Нийслэл хүрээний 100 жилийн ойг хоёрдугаар сарын 9-нд тэмдэглэнэ
- Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа 1912 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Ар Монголын улс төр, эдийн засаг, соёл, шашны төв болсон “Их хүрээ”-г Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын нийслэл “Нийслэл хүрээ” хэмээн зарлан тунхаглажээ.
Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа 1912 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Ар Монголын улс төр, эдийн засаг, соёл, шашны төв болсон “Их хүрээ”-г Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын нийслэл “Нийслэл хүрээ” хэмээн зарлан тунхаглажээ. Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамнаас Богд хаантанд өргөсөн айлтгалд “Олон улсын хаадын оршин суугаа хотыг Нийслэл хэмээн өргөмжлөх ёсон бүхүй. Их хүрээ болбоос манай Монгол Улсын эзэн Богд хааны гэгээн залран суугаа бүгдээр бараалхан ирэх, чухамхүү үндэс охь манлай газар мөн хэмээгээд үүнээс урагш элдэв албан бичиг хэрэгт “Нийслэл хүрээ” хэмээн бичиж явбаас нийцэх явдлыг хуудас хавчуулж, хичээнгүйлэн айлтгав” хэмээсэн байна.
Энэхүү түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсгийнхэн өнөөдөр хуралдаж, Монгол Улсын нийслэл өнөөгийн Улаанбаатар хотыг “Нийслэл хүрээ” болгон нэрлэхээр тогтсоны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг баталлаа. Үйл ажиллагааны хөтөлбөр 2 дугаар сарын 6-наас эхэлж, Улаанбаатар хотын музейд “Нийслэл хүрээ-100 жил” сэдэвт гэрэл зургийн, Хотын нийтийн номын санд архивын түүхэн баримт бичиг, үзмэрүүдийн үзэсгэлэн гаргах, Соёлын төв өргөөнд Зүүн хүрээ-Дашчойлон хийдтэй хамтран ном хуруулах, Ойд зориулсан хүндэтгэлийн концерт тоглох, “Нийслэл хүрээ-100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах зэрэг ажлуудаас гадна 2 дугаар сарын 9-ний өдөр Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн дэх Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэн, Бөхийн өргөөнд ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан болох юм. Ойд зориулсан эдгээр баяр ёслол, хүндэтгэлийн ажлаас гадна дүүрэг тус бүр төлөвлөгөө гаргаж, хүүхэд залуус, иргэдэд энэ талын мэдлэг, мэдээлэл өгөх, эссе бичлэгийн уралдаан, радио, телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, сэтгүүлчдийг оролцуулсан хотын аялал зохион байгуулах зэргээр олон нийтийг хамарсан ажлууд хийхээр төлөвлөжээ.
Vip76.mn