Цахим үнэмлэхийг нэгдүгээр сарын сүүлчээр хэвлэж эхэлнэ
- УИХ-ын Төрийн бай¬гуулалтын байнгын хо¬роо, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Д.Дон¬дог, Ж.Батсуурь, Д.Оюун¬хорол нар өчиг¬дөр Улсын бүртгэлийн ерөнхий га¬зарт очиж ца¬хим үнэмлэхний ажлын явцтай танилцлаа.
- Улсын бүртгэлийн ерөн¬хий газар нь иргэний үнэмлэхийг цахим үнэм¬лэ¬хээр солих бэлтгэл ажлыг хангаад үндсэндээ дуусчээ.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Д.Дондог, Ж.Батсуурь, Д.Оюунхорол нар өчигдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт очиж цахим үнэмлэхний ажлын явцтай танилцлаа. Танилцах ажлын эхэнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга С.Энхбаатар 2010 онд эхлүүлсэн шинэчилсэн бүртгэлийн ажлын явц, үр дүнгийн талаар мэдээлэл хийв. Энэ хугацаанд Монгол Улсын нийт насанд хүрсэн иргэдийн 98 хувь буюу нэг сая 925 мянга 772 иргэн шинэчилсэн бүртгэлд хамрагджээ. Тэгэхээр одоо цахим иргэний үнэмлэх хэвлэх ажилд саад байхгүй талаар тэрээр онцлов. Учир нь шинээр олгох цахим үнэмлэхний гол ажил нь иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулах байсан гэнэ.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог төгөлдөржүүлэх ажил ямар шатандаа явж байна вэ. УИХ болон орон нутгийн сонгуулийн дараа амьгүй албат гэдэг шиг бусдын иргэний үнэмлэхээр давхардаж санал өгсөн, мөн нас барсан хүмүүсийн бичиг баримтаар сонгуулийг будлиантуулсан зэрэг олон маргаантай асуудал гардаг. Түүнээс гадна өөр хүний гадаад паспорт буюу регистр, овог нэрийг ашиглаж өөрийнхөө зургийг наагаад гадаадад зорчих асуудал ихээхэн гардаг. Өнгөрсөн 2010 оны намар Австри улсад монгол иргэн нас барлаа гэх мэдээллийг хэвлэлээс харсан. Тухайн үед талийгаачийн аав, ээж нь Австри руу явах гэтэл хүүхэд нь өөр хүний паспорт ашиглаад явсан байсан. Энэ мэт асуудал цаашид давтагдахгүй гэх баталгаа байна уу" хэмээн асуусан юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга С.Энхбаатар "Иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар бусдын бичиг баримт ашиглан сонгуульд санал өгөх, гадаад улсад зорчих асуудал үндсэндээ зогсоно гэж ойлгож болно. Ийм төрлийн зөрчлийг үгүй хийхийн тулд иргэдийг шинэчилсэн бүртгэлд хамруулж цахим үнэмлэх олгохоор ажиллаж байна. Өмнө нь бусдын бичиг баримтаар сонгууль будлиантуулах, гадаад улсад зорчих үзэгдэл гарч байсныг үгүйсгэхгүй" гэж хариулав.
Улсын бүртгэлийн ерөнхий газар нь иргэний үнэмлэхийг цахим үнэмлэхээр солих бэлтгэл ажлыг хангаад үндсэндээ дуусчээ. Энэ сарын 16-наас цахим үнэмлэхийг хэвлэх туршилт эхлэх юм байна. Одоогоор үнэмлэх хэвлэх тоног төхөөрөмжөө суурилуулах ажил хийгдэж байгаа аж. Хэрэв туршилтын хугацаанд ямар нэгэн бэрхшээл гарахгүй бол нэгдүгээр сарын сүүлээр иргэдийн үнэмлэхийг хэвлэж эхлэх гэнэ. Цахим үнэмлэх үйлдвэрлэх зардлыг улсын төсвөөс гаргаж байгаа тул иргэдэд үнэ төлбөргүй тараах ажээ.
Ингээд тус газрын Мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбатаас цөөн асуултад хариулт авснаа хүргэе.
-Цахим иргэний үнэмлэх хэвлэх машин хэр найдвартай ажиллах вэ?
-Цахим үнэмлэх нь орчин үеийн стандарт шаардлагуудыг хангасан олон нууцлалтай. Дээрээс нь олон төрлийн мэдээлэл хадгалсан ялтастай. Үүнтэй уялдаад хэвлэх машин нь хамгийн сүүлийн үеийн технологийг өөртөө агуулсан өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж байгаа. Энэхүү тоног төхөөрөмжийг Америкийн "Data" компаниас оруулж ирсэн.
-Шинээр нэвтрүүлж буй тоног төхөөрөмж нэг цагт хичнээн цахим үнэмлэх хэвлэх боломжтой вэ. Одоо хэрэглэж байгаа иргэний үнэмлэхийг хэвлэдэг машин болхи, чанар муутай гэх зэргээр ихээхэн хэл ам дагуулдаг байсан?
-Өмнөх машин гар ажиллагаа ордог байсан болохоор цаг хугацааны хувьд удаан байсан. Мөн хуурамчаар хийхэд бараг боломжтой гэж хэлж болохоор, технологи нь хуучирсан. Шинэ машины бүх үйлдэл нь бүрэн автоматжсан байгаа. Тодруулбал, эхний шатнаас төгсгөлийн шат хүртэл хүний гар оролцохгүй гэсэн үг. Дотор нь орж байгаа нууцлалд нь хэр хэмжээтэй мэдээлэл бичигдэхээс хамаараад хэвлэх хурд нь өөр өөр байдаг. Манай улсын иргэний үнэмлэхний загвар шийдэл гарсан учир нэг машин хоёр секунд тутамд хоёр үнэмлэх хэвлэх боломжтой.
-Яг хэзээнээс хэвлэж эхлэх вэ. Сонгуулийн өмнө иргэд цахим үнэмлэхээ авсан байх ёстой. Тэгэхээр иргэд сонгуулиас өмнө амжиж авч чадах уу?
-Энэ сарын 16-нд туршилтын хэвлэлтүүд хийгдэж эхэлнэ. Ямар нэгэн хүндрэл гарахгүй бол нэгдүгээр сарын сүүлээр иргэдийн үнэмлэхийг хэвлэж эхэлнэ. Үйлдвэрийнхээ хүчин чадлыг тооцоолж үзэхэд хоёр сая үнэмлэхийг нэг сарын дотор хэвлэх боломжтой. Олголт нь мөн адил зэрэг явж байх тул дөрөвдүгээр сараас өмнө иргэдэд олгоод дуусах төлөвлөгөөтэй байгаа.
-Иргэдийг шуурхай хамруулахын тулд ямар ажил зохион байгуулж байгаа вэ?
-Бид гол ажлаа хийсэн. Цахим үнэмлэх дээр орох тухайн иргэнтэй холбоотой мэдээллийг өнгөрсөн хугацаанд хийгдсэн иргэний шинэчилсэн бүртгэлээр авсан байгаа. Одоо зөвхөн хэвлэсэн үнэмлэхээ хороодод тараах ажил үлдлээ. Тэгэхээр иргэд хороон дээрээ хуучин үнэмлэхээ барьж очоод цахим үнэмлэхээ авахад л болно. Иргэд өөрсдөө санаачлагатай байгаасай гэж хүсч байна гэв.
Өдрийн сонин