Монгол улсын анхны таван яам 100 жилийн ойгоо тэмдэглэлээ
- Монгол Улс сүүлийн 100 жилийн хөгжлийн түүхэндээ Засгийн газрын бодлого, хэрэгжүүлэх зорилтоос хамааран 5-20 гаруй яамтай ажиллаж иржээ.
- Харин 2008 онд байгуулагдсан өнөөгийн хамтарсан Засгийн газар 11 яамтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Монголын шинэхэн түүхийн эхлэл болсон нэгэн зууны тэртээх үйл явдлыг үндэснийхээ ой санамжид нэхэн сэргээж, үеийн үед үл мартуулахын тулд туурга тусгаар Монгол Улсаа тунхаглан зарласан, төрийн тулгуур таван яам үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг Монгол Улсын Засгийн газар энэ сарын 17-нд тэмдэглэлээ.
Олноо өргөгдсөн Богд Хаант Монгол Улсын Засгийн газрын таван яам нь Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яам, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам, Сангийн хамаг хэрэг бүгд захиран шийтгэгч яам, Шүүх таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яам нэртэйгээр анхлан байгуулагдсан түүхтэй. Монгол Улс сүүлийн 100 жилийн хөгжлийн түүхэндээ Засгийн газрын бодлого, хэрэгжүүлэх зорилтоос хамааран 5-20 гаруй яамтай ажиллаж иржээ. Харин 2008 онд байгуулагдсан өнөөгийн хамтарсан Засгийн газар 11 яамтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Монгол Улсын анхны 5 яам байгуулагдсаны 100 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт Төрийн ордонд болж Хууль зүй, дотоод хэргийн яам, Батлан хамгаалах яам, Сангийн яам, Гадаад харилцааны яамны үе үеийн удирдагууд, ажилтан албан хаагчид оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож үг хэлэхдээ “Энэ зуунд бидний улс харь орны хараат, зах хязгаар муж байснаа тусгаар тогтносон, бүрэн эрхт улс шиг улс болж, төрт ёсоо сэргээн хөгжүүлж чадсан юм. Нэгэн зууны тэртээ үндэстний хувьд мөхөх сэхэхийн дэнсэн дээр байсан монголчууд бид эрх чөлөөнийхөө ачаар дахин сэргэж хүн ам тав дахин өсч, эрүүлжиж боловсорсон, соёлжиж иргэншсэн, хөгжиж буй үндэстэн болж байна. Дундад зууны мухар сүсэг, оюун санааны хоцрогдлыг даван туулж, бүх нийтээрээ бичиг үсэгтэй, орчин цагийн боловсрол, шинжлэх ухаан, урлаг, спорт, соёл мэдээллийг хөгжүүлэн, дэлхий дахинтай хөл нийлүүлэн алхах түвшинд хүрчээ. Нүүдлийн мал аж ахуйгаас хөдөө аж ахуй, газар тариалан, уул уурхай, аж үйлдвэр хослон хөгжиж байгаа, өмчийн олон хэвшил бүхий, эдийн засгийн түргэн өсөлттэй хөгжиж буй орон болж чадсан.
Монгол Улс, монгол үндэстэн хөгжлийн ийм бахархам ололт амжилтад хүрэхэд үе үеийн Засгийн газар, тэр дундаа анхны таван яамны гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр нэн чухал болохыг тэмдэглэн хэлэхэд таатай байна“ гэсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 399 дүгээр зарлигийн 2 дугаар зүйлд “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад шинэ цагийн ХЗДХ-ийн алба, Засгийн газрын ажлын алба /Шүүх яам, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яам/, БХЯ /Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яам/, Санхүү, эдийн засгийн алба /Сангийн хамаг хэрэг бүгд захиран шийтгэгч яам/, Дипломат алба /Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яам/ байгууллагдсаны 100 жилийн ойг тус тус тэмдэглэх нь зүйтэй хэмээн үзсүгэй” гэсэн нь анхны таван яамны түүхэн үүргийг тодотгосон хэрэг юм гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгэндээ онцлоод, эдгээр яамдын үйл ажиллагаа амжилт ололтыг тэмдэглэж, үе үеийн албан хаагч нарт нь баяр хүргэж, амжилт хүсэв.
Уг хүндэтгэлийн арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Сангийн сайд С.Баярцогт, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар мөн баяр хүргэж үг хэлсэн юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их хурлын дарга Д.Дэмбэрэл нарын мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Батттулга, УИХ-ын дэд дарга Н.Энхболд нар уншиж танилцууллаа.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээндээ “Таван яамаар түшиг тулгуур хийн өндийн боссон Монголын тусгаар төрийн туулж өнгөрүүлсэн 100 жил тэр бүр дардан шулуун байгаагүйг бид мэднэ. Хуудас бүрт нь монголчуудын алдаа, оноо шингэсэн мянга мянган боть бидний түүхэнд үлдэж хоцорсон. Тусгаар орших бүрэн эрхээ эдэлж, хэрэгжүүлэхийн төлөө 50 оныг үдэж энэ хугацаанд их гүрнүүдийн эрх ашгийн золиос болгон олон мянган хүнийхээ амь насыг алдаж, газар нутгаа огтлуулан, харь гүрний эрхшээл нөлөөнд орж явсан гашуун үе байхад, шинэ цагийн соёл боловсрол, эдийн засгийн хөгжлийн шав суурийг тавьж улс орноо дэлхийн нийтийн хөгжлийн чиг гольдрол руу оруулах эхний алхмуудыг хийн, тусгаар тогтнолоо дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон бахархам үе бас бий. Улмаар цагаан морин жил ард нийтээр түрхрэн хөдөлж дагуул орны хэмжээнд бусдын удирдлага жолоодлого дор төр улсаа засаж явсан гунигт үеийг халж, жинхэнэ ардчиллыг тугаа болгосон эрх чөлөөт Монголыг бид бас бий болгож чадлаа» гэжээ
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Анхны таван яам нь улс гэрээ төвхнүүлэхийн тулд ард түмнийхээ аж ахуйн санаачилгыг тэтгэх, ардын доторх эрдэм чадалтай хүмүүсийг язгуур угсаа харгалзахгүйгээр улс төрийн үйл ажиллагаанд оролцуулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг төгөлдөржүүлэх, өөрийн цэрэг, цагдаатай болох, иргэний сургууль, соёлын ажлыг хөгжүүлэх зэрэг шинэчлэлийн олон зүйлийг эхлүүлж чадсан байна. Мөн монголчууд төрт ёс, төрийн хуулийг дээдлэх түүхэн уламжлалтай бөгөөд энэхүү уламжлалаар өнөөгийн төрийн яамд, түүний албан хаагчид эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хуулийг чанд, албан үүргээ нэр төртэй, шударгаар биелүүлж байна. Цаашдаа ч төрийн яамдын ажилд соёл, дэг журам, ёс зүйг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, төрийн бодлого боловсруулах, иргэддээ үзүүлэх төрийн үйлчилгээг улам боловсронгуй болгон ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн мэндчилгээ ирүүлжээ.
Анхны таван яам байгуулагд¬саны 100 жилийн ойн баярын нэгдсэн хурлыг хааж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар үг хэлэхдээ “Бид түүхт ойгоо тэмдэглэх ажлын хүрээнд хуулиар хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Монгол төрийн шинэ үеийн Төрийн албаны түүхэнд холбогдох түүхийн дурсгал, соёлын өвийг сэргээх, хамгаалалтад авах, судалгаа шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэх, урлаг, соёлын бүтээлүүд туурвих, баримтат-уран сайхны кино бүтээх, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх зэрэг олон тодорхой ажлыг тус тусын чиглэлээр санаачлан хэрэгжүүлснийг хуралд баяр хүргэж үг хэлсэн хүмүүс онцлон тэмдэглэлээ. Мөн бидний хийж бүтээсэн ажлыг дүгнэн, цаашдын зорилтын талаар үнэтэй санал, зөвлөгөө өгч, урам хайрлалаа. Цаашид улам хичээн ажиллах болно” гэв.
Монцамэ