“Нарны гүүр”ирэх наймдугаар сард ашиглалтад орох гэнэ
- Япон улсын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа "Нар-ны гүүр"-ийг ашиглалтад орвол хотын замын түгжрэл эрс багасна гэсэн тооцоо байдаг.
- Барс захын зүүн талд урдаас хойшоо чиглэлтэй үлэмж хэмжээний гүүр босоод багагүй хугацаа өнгөрлөө.
Япон улсын буцалтгүй тусламжаар баригдаж байгаа "Нар-ны гүүр"-ийг ашиглалтад орвол хотын замын түгжрэл эрс багасна гэсэн тооцоо байдаг. Барс захын зүүн талд урдаас хойшоо чиглэлтэй үлэмж хэмжээний гүүр босоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ оны сүүлчээр ашиглалтад орох товтой гэдэг ч сонгуулиас өмнө гүүрийг ашиглалтад оруулж магадгүй гэсэн яриа гараад удаж байгаа билээ. Уг гүүр чухам хэзээнээс нээгдэх талаар Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Бодлогын газрын ахлах мэргэжилтэн Х.Ганболдоос тодрууллаа.
-"Нарны гүүр" чухам хэзээ ашиглалтад орох вэ. Ер нь сонгуулиас өмнө ашиглалтад орчих болов уу гэсэн яриа иргэдийн дунд байна. Энэ хэр үнэний ортой вэ?
-Гэрээний дагуу 2012 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох ёстой. Гэвч хугацааг нь аль болох наашлуулж, ирэх наймдугаар сард гүүрээ ашиглалтад оруулахаар бид төлөвлөчихөөд байна. Сонгуулиас өмнө энэ гүүрийг ашиглалтад оруулах ямар ч боломж байхгүй. Замын ажил цаг агаарын нөхцөл байдлаас хамааралтай учраас байгалийн нөхцөл байдлаас болж ажил саатдаг. Тийм учраас "Нарны гүүр"-ийг сонгуулиас өмнө ашиглалтад оруулах боломжгүй.
-Уг нь энэ гүүр баригдчихвал Улаанбаатар хотын замын түгжрэл хичнээн хувиар буурах тооцоо байгаа вэ?
-Нарийн тооцоо хэлэхэд хэцүү л дээ. Мэдээж тодорхой хэмжээгээр түгжрэл буурна. Хотын хойд хэсгийг холбосон гарцуудын ачаалал шууд багасна. Энхтайвны гүүрний түгжрэл эрс буурна гэж үзэж байгаа. Түүнчлэн Хан-Уул дүүргээс болон хотын баруун хойд талаас зорчиж байгаа тээврийн хэрэгслүүд "Нарны гүүр"-ээр зорчих боломжтой болно. Мөн Энхтайвны гүүр, Чингэсийн өргөн чөлөөний ачаалал багасна гэж үзэж байгаа.
-Гүүрний барилгын ажилд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа вэ. Гүүрний гаднаас нь харахад барилгын ажил нь бараг дуусчихсан юм биш үү?
-"Нарны гүүр"-ийг Япон улсын буцалтгүй тусламжаар барьж байгаа. Ойролцоогоор гучин сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Гүүрний үндсэн хэсэг нь ерөнхийдөө дууссан. Одоо гүүрэн дээгүүр зорчих хэсгийн хучилтууд, хоёр талын туслах замын орц гарцыг хийж дуусаагүй байна.
-Гүүрийг барьж дуусгахад өөр ямар хүндрэл байна вэ?
-Шийдэгдээгүй асуудлууд байсан ч хотын захиргаа болон манай яам анхаарч ажиллаж, хөрөнгө гаргасны эцэст одоо ямар нэгэн тулгамдсан зүйл байхгүй болсон. Ноднин газар чөлөөлөхөөс эхлээд шугам сүлжээ зайлуулах зэргийн хүндрэлтэй асуудлууд байсан. Тэр бүхнийг тухай бүрт нь шийдсэн байгаа.
Р.Болортуяа
Эх сурвалж
Өдрийн сонин