2012.01.06
Цас хайлуулах бодисыг шөнийн цагаар байнга цацаж байгаа
Цас хайлуулах бодисыг шөнийн цагаар байнга цацаж байгаа
ТОВЧХОН
- Энэ ташаа мэдээлэл байна. Яг өнөөдрийн байдлаар өнгөрсөн оны нөөцөлсөн бодисоос 54 тоннын үлдэгдэл бий.
- Дээр нь өнгөрсөн оны нийслэлийн төсвөөс авсан бодис 200 тонн бодис буусан байгаа.
Нийслэлийнхэн энэ онд олон жилийн дунджаас их хүйтэрнэ хэмээн мэдээлж байсан. Гэсэн хэдий ч өвлийг өнтэй давах хангалттай хэмжээний цас мөс хайлуулах нөөц бодис байгааг ч бас уламжлаад авсан. Гэвч ТҮК-иудын ажлын голыг нугалдаг цас хайлуулах бодис дууссан гэсэн яриа гараад байгаа. Энэ талаар НЗАА-ны Хог цэвэрлэгээ, тээвэрлэлт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Аригуунаас тодрууллаа.
-Цас, мөс хайлуулах бодис дууссанаас замын хальтиргааг арилгаж чадахгүйд хүрсэн гэж яригдаад байна. Бодисын нөөц үнэхээр дууссан юм уу?
-Энэ ташаа мэдээлэл байна. Яг өнөөдрийн байдлаар өнгөрсөн оны нөөцөлсөн бодисоос 54 тоннын үлдэгдэл бий. Дээр нь өнгөрсөн оны нийслэлийн төсвөөс авсан бодис 200 тонн бодис буусан байгаа. Тун удахгүй 70 тонн бодис нэмэгдэж бууна. Ингээд зөвхөн бодисын хувьд авч үзэхэд нийтдээ 300 гаруй тонн нөөцтэй байгаа гэсэн үг. Давсны хувьд нийт дүүргүүдийн ТҮК-иудад 400 тоннын үлдэгдэлтэй байж байна. Тэгэхээр нийтдээ цас мөс хайлуулах давс бодисын 700 гаруй тоннын нөөцтэй байгаа гэж ойлгож болно. Улаанбаатар хотын хэмжээнд дээрх нөөц бол хангалттай хэмжээнийх юм.-Энэ жилийн өвлийг олон жилийн дунджаас илүү хүйтэрнэ гэж яриад байгаа. Үүнд хангалттай бэлтгэлтэй байна гэж ойлгож болох уу?
-Одоогийн байдлаар бүх дүүрэгт бодис, давс буулгаад хуваарилах ажил явагдаж байна. Тэгэхээр ямар ч байсан өвлийнхөө тал хагасыг даваад өнгөрлөө. Арваннэгдүгээр сард нэлээд цас орсон. Нэгдүгээр сарыг давтал харьцангуй гайгүй байна. Гэхдээ цаг агаар хүйтэн байна. Ойрноос цас орох мэдээтэй байна.-Энэ жилийн өвлийн улирал эхэлснээс хойш нийтдээ хэчнээн тонн бодис, давсыг цацаад байгаа вэ?
-Ерөнхийдөө өнгөрсөн арваннэгдүгээр сард Улаанбаатарт нэлээд их хэмжээний цас орсон. Нэг удаагийн цас оролтоор нэг дүүрэг газар нутгийнхаа хэмжээнээс хамаараад 2-4 тонн цас мөс хайлуулах бодис хэрэглэдэг. Давсыг бол 6-8 тонныг хэрэглэдэг. Тэгэхээр бусад дүүргүүд дээр нь аваад үзэх юм бол 200-300 орчим тонн давс, 150 орчим тонн бодис хэрэглэгдчихсэн байна.-Дүүргүүд тусдаа цас хайлуулах бодисын нөөцтэй байдаг уу?
-Дүүргүүдийн нөөц гэдэг маань нийслэлийн нөөц юм шүү дээ. Тэгэхээр миний саяын хэлсэн тоо бол дүүргүүдийн нэгдсэн дүнг л хэлж байгаа хэрэг. Тэрнээс биш Нийслэлийн захирагчийн алба тусдаа нэг саванд бодис нөөцөлчихсөн, дүүрэг нэг саванд тусдаа бодис нөөцөлчихсөн байдаг юм биш. Зарим иргэд ингэж ташаа ойлгоод байдаг. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй.-Тэрнээс гадна хотын замууд нийтдээ тийм ч аятайхан биш байна л даа. Тухайлбал, Сансарын тунель руу өгсдөг зам хальтиргаа ихтэйн улмаас суудлын тэрэгнүүд гарч чадахгүй байсан. Тэгэхээр яг хүний нүдэнд харагдахуйц төвийнхөө замд анхаарлаа хандуулчихаад бусад замаа орхигдуулаад байх шиг?
-Хуучин бол төвийн замыг анхаараад хотын захын замаа анхаарахгүй байна гэж асуудал үүсгэдэг байсан. Тиймээс энэ жилээс хотын төв болон захын замаа адилхан авч үзэхийг зорьж ажиллаж байна. Нэг талдаа хотын нийт зам талбайд давс, бодис тогтмол цацаж хэрэглэнэ гэдэг хүрэлцээний хувьд жаахан асуудалтай байсан л даа. Бүх зам талбайг хамарсан тэгээд өөрсдөө хангалттай хэмжээгээр тарааж цацахад нэлээн хүндрэлтэй асуудал гэдгийг бас иргэд ойлгох хэрэгтэй. Тиймээс хаана гулгаа байна тэр газрыг цас ороогүй байсан ч бага хэмжээгээр давс, бодис цацах ажлыг дүүргүүд дээр хийгдээд явж байгаа. Иргэд болон замын цагдаагийнхнаас мэдээлэл авч түүний дагуу ажиллаж байгаа.-Ингэж ажиллаж байгаа хэдий ч хальтиргаа гулгаа арилахгүй байгаа газрууд цөөнгүй байдаг. Энэ ямар учиртай юм бэ?
-Цас ороогүй ч гэсэн хальтиргаа гулгаа үүсээд арилахгүй байгаад байдаг шалтгаан нь хүйтний эрч буурахгүй байгаатай холбоотой. Дээр нь автомашинуудын яндангаас гарч буй ус байна. Энэ нь замд хальтиргаа үүсгэх гол эх үүсвэр нь болдог. Үүнийг ямар нэгэн байдлаар арилгах үндэс байхгүй. Яагаад гэхээр машины дулаан мотороос гарч байгаа агаар гадны хүйтэн агаартай холилдохоор тэртэй тэргүй гардаг зүйл. Энэ бол байнга зам дээр ус асгарч байна гэсэн үг. Тэгэхээр илүү өгсүүр газар болон уулзвар, сүүдэр газрууд дээр дээрх шалтгааны улмаас их хэмжээний хальтиргаа гулгаа үүсч байдаг. Тиймээс аль болох иргэд, албан байгууллагуудаас ирсэн санал хүсэлт, нийтийн тээврийн газраас гаргасан хүснэгтүүдийн дагуу тухайн газрууд дээр нь давс, бодис цацах ажлыг хийдэг.-Хамгийн сүүлд яг хаагуур цас мөс хайлуулах бодис цацав. Иргэдийн нүдэнд огт цацаж харагддаггүй л дээ?
-Хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн хэд хэдэн өгсүүр зам болон СХД-ийн хөтөл, Жанцангийн хэсэг дээр үүссэн гулгаан дээр цацсан байгаа. Бодис цацалтыг дандаа үүрээр эсвэл шөнийн цагаар хийдэг. Учир нь өглөөд хөдөлгөөний эрчим ихэсдэг. Тэр үед гулгаа ч их үүсдэг. Тиймээс хөдөлгөөн татарсан үед үүрээр эсвэл шөнийн цагаар хийдэг. Мөн машин, тэрэг явж байгаа үед цацахад явж байгаа машин техник рүү цацагддаг. Энэ асуудлаас болж жолооч нар гомдол их гаргадаг. Бодис цацалтыг хүмүүсийн унтах цагаар хийдэг учраас хүний нүдэнд тэр бүр харагдахгүй байх нь аргагүй. Иргэд бол явган хүний замаа цэвэрлэхгүй байгаад л бухимддаг хэрэг. Тэрнээс дүүргүүд өглөө бүр давс, элсээ цацаж байгаа. Угтаа албан байгууллагууд ойр орчмынхоо явган хүний 50 метр хүртэлх газрыг цэвэрлэх ёстой.-ТҮК-уудад танайхаас хяналт тавьдаг уу?
-Хяналт тавина. Байнгын жижүүр гаргаад мэдээллээ авдаг.-Өнгөрсөн жил цас хайлуулах бодис урд хөршөөс авч байсан. Энэ жилээс өөр газраас авахаар болсон гэж байсан?
-Өнгөрсөн жилийн хувьд урд хойд хоёр хөршөөс авч байсан. Энэ жилийн хувьд Оросоос авч байгаа. Ер нь бол цас хайлуулах бодис давсны нэг төрлийн химийн элемент. Гэхдээ давсыг бодвол зам дээр илүү удаан хугацаанд хадгалагдаж, хүйтэнд цас мөсийг арилгах чадвар сайн байдаг. Зарим хүмүүс химийн хорт бодис гэж ойлгоод байдаг. Тийм биш. Тэр үүднээсээ машин тэргэнд ямар нэгэн хор уршиг байхгүй гэж ойлгож болно.
Нийтлэлч
Н.Далай
Эх сурвалж
Нийгмийн толь
Н.Далай
Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.