгалах нь хамтын ажиллагааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо Монгол Улсад ойрын хугацаанд айлчилна гэж монголын тал хүлээж байгааг Монгол Улсын Гадаад харилцааны сайд дахин нотоллоо.
Эрхэмсэг ноён Жоу Юнкан ажил хэрэгч санал, хүсэлтийг бодит ажил болгох талаар анхааран ажиллана гээд олон улс, бүс нутгийн олон талт хамтын ажиллагаан дахь Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх сонирхлыг Хятадын талаас дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Vip76.mn