"Бэлнээр олгох нэг сая төгрөгийг ирэх сараас тараана гэсэн төлөвлөгөөтэй байна"
2012.01.06

"Бэлнээр олгох нэг сая төгрөгийг ирэх сараас тараана гэсэн төлөвлөгөөтэй байна"

"Бэлнээр олгох нэг сая төгрөгийг ирэх сараас тараана гэсэн төлөвлөгөөтэй байна"
ТОВЧХОН
  • Хүний хөгжил сангаас нэг сая төгрөг өгөх нь хэмээн зарим иргэд бичиг баримтаа эмхэлж яваа сурагтай.
  • Үүнээс үүдэж Үндэсний төв архив зэрэг газруудын ачаалал ихсэж байгаа талаар архивчид хэлж байлаа.
Хүний хөгжил сангаас нэг сая төгрөг өгөх нь хэмээн зарим иргэд бичиг баримтаа эмхэлж яваа сурагтай. Үүнээс үүдэж Үндэсний төв архив зэрэг газруудын ачаалал ихсэж  байгаа талаар архивчид хэлж байлаа. Тэгвэл энэ мөнгийг хэзээ, яаж өгөхийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Халамжийн хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс тодрууллаа.

-Цагаан сараас өмнө Хүний хөгжил сангаас иргэн бүрт нэг сая төгрөг өгнө гэх юм. Үнэн үү?
-Иргэн бүрт өгөх нэг сая төгрөг 2012 оны төсөвт ороод батлагдчихсан. Тэгэхээр олгох нь ойлгомжтой. Гэхдээ одоогийн байдлаар энэ мөнгийг олгож эхлэх шийдвэр хараахан гараагүй байна.

-Яагаад гарахгүй байгаа юм бол?
-Хэрхэн, яаж өгөх журам тодорхой болоогүй байна. Одоогийн мэдээгээр өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг бэлнээр, үлдсэн хүмүүст хувьцаа хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн байгаа. Энэ мөнгийг ирэх сараас эхлэн тараана гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Хэрэв хувьцаа авахгүй бэлэн мөнгө авна гэвэл яах вэ?
-Төсөв батлагдах үед Сангийн сайд хувьцаагаа эсвэл нэг сая төгрөгөө бэлнээр нь авах нь тухайн хүний эрх болохыг тодорхой ярьсан. Бидэнд одоо түүнээс илүү мэдээлэл алга.
Ямартай ч Хүний хөгжлийн үндэсний хороо байгуулагдах байх.
Хорооны ажлын хэсэгт Ерөнхий сайд С.Батболд болон Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Т.Ганди нар орно гэж дуулсан. Бусдыг нь сайн мэдэхгүй байна. Засгийн газраас Хүний хөгжлийн үндэсний хорооны гишүүдийг томилох байх.

-Иргэнд нэг сая төгрөгийг олгохдоо орон сууцны зээл, эрүүл мэндийн даатгал, эмнэлгийн үйлчилгээнд ашиглаж болно гэсэн. Энэ талаар тодруулаач?
-Орон сууцны зээл болон эрүүл мэндийн үйлчилгээндээ шилжүүлж болно гэсэн хуулийг өнгөрсөн онд гаргасан л даа. Гэхдээ энэ жилийн төсөвт орон сууцны зээл болон эрүүл мэндийн үйлчилгээг оруулаагүй байгаа. Тэгэхээр орон сууцны зээлд Хүний хөгжил сангаас олгох нэг сая төгрөгийг зарцуулах ямар ч боломжгүй. Ер нь энэ хувьцааны асуудлыг ганц нэг байгууллага дангаараа шийдчих асуудал биш. Төрийн олон байгууллагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж байж л хийх том ажил шүү дээ.
Нийтлэлч
Д.Бат
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.