Цацрагийн бохирдолтой машинуудыг гааль дээр тусгаарлажээ
- Өнгөрсөн жил Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцад цуврал дэлбэрэлт болсонтой холбоотойгоор тус улсаас орж ирж байгаа автомашинуудад цацрагийн хяналт шалгалт хийж эхэлсэн юм.
- Цөмийн энергийн газар, Нийслэлийн гаалийн газартай хамтарч Японоос орж ирж байгаа бүх машинд цацрагийн хяналт шалгалт хийж байна.
Өнгөрсөн оны наймдугаар сард Япон улсаас орж ирсэн найман машинаас цацрагийн бохирдол илэрч байсан. Үүнээс хойш нэлээд олон автомашинаас цацрагийн бохирдол илрээд байгаа аж. Энэ талаар Цөмийн энергийн газрын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч Б.Мөнхтогтохоос тодруулсан юм.
-Одоо Японоос орж ирж байгаа машинд хяналт тавьж байгаа юу?
-Өнгөрсөн жил Японы Фүкүшимагийн атомын цахилгаан станцад цуврал дэлбэрэлт болсонтой холбоотойгоор тус улсаас орж ирж байгаа автомашинуудад цацрагийн хяналт шалгалт хийж эхэлсэн юм. Цөмийн энергийн газар, Нийслэлийн гаалийн газартай хамтарч Японоос орж ирж байгаа бүх машинд цацрагийн хяналт шалгалт хийж байна.
-Зөрчил их байна уу?
-7479 машинд шалгалт хийсэн байна. Үүнээс цацрагийн бохирдолтой 33 машин илэрсэн талаар хэвлэлүүдээр мэдээлсэн. Эхний найман автомашинаас цацрагийн бохирдол илэрсэн. Дараа нь дахиад арван автомашинаас бохирдол илэрч, бохирдлыг нь арилгаад буцааж эзэнд нь хүлээлгэж өгсөн байгаа. Одоо 15 машиныг тусгаарлаад байна. Ер нь цацрагийн бохирдолтой машин их илэрч байгаа учраас Гаалийн ерөнхий газар, Цөмийн энергийн газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран цацрагийн бохирдолтой машиныг улсын хилээр нэвтрүүлэхгүй гэсэн мэдэгдэл гаргасан байгаа. Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсэг эдгээр машиныг яах тухай шийдвэрийг гаргах байх. Үүнээс гадна хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой автомашинууд бий.
-Цацрагийн бохирдлыг яаж арилгадаг юм бол?
-Энэ ажлыг манайх Онцгой байдлын ерөнхий газартай хамтран явуулж байна. ОБЕГ-ын Аврах тусгай анги цацрагийн бохирдолтой машины бохирдлыг арилгах ажлыг гардаж хийж байгаа. Тэр үйл ажиллагаанд нь манайхаас цацрагийн хяналтыг тавьж ажиллаж байна.
-Цацрагийн бохирдлыг арилгахдаа угаагаад болчихдог гэсэн яриа байна. Хэрвээ үнэн бол цацрагийн бохирдол нь бүрэн арилах уу?
-Энгийн угаалга хийнэ гэж байхгүй шүү дээ. Хуурай болон нойтон хосолсон тусгайлсан олон аргаар цацрагийг нь багасгадаг. Монгол Улсад мөрдөж байгаа стандарт байдаг. Автомашины гадаргуунд байж болох цацрагийн хэмжээг заасан стандарт байгаа. Тодруулбал, гадаргын бохирдлын зөвшөөрөгдсөн хэмжээ нь 100 бөөм/см2 мин гэсэн хэмжигдэхүүн байдаг. Үүнээс давсан байвал цацрагийн хэмжээг нь бууруулах, стандартыг нь саармагжуулах бүх арга хэмжээг авч ажиллаж байна. Тэгээд энэ зөвшөөрөгдөх хэмжээнд хүрсэн тохиолдолд аюулгүй гэж үздэг юм.
-Гааль дээр хяналт шалгалтад орохгүйгээр орж ирсэн машин байгаа болов уу?
-Одоогоор Япон улсаас орж ирж байгаа автомашинуудыг нэг бүрчлэн шалгаж байна. Тиймээс цацрагийн бохирдлын хяналт хийлгээгүй автомашин нийслэлд орж ирэх боломж байхгүй.
Бохирдолтой автомашин хэмжилтэд хамрагдахгүйгээр орж ирнэ гэсэн ойлголт байхгүй.
Ер нь одоо илрээд байгаа бохирдолтой автомашинуудыг шинжилгээ хийж, дүгнэлт хийгээд үзэхэд маш өндөр цацрагийн бохирдолтой буюу хүний амь насанд аюул учруулахуйц өндөр зэрэглэл илрээгүй. Гэхдээ аюулгүй юм байна гэж ойлгож болохгүй. Цацрагийн бохирдол тархах, хүн амыг эрсдэлтэй байдалд учруулах магадлал өндөр учраас хяналт шалгалт явуулж байна гэж ойлгож болно.
-Хэр хугацаанд цацрагийн бохирдлыг арилгадаг юм бол?
-Тухайн машины хэр хэмжээнд бохирдсон байна гэдгээс хамаарна. Цэвэрлэгээг хоёр удаа хийдэг. Ихэнхдээ салхины шил арчигч юм уу, машины гадаргуунуудад харилцан адилгүй хэмжээний бохирдол илэрдэг. Тиймээс нэг машиныг хэр хугацаанд цэвэрлэх нь харилцан адилгүй байдаг. Зарим цэвэрлэгдэх боломжгүй болтлоо бохирдсон машины эд ангийг нь тусгай хамгаалалттай газар хадгалахаар шилжүүлсэн байгаа.
-Цацрагийн бохирдолтой машиныг иргэд хараад таних боломж байдаггүй биз дээ. Бохирдолтой машин авахгүйн тулд яах ёстой вэ?
-Цацраг идэвхт бодис нь хүний нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй, өнгө, үнэргүй учраас хараад таних боломжгүй. Мэргэжлийн багаж тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хэмжиж тодорхойлно. Тиймээс манай байгууллагаас сэрэмжлүүлэг, анхааруулга гаргасан. Япон улсаас автомашин импортолж авах гэж байгаа бол тухайн газраа заавал цацрагийн хэмжилт хийлгэж, цацрагийн бохирдолгүй гэдгийг дүгнүүлээд худалдаж авахыг бизнес эрхлэгчдэд зөвлөж байна.
-Япон улсын Засгийн газарт энэ асуудлаар хандсан уу?
-Япон улсын Засгийн газарт бид хандсан. Цацрагийн бохирдолтой машин орж ирж байгаа учраас энэ тал дээр анхаараач гэсэн хүсэлт тавьсан. Японы Элчин сайдын яамнаас бидэнд шаардлага хангасан машиныг экспортлох бодлого чиглэлтэй байгаагаа мэдэгдсэн. Тиймээс цаашдаа энэ төрлийн зөрчил багасах байх.
-Цацрагийн идэвхт бодис агуулсан тоног төхөөрөмжүүд олон байдаг юм байна лээ. Энэ тал дээр ямар хяналт тавьдаг вэ?
-Манайх дотроо хоёр үндсэн чиглэлтэй. Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтэстэй. Цөмийн хяналт нь ураны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хууль дүрмийн хэрэгжилтийг хангуулдаг. Цацрагийн үүсгүүрийг маш олон чиглэлээр ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүд байна. Тухайлбал, эмнэлгийн салбарт рентген оношлогоонд хэрэглэж байна. Аж үйлдвэр, судалгаа шинжилгээний болон хайгуулын салбарт цацрагийн үүсгүүр хэрэглэдэг олон байгууллагууд байна. Эдгээр бүх байгууллагуудад цацрагийн аюулгүй байдлыг хангуулах зорилгоор хяналт шалгалт тогтмол хийж байна.
-Хүнсний бүтээгдэхүүн цацрагийн бохирдол илэрдэг үү?
-Манай байгууллага дээр багаж тоног төхөөрөмжийн хяналтаас гадна хүнсний бүтээгдэхүүнд байнгын хяналт хийдэг. Импортоор орж ирж байгаа бүх хүнсний бүтээгдэхүүнд МХЕГ-ын байцаагч нарын авсан дээжинд лабораторийн сорьц өгдөг. Энэ сорьцонд цацрагийн хяналт шалгалтыг байнга хийдэг.
-Зөрчил илэрдэг үү?
-Тодорхой хэмжээний бүтээгдэхүүнүүдэд цацраг идэвхт бодис заасан хэмжээнээс давсан, бага зэргийн бохирдол илэрч байсан л даа.
Х.Цэнд-Аюуш
Эх сурвалж
Өдрийн сонин