Тусгаар тогтнолын өдрийг төрийн хэмжээнд ёслол хүндэтгэлтэй тэмдэглэв
- Монгол Улс үндэсний эрх чөлөөгөө батал¬гаа¬жуулсны 100 жилийн ой өнөө жил тохиож, өнгөр¬сөн арванхоёрду¬гаар са¬рын 29-ний өдөр тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэсэн билээ.
- Энэ өдрийн үйл үйл ажиллагаа Төрийн там¬га¬тай хөшөөнд цэцэг өргөх ёслолоор үргэлжилсэн юм.
- Төрийн гурван өндөрлөг болон УИХ, Засгийн газрын гишүүд цөм энэхүү ёслолд оролцсон юм.
Дипломатуудад цол олголоо
Монгол Улс үндэсний эрх чөлөөгөө баталгаажуулсны 100 жилийн ой өнөө жил тохиож, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-ний өдөр тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэсэн билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олон жил ажилласан дипломатуудад шагнал гардуулснаар энэ өдрийн арга хэмжээ Төрийн ордонд үргэлжилсэн юм. Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан "Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд" цол, алтан гэрэгэгээр ахмад дипломатч Д.Лувсанринчин, Б.Орсоо, Г.Дашдаваа, Л.Удвал, Б.Нямаа, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Я.Батсуурь, Элчин сайд асан Ш.Гунгаадорж нарыг шагналаа. Харин Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Төрийн дипломат ёслолын газрын захирал Р.Алтангэрэл, Гэрээ эрх зүйн газрын захирал Ч.Баттөмөр, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү, Австрали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж, Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гэрэл, НҮБ-ын Женев дэх салбар олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Л.Оргил, байнгын төлөөлөгч асан Д.Болдбаатар нарт Онц өгөөд Бүрэн эрхт Элчин цол олгож, мөнгөн гэрэгэ гардуулав.
Ш.Гунгаадорж: Юуны өмнө баяртай байгаагаа хэлье. Түүхт ой давхацсан эрхэм өдөр нэр хүндтэй шагнал гардсандаа баяртай байна. Би зургаан жилийн турш БНАСАУ, БНКУ-д Элчин сайдаар ажилласан. Дипломат албаны ажлыг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж төр үнэлээд энэ шагналыг өглөө гэж бодож байна. Г.Занданшатар: Монгол Улс тусгаар тогтносноо сэргээн зарласнаас хойш нэг зуун өнгөрчээ. Богд хаан зарлиг гарган таван яам байгуулж, цогтой эх оронч Чин ван Ханддоржоор гадаад хэргийн яамыг хариуцуулж, тусгаар тогтнолын баяраа улс орон даяараа тэмдэглэсэн түүхтэй. Энэ сайхан баярын өдөр ийм цол авч байгаадаа туйлын их баяртай байна.
Тамгатаа хөшөөнд цэцэг өргөв
Энэ өдрийн үйл үйл ажиллагаа Төрийн тамгатай хөшөөнд цэцэг өргөх ёслолоор үргэлжилсэн юм. Төрийн гурван өндөрлөг болон УИХ, Засгийн газрын гишүүд цөм энэхүү ёслолд оролцсон юм. Монгол дээл, гутлаар гоёсон байлаа. Дараа нь тэд Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрт тулганы гал бадраах ёслолыг хийсэн юм. УИХ-ын гишүүн Н.Батбаяр энэхүү үйлийг санаачилж, төрийн гал тахих ёслолыг өөрөө гардан хийжээ. Уг ёслолд эмэгтэй хүн байх ёсгүй гэнэ. Тийм учраас дотогшоо нэг ч эмэгтэйг нэвтрүүлээгүй юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан ирж ая дуугаа өргөж. Дуулж дууссаныхаа дараа дээлийнхээ захыг урж, цаашдаа хэзээ ч захтай дээл өмсөхгүй хэмээн ам тангараг өгсөн гэнэ. Учир нь захгүй дээлтэй монголчууд Манжийн дарлалын үед захтай дээл өмсдөг болсон хэмээн цээрлэж байгаа нь тэр аж.
Хөдөлмөрийн баатар, ардын цолтнууд мэндэллээ
Үдээш хойш Ерөнхийлөгч төрийн дээд цол, шагналаар олон хүнийг урамшуулсан юм. Түүний зарлигаар Б.Пунцаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн юм. Тэрээр зам барилгын салбарт 53 жил ажиллажээ. Ардын багш цолоор Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ЕБС-ийн Физик, математикийн зөвлөх багш Б.Банзрагч шагнуулсан бол Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн хүүхдийн дотрын зөвлөх эмч Д.Малчинхүү Ардын эмч боллоо. Гавьяат багш цол тэмдгээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ЕБС-ийн багш Д.Доржготов энгэрээ мялааж, Төв аймгийн Хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газрын агрономич Ж.Сүрэнхорлоо гавьяат агрономич болсон юм. Улаанбаатар төмөр замын ахмад ажилтан Ж.Нямаа гавьяат тээвэрчин, Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн улсын нисэхийн хэлтсийн дарга Б.Дашаахүү гавьяат нисгэгч цолоор шагнуулав. Говь-Алтай аймгийн Бигэр сумын сум дундын эмнэлгийн мэс заслын зөвлөх эмч Т.Шатарбал, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын эмнэлгийн эмч Ц.Дэнсмаа нар гавьяат эмч цолтон боллоо. Гавьяат эдийн засагч цолоор Ховд аймгийн Ховд сумын ахмадын хорооны дарга, ахмад статистикч А.Шайзан, Сангийн сайд асан А.Базархүү, УИХ-ын гишүүн Х.Баделхан нарыг шагнав. УИХ-ын гишүүн Б.Батбаяр, "Говь" ХК-ийн сүлжмэлийн нэгдүгээр үйлдвэрийн сүлжигч Б.Оюун-Эрдэнэ нар аж үйлдвэрийн гавьяат ажилтан болов. Энэ өдөр дөрвөн гавьяат жүжигчин мэндэлсэн юм. "Улаанбаатар" чуулгын дуучин Д.Ширмэнтуяа, Баянзүрх дүүргийн Соёлын төвийн захирал, "Өргөө" хамтлагийн дуучин С.Бархас, Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгын дуучин Г.Ариунбаатар, Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын дуучин Н.Дугар нар ийнхүү гавьяатын тэмдгээр энгэрээ мялаав. Тэгвэл гавьяат тамирчин цолоор Монголын Паралимп, хөнгөн атлетикийн холбооны тамирчин Ж.Лхагважав, Сэр-Од нар шагнуулсан бол гавьяат холбоочин цолоор ХХЕГ-ын Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн захирагч, хурандаа Ц.Цэрэндорж шагнуулав. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго гавьяат хуульч, Соёлын төв өргөөний найруулагч Ё.Цэрэндолгор урлагийн гавьяат зүтгэлтэн болжээ.
Ахмад дипломатч, орчуулагч Т.Төмөрхүлэг, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Увс аймгийн салбар зөвлөлийн тэргүүн, ахмад сэтгүүлч Б.Норов, "Геомон" ХХК-ийн зөвлөх инженер, ая зохиогч Д.Машлай, шог зураач С.Цогтбаяр нар соёлын гавьяат зүтгэлтэн болов. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор ШУА-ийн гишүүн, академич П.Лувсандорж нар, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор БХЯ-ны Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн П.Батцэнгэл, "Алтан гадас" одонгоор Улсын клиникийн төв эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн сувилагч Ш.Намжаа, "Ардчилал" сонины эрхлэгч Ц.Цолмон нарыг, Хөдөлмөрийн хүндэт медалиар Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын цэцэгчин Д.Гэрэлийг урамшууллаа. Шагналаа гардуулсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Улс орныхоо үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээсний түүхэн хүндэтгэлт 100 жилийн ойн энэ өдөр, шинэ оны өмнөхөн төр, түмнээрээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлнэ гэдэг үнэхээр хосгүй баярт үйл явдал юм. Тусгаар тогтнол бол монголчуудын хоёр зуу гаруй жилийн урт удаан тэмцлийн үр дүн билээ. Тиймээс энэ түүхэн үйл явдлыг Монгол хүн бүр зүрх сэтгэлдээ мөнхөд дурсан хүндэтгэж, бахархан омогшиж явах ёстой. Ийм сайхан бахархалт үйл явдлын ойн өдөр өнөөдөр олон хүн төрөөрөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, өндөр дээд цол, одон медаль хүртэж байна.
Зуун жилд нэг тохиох ийм өдөр төр засаг, ард иргэдээрээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлнэ гэдэг бол хувь хүнд гайхамшигтай тохиол гэж би бодож байна. Олон хүн хөдөлмөрөө, гавьяагаа, авьяас зүтгэлээ үнэлүүлж байгаагийн дотор өнөөдөр олон жил хөдөлмөрлөж буй барилгачин Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Монгол Улсын хамгийн хөдөлмөрч хамт олны дотор хамгийн олон жил ажилласан хүн бол Бөпөөгийн Пунцаг гуай. Бүр 70-80-аад онд гавьяат цол хүртэж байсан, Монголдоо алдартай хөдөлмөрч, бүтээлч хүн байгаа юм. Ийм олон хүний төлөөлөл болж та өнөөдөр баатар гэсэн эрхэм цол гардаж авлаа. Олон жил нялх балчир үрсийн эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэж байгаа жирийн эмч олон бий. Жирийн ийм эмч нарыг төлөөлж Ардын эмч цолоор Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн хүүхдийн дотрын зөвлөх эмч Дашийн Малчинхүү гуай хүндэтгэл хүлээлээ. Тэрээр 45 жилийнхээ хөдөлмөрийг эрүүл мэндийн салбарт зориулахдаа сургалт-эрдэм шинжилгээ-эмчийн гурвалсан ажлыг чадамгай гүйцэтгэж байгаа туршлагатай эмч, багш, эрдэмтэн, зохион байгуулагч хүн юм.
Энэ зуун жилийн ойгоор олон зуун хүн гавьяа зүтгэлээ үнэлүүлж байгаа. Энэ бүхнийг төлөөлүүлж билэгт сайн өдөр, түүхт өдөр, зуун жилийн өмнө бидний өвөг дээдэс энэ газар шорооноо баярлаж, бахархаж, түмэн үеийнхээ энэ гайхамшигт эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээж байсан энэ өдөр ийм өндөр цол, шагналыг олгож байгаадаа би туйлын их баяртай байна. Ингээд энэ хүндэт алдар цолыг хүртэж авсан нийт иргэддээ, тэдний ойр дотны хүмүүст, тусалж дэмждэг хүмүүст, найз нөхдөд нь бүгдэд нь чин сэтгэлийн баяр хүргэе" гэсэн юм. Тусгаар тогтнолын өдрөөр Төрийн ордонд шагналын хур тасраагүй билээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болох УИХ-ын дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ, Х.Тэмүүжин, Ц.Баярсайхан, Сангийн сайд С.Баярцогт, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар Үндэсний эрх чөлөөний одонгоор энгэрээ мялаасан юм.
МАХН-ынхан чингэсийн хөшөөг хүндэтгэв
Үндэсний эрх чөлөөний хувьсгал мандсаны 100 жилийн ойг тохиолдуулан МАХН-ынхан Чингэс хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм. Тэндээсээ хөдөлж Богд хааны ордон музейд зочилж, үзмэрүүдийг сонирхов. Энэ бэлгэтэй өдөр Хуримын ордны хойно байрлах намынхаа байрыг тэд нээлээ.
Байнгын хороодын хуралдаан хойшлов
Арванхоёрдугаар сарын 30-ны өдөр УИХ-ын чуулган хуралдсангүй. Харин дөрвөн байнгын хороо хуралдах товтой байсан юм. Үүнд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Эдийн засаг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Төсвийн байнгын хороо багтаж байв. Харин тус байнгын хороодоос зөвхөн Төсвийн байнгын хорооны ирц бүрдэж хуралдаанаа явуулсан юм. Хурлаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжив. Төсөлд дурдахдаа Ойн нөхөн сэргээлт, газар тариалангийн салбарт ашиглах техник технологийг НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг гол болгосон байв. Учир нь 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нд өмнө нь мөрдөж байсан энэ чиглэлийн хуулийн үйлчлэлийн хугацаа дуусах байжээ. Тиймээс уг хуулийн төслийг 2016 он хүртэл сунгаж мөрдөх асуудал энэ үеэр хөндөгдөв. Ер нь хуулийн төслийг байнгын хорооны гишүүд эхнээсээ дэмжиж байлаа. Харин ганцхан зүйлээс болгоомжлох хэрэгтэй гэдгийг гишүүд сануулж байсан юм. Энэ нь Монгол Улс татвараа тэглэлээ гэхэд манайд техник хэрэгсэл нийлүүлэгч орон барааныхаа үнийг нэмэх магадлалтай гэдэг асуудал байв. Хэдийгээр ийм болгоомжлол байсан ч хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэсэн байнгын хорооноос гаргасан томъёоллоор санал хураалт явуулахад дэмжсэн юм.
Гадаад паспортыг цахим хэлбэрт шилжүүлнэ
Энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Гадаад харилцааны сайд Г.Занданшатар бараалхав. Тэрээр Монгол Улсын иргэний гадаад паспортыг цахим болгосон тухайгаа танилцуулав. Гадаад паспортыг ийн цахим хэлбэрт шилжүүлсэн нь шинэчлэгдэн батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал зэрэгт нийцүүлж, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилготой ажээ. Түүнчлэн гадаад паспортын нууцлалыг нэмэгдүүлснээр хуурамчаар үйлдэх боломжийг бүрэн хаах гэнэ. Уг паспортыг өнөө жил хэрэглээнд оруулах бөгөөд паспорт нь хүний нүүрний байдал, гар хуруу болон нүдний хээ зэрэг дахин давтагдашгүй мэдээллийг агуулдгаараа онцлог юм байна. Мөн 27 нууцлалтай гэдгийг ч энэ үеэр дуулгасан.
Я.Мөнгөн
Эх сурвалж
Өдрийн сонин