Египетэд парламентын сонгууль болж байна
- Египетийн парламентын доод танхим болох Ардын ассамблейн гишүүдийг сонгох гурав дахь шат¬ны сонгууль эхэллээ.
- . Сонгууль хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нийт есөн мужид санал хураалтын хэсэг ажиллаж байна.
Египетийн парламентын доод танхим болох Ардын ассамблейн гишүүдийг сонгох гурав дахь шатны сонгууль эхэллээ. Сонгууль хоёр өдөр үргэлжлэх бөгөөд нийт есөн мужид санал хураалтын хэсэг ажиллаж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард египетчүүд төрийн эрхэнд 30 гаруй жил болсон Ерөнхийлөгч Х.Мубаракийг огцруулснаас хойш анх удаа ийнхүү парламентын сонгуулийг явуулж байгаа юм. Эрх барьж буй Цэргийн дээд зөвлөл уг сонгуулийг гурван үе шаттай явуулахаа мэдэгдсэн.
Эхний сонгууль арваннэгдүгээр сарын сүүлээр болж, хоёр дахь шатных нь арванхоёрдугаар сарын эхээр болсон юм. Урьдчилсан дүнгээр дээрх сонгуулиудад "Лалын ахан дүүс", "Эрх чөлөө нам", хэт консерватив үзэлтэй "Нур" намууд давуу саналаар ялалт байгуулаад байгаа аж. Парламентын доод танхимын гишүүдийг сонгосны дараа египетчүүд дээд танхим болох "Шурын зөвлөл"-ийн гишүүдийг сонгох юм. Тус сонгууль мөн хоёр шаттай явагдана. Эхнийх нь нэгдүгээр сарын 29-30-нд хоёр дахь шатных ирэх хоёрдугаар сарын 14-15-нд явагдана.