Дипломат албаныхан түүхээ дэлгэв
2011.12.20

Дипломат албаныхан түүхээ дэлгэв

Дипломат албаныхан түүхээ дэлгэв
ТОВЧХОН
  • Уран зургийн галерейд орчин цагийн дипломат алба байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын гадаад харилцаа 1911-2011” үзэсгэлэн нээлтээ хийв.
  • Тус үзэсгэлэнд түүхийн торгон агшныг харуулсан ховор нан¬дин 140 гаруй гэрэл зургийг дэл¬гэн үзүүллээ.
  • Орчин үеийн дипломат алба байгуулагдаад 100 жил болжээ.

Уран зургийн галерейд орчин цагийн дипломат алба байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын гадаад харилцаа 1911-2011” үзэсгэлэн нээлтээ хийв.

Тус үзэсгэлэнд түүхийн торгон агшныг харуулсан ховор нан­дин 140 гаруй гэрэл зургийг дэл­гэн үзүүллээ. Үзэсгэлэнг нээж УИХ-ын гишүүн ГХ-ийн сайд Т.Зан­дан­шатар үг хэлэв. Тэрбээр “200 гаруй жил Манжийн дарлал, ноёрхолд нэрвэгдсэн ядуу буурай туйлдсан монголчууд ХХ зуунтай золгосон.

Энэ хүнд үед Монголын үе үеийн эх орончдын хүсэл зорилгын илэрхийлэл болсон 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаар тусгаар тогтнолоо сэргээн Богд хаант Монгол улсаа тунхаглан зарласан билээ.

Богд хаант Засгийн газрын анхны таван яам байгуулахад Га­даад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамыг Өрнө, Дорно, Төвийн гэсэн гурван газарт 40 орчим орон тоотой байгуулж анхны сайдаар нь Үндэс­ний эрх чөлөөний хувьсгалын цог­той удирдагчдын нэг Эрдэнэ дайчин хошой чин ван М.Ханддоржийг тэргүүн сайдаар тохоон томилсон байдаг.

Орчин үеийн дипломат алба байгуулагдаад 100 жил болжээ. Та бүхэнд 100 жилийн түүхтэй дипломат албаны түүхийг бичилцсэн үе үеийн дипломатуудын түүхэн торгон агшныг үзэх алтан боломж тохиож байна” гэлээ.

Тус үзэсгэлэнд Ерөнхий сайд Х.Чойбалсан АНУ-ын дэд ерөн­хийлөгч Хенри Уолсийг угтан авч байгаа нь Улаанбаатар 1944 он, Францад суралцаж байсан анх­ны Монголын оюутнууд баруун гараас Уртнасан, Т.Аюурзана, Ж.Дүгэрсүрэн, арын эгнээнд Намсрай, Мэргэн гүн Гомбожав. Ерөнхий сайд Т.Намнансүрэн­гийн Орост хийсэн айлчлалын бү­­­рэл­дэхүүнд багтсан Монголын төлөөлөгч өндөр Гонгор, Нанзад 1913 он, Цэргийн хээрийн сургууль 1940 оны Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, 1927 онд Германд суралцаж байсан оюутнууд.

Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ дахин илэрхийл­сэн ГЯЯ-ны сайд С.Аварзадын гарын үсэгтэй захидал. БНМАУ НҮБ-ын гишүүн болж НҮБ-ын төв байр­ны өмнө төрийн далбаагаа мандуулж буй алтан агшин олны сонирхлыг ихэд татаж байв. Энэ үеэр орчин үеийн дипломат албаны түүхийн хуудсыг бичилц­сэн зарим ахмад дипломатчидтай уулзаж тэдний сэтгэгдлийг сонссон юм.

Онц бөгөөд бүрэн эрхт элчин Т.Чимиддорж:

-1963 онд ЕБС төгсч. Москвад Олон улсын харилцааны сургуульд суралцаж төгссөн. Тэр цагаас хойш 36 жил ГХЯ-тай холбогджээ. Хамгийн анх хэлмэрчээр Гвинейд томилогдож очиж байлаа. Фран­цын колоноос чөлөөлөгдсөн улс л даа. Дараа нь Францад 6 жил, Лаост 3 жил, дахин Парист 6 жил ЮНЕСКО-д олон улсын түшмэлээр ажилласан. Хамгийн сүүлд 1990 онд БНЭУ-д Элчин сайдаар томилогдож 5 жил болсон доо.

Тэр үед Шри-Ланк, Бирм, Банг­ладешыг хавсран суудаг байлаа. Монгол, Лаосын харилцаа их дотно байсан юм шүү. Манай улс Лаост хоёр том обьект барьж өгсөн байдаг. Синкон аймгийн төвд эмнэлэг барьж өгсөн. Түүнээс 50-60 км-ийн зайд хонь, ямааны аж ахуй барьж өгсөн. Эмнэлэгт нь манай залуу эмч нар очиж дадлага хийдэг. Халуун орны 37, 38 төрлийн вирусээр халдварладаг өвчнийг манай залуу эмч нар судалж мэргэжиж байсан.

Энэтхэгт элчин сайдаар ажил­лаж байхад Монгол Улсын ерөн­хийлөгч П.Очирбат албан ёсны айлчлал хийсэн. Соня Ганди манай улсад ирж сургууль байгуулж өгсөн юм шүү. Энэтхэг Монголын хоорондын харилцаа “Оюун санааны хөрш”  гэсэн сайхан уламжлалтай байсан.

Монгол, Энэтхэгийн харилцаа бүр 5-7 мянган жилийн түүхтэй гэж Энэтхэгийн эрдэмтэд судалж тогтоосон байна лээ. Саяхан болтол 2-3 мянган жилийн түүхтэй гэж бодож байлаа.

Онц бөгөөд бүрэн эрхт элчин, ахмад дипломатч Д.Бямбаа:

-Би Гадаад харилцааны албанд 1960 онд орсон. Тэр жилдээ Аф­рикийн Гвиней улсад элчин сай­дын яам нээж орчуулагчаар явж байлаа. 4 хүн явсан. Элчин сайд Очирбат, хоёрдугаар нарийн бич­гийн дарга Цэрэнцоодол, атташе Буд, орчуулагч миний бие. Африкт анх удаа монгол хүн очиход хүнд байсан шүү. Их халуун, сонин. Шинэ залуу тусгаар тогтносон улс.

Манайхаас түрүүнд НҮБ-д ги­шүүнээр элсчихсэн байлаа. Манай улс Гвинейтэй дипломат харилцаа тогтоосон 4 дэх орон. Манайхыг 1961 онд НҮБ-д элсэхэд Африкийн шинэ залуу тусгаар тогтносон, ул­сууд манай улсыг маш их дэмжиж байсан. Тэр дэмжлэг тухайн үед үнэхээр чухал байж билээ. Би Аф­рик, Польш, БНАСАУ-д 1967-1969, 1978-1981 онд тус тус ажилласан. Москвад 5 жил, дахиад БНАСАУ-д 1995-2001 онд Элчин сайдаар то­милогдож ажилласан.

Миний нэг бахархал бол 1962 онд Монгол Улсыг ЮНЕСКО-гийн гишүүн болгоход төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан явдал. Төлөө­лөгчдийн тэргүүнээр зохиолч, ардын жүжигчин, төрийн шагналт Э.Оюун гуай явсан. Ирэх жил Монгол Улс ЮНЕСКО-д гишүүн болсны 50 жилийн ой тохионо.

Онц бөгөөд бүрэн эрхт элчин Л.Удвал:

-Монгол Улсын түүхэнд Гадаад харилцааны алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг өргөн тэмдэглэж байна. Миний зүгээс дипломат албанд 1972 -2009 он хүртэл зүт­гэжээ. Энэ хугацаанд шууд болон хавсран суугаа 10 гаруй улсын хилийн дээс алхсан байх юм. Хоёр улсад элчин сайдаар томилогдож ажилласан. Төр засаг маань энэ ажлыг үнэлж “Онц бөгөөд бүрэн эрхт элчин” хэмээх цол хэргэм хайрласан. 100 жилийн ойдоо зүгээр суусангүй, Монгол Улсын гадаад харилцааны түүхийг бичилцэхэд хувь нэмрээ орууллаа. “Монголын дипломат төлөөлөгчдийн газруудын түүх” ном бичсэн.

Мөн Монголын дипломатчдын үе үеийн түүх дурсамжийг нэгтгэн гаргадаг “ Алтан аргамж” цувралын 6 дугаарыг редакторлав. Нийт­лэлийн уралдаанд амжилттай орол­цож тэргүүн байр эзэллээ.

Ер нь дипломатч хүний хувьд газар газрын хүнтэй уулзаж олон улс оронд явж байхад дурсагдах зүйл их тохиолддог. Хамгийн дурс­галтай нь Монгол Улсын элчин сайд харийн гүрний төрийн тэргүүнд итгэмжлэх жуух бичгээ бариад гарч ирээд хүндэтгэлийн тавцанд зогсож байхад монгол хүн болж төрснөөрөө бахархаж, омогшдог.

1994 онд Германд Монгол Ул­сын ерөнхийлөгчийн зарлигаар элчин сайдаар томилогдож очоод итгэмжлэх жуух бичгээ барьчихаад ерөнхийлөгчийн орд­ны хүндэтгэлийн тавцанд зогсож байхдаа анх “Монголын дипломатч” шүлэг буусан. Тэр шүлгээ олон жил бодож бодож энэ жил шүлэг болгосон. Тэр шүлэг маань танай “МОНЦАМЭ мэдээ “сонинд нийт­лэгдсэн дээ.

Монгол гүрнийг төлөөлж суугаа хүн гэдэг чинь хариуцлага, бахархал хоёрыг үүрч явдаг юм даа.

Нийтлэлч
Д.Догсмаа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.