Бүлгүүд үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг ярилцав
- УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүд өчигдөр хуваарь ёсоор хуралдлаа. Хоёр бүлэг аль аль нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөнджээ.
- Эл төслийн хүрээнд Засгийн газрын гишүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэж зааж өгчээ.
УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүд өчигдөр хуваарь ёсоор хуралдлаа. Хоёр бүлэг аль аль нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөнджээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Эл төслийн хүрээнд Засгийн газрын гишүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэж зааж өгчээ. Үүнийг бүлгийн гишүүд дэмжсэн байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл тус бүлгийн гишүүдээс дэмжлэг хүлээжээ. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд сумын Засаг даргыг тухайн сумын иргэд нь сонгодог байх, багийн даргыг сумын Засаг дарга нь сонгодог байх. Харин аймгийн Засаг даргыг томилох нөхцөлд Ерөнхий сайд нь тухайн аймгийн ИТХ-ынхантай зөвшилцөж сонгодог байхаар зааж өгчээ. Ийм эрх зүйн орчинг өмнө нь бүрдүүлж өгөөгүйгээс өнгөрсөн хугацаанд орон нутагт улстөржилт газар авч, төрийн ажлыг цалгардуулж ирсэн гэж үзэж буй учраас ийм өөрчлөлт хийх цаг нь болсон гэж гишүүд үзжээ. Харин нийслэлийн тухайд бол арай өөр байх нь зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгтэй байгаа аж. Нийслэлд нийт хүн амын 45 хувь нь амьдарч байгаа учир ийм зохицуулалтыг шууд хийх цаг хугацаа хараахан болоогүй гэж үзжээ. Харин хороодын түвшинд байж болох юм гэж гишүүд үзсэн байна. Гэхдээ энэ асуудал энэ долоо хоногт хэлэлцэх Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх үед тодорхой болж ч болох юм.
Мөн тус бүлэг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Энэхүү төсөлд тусгаснаар энэ оны арванхоёрдугаар сарын 29-нийг нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баярын өдөр болгон хуульчлах гэж буй аж. Учир нь дээрх өдөр Монгол Улс тусгаар тогтнолоо баталгаажуулсны 100 жилийн ой тохиох тул бөх барилдуулж улмаар амжилт үзүүлсэн бөхчүүдэд Улсын баяр наадмын нэгэн адил цол олгохоор зааж өгчээ. Энэ нь тэгэхдээ нэг удаагийн арга хэмжээ байхаар тусгасан гэдгийг бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлсэн юм.
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн байна. Гэхдээ сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан байх ёстой гэж заасан байдаг тул хугацааны хувьд тун давчуу богино хоног үлдэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хувьд арванхоёрдугаар сард багтаан дээрх хуульд өөрчлөлт оруулж чадахгүй бол шинээр эмхлэн байгуулагдах парламент уг ажлыг гүйцэлдүүлэхээс аргагүй юм байна. Хуулийн төслөөр хоёр чиглэлийн өөрчлөлт оруулахаар эл төслийг мэдүүлжээ. Эхнийх нь, Засгийн газрын гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэсэн хязгаарлалтыг оруулж өгөхөөр тусгасан бол хоёрдугаарх нь, Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлгийн 60 дугаар зүйлтэй холбоотой дээр хэлсэн Засаг даргыг сумын нийт иргэд сонгодог байх бол багийн даргыг сумын Засаг дарга нь томилдог байх заалт юм.
Бүлгийн гишүүд нэгдүгээр өөрчлөлт болох Засгийн газрын гишүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэдэг заалтыг дэмжиж санал нэгдсэн байна. Мөн зарим гишүүд дээрх хязгаарлалтыг тавьж өгөх цаг нь болсон гэж байр сууриа илэрхийлсний зэрэгцээ “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнийг давхар хашиж байгаа нь Үндсэн хуулийн болон бусад хуулийн зарчим агуулгатай цаагуураа нийцэхгүй байгаа төдийгүй парламентын Засгийн газарт тавих хяналтыг сулруулж байна” гэдэг шүүмжлэлийг ч өрнүүлжээ. Харин Үндсэн хуулийн дөрөвдүгээр бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг бүлгийн гишүүд зөв гэж үзсэн ч зарим зүйл заалтыг нягтлах шаардлагатай гэж үзсэн юм байна. Бүлгийн даргын тайлбарласнаар бол уг төслийг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн хувьд ч “Эргэж ярих шаардлагатай. Энэ бол ердийн хууль биш, Үндсэн хууль. Хоёрдугаарт, энэ асуудал дээр Ерөнхийлөгчийн саналыг авъя. Түүний дараа сонсох нь зүйтэй байна. Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд Үндсэн хуулийн цэц саналаа өгөх ёстой. Орон нутгийн удирдлагуудын санал ирсэн байгаа. Түүнийг нягталж анализ хийх хэрэгтэй. Эл хуультай холбоотойгоор дагаж мөрддөг дөрвөн хууль бий. Тодруулбал, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай, Засаг захиргааны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн уялдаа холбоо, амьдрал дээр хэр нийцэж, зөрж байна вэ гэдгийг сайн судалж үзэх. Үүнийхээ дараа асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй” гэж үзсэн байна.
Монцамэ