Агентлагуудыг нийслэлээс гаргана
2011.12.19

Агентлагуудыг нийслэлээс гаргана

Агентлагуудыг нийслэлээс гаргана
ТОВЧХОН
  • Нийслэлийн төвлөрлийг сааруулахын тулд их, дээд сургуулиудыг хотоос гаргахаар шийдвэрлэсэн бол энэ удаад агентлагуудыг нүүлгэх гэнэ.
  • Гэхдээ агентлагуудыг их, дээд сургуулиудтай адилтган үзэж болохгүй хэмээн зарим гишүүн эсэргүүцэв.
Нийслэлийн төвлөрлийг сааруулахын тулд их, дээд сургуулиудыг хотоос гаргахаар шийдвэрлэсэн бол энэ удаад агентлагуудыг нүүлгэх гэнэ.

Түүнчлэн Монгол Улсын нийслэлийг Хархорин руу шилжүүлэх саналыг ч чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд дэмжлээ. Өнөөдөр улсын хэмжээд Засгийн газрын 50 гаруй агентлаг ажилладаг аж. Хууль санаачлагч эрхэм гишүүн Э.Бат-Үүл зөвхөн нийслэл Улаанбаатарт Монголын иргэд төвлөрөх бус аймаг, сумдад тарааж төвлөрлийг сааруулж, агентлагуудыг хөдөө орон нутагт байршуулах талаар санал гаргасан нь энэ.

Гэхдээ агентлагуудыг их, дээд сургуулиудтай адилтган үзэж болохгүй хэмээн зарим гишүүн эсэргүүцэв. Үнэхээр ч агентлагуудын тал нь төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх үүрэгтэй. Гэтэл агентлагуудыг нийслэлээс холдуулах нь эргээд үйл ажиллагааны хамрах хүрээ хумигдаж, төрийн албыг цалгардуулах магадлалтай юм. Улмаар иргэдэд түргэн шуурхай үйлчилж байх ёстой агентлагууд үүргээ умартаж, ажлаа хойш тавиж мэдэхийг анхаарууллаа.

Түүнчлэн агентлагт дээд тал нь 50-иад хүн ажилладаг. Иймээс тэдгээр 50 хүн төвлөрлийг нэмэгдүүлж байна гэвэл өрөөсгөл гэж үзэх гишүүн ч байсан юм. Мөн гэнэтийн шаардлага гарч агентлагийн дарга нарыг дуудахад цаг хугацаанаас эхлээд хөрөнгө мөнгө их шаардлагатай болохыг ч бодолцож үзэхийг хууль санаачлагчид анхааруулсан.

Харин З.Энхболд гишүүн хууль санаачлагчийг дэмжиж буйгаа илэрхийлээд, "Уул уурхайн агентлаг томоохон ордууд байрлах Өмнөговьд, хөдөө аж ахуйн агентлаг нь хөдөөд байх хэрэгтэй. Ингэж байж дэд бүтэц хөгжинө. Гэтэл одоогийн байдлаар Засгийн газрын бодлогоор Улаанбаатар л хөгжөөд байх юм. Арвайхээр хотод шуудангийн үйлчилгээг төвлөрүүлж болно. Тэнд улсын төв цэг бийг. Газар тариалангийн буудай сан Сэлэнгэ аймагт байхад буруудахгүй" гэв.

Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн дэвшлийн ачаар дэлхийн аль ч өнцөг булангаас интернэтээр холбогдож болохыг ч сануулсан. Түүний хувьд Улаанбаатарт шаваараад суугаад байх ёсгүй. Орон нутагт дэд бүтцээ сайжруулж тараан байршуулах ёстой хэмээн хуулийн төслийг дэмжсэн юм.

Гэхдээ түүний үг болоод санал нь Д.Арвин гишүүнд таалагдсангүй. Тэрбээр хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, бүр буруушаалаа. Тэрбээр "2000-2004 онд Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг УИХ-аар батлахдаа найман хоттой байхаар тусгасан. Бид бүхэл бүтэн бодлогын баримт бичиг баталчихаад түүнийгээ хэрэгжүүлэхгүй байна. Иймд өмнөх шийдвэрлэсэн асуудлаа хаяж төрийн бодлогыг цалгардуулж болохгүй" гэв. Иймээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан юм. Гэсэн ч гишүүдийн олонх түүний саналыг мөн л дэмжсэнгүй.

Тухайлбал, Х.Наранхүү гишүүн "Байгалиас заяасан өргөн уудам нутгаа дүүрэн ашиглах ёстой. Гэхдээ өнөө маргаашгүй биш. Хөрөнгө мөнгөний боломж зэргээ харгалзаад агентлагуудыг орон нутагт тараан байршуулах боломжийг нь одоо нээгээд өгч болно" гэв. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир "Хархоринд нийслэлээ шилжүүлбэл Улаанбаатар зүгээр аймаг, дүүрэг нь сум, хороо нь баг болж хувирна" гэсэн ч Улаанбаатар ачааллаа дийлэхээ больсон тул хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Үүнтэй адил Ц.Цэнгэл гишүүн ч дэмжиж буйгаа илэрхийлээд "Улаанбаатарт хүн ам дэндүү төвлөрч, дөрвөн уулын дунд агааргүйдэж суух нь буруу гээд Дархан, Эрдэнэт, Багануур зэргийг хурдны замтай болгож их, дээд сургуулиудыг эхний ээлжинд нүүлгэх хэрэгтэй" гэсэн юм. О.Чулуунбат гишүүн ч "Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой хуулийн төсөл санаачилсан байна. Мэдээлэл технологи хөгжсөн өнөө үед агентлагуудтайгаа Засгийн газар хурдан шуурхай харилцаад байж чадна" гэсэн юм.

Ийнхүү гишүүд өөр өөрийн байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. Үүний дараа Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. УИХ-аас 300 тэрбум төгрөгийн бонд гаргаж, үндэсний үйлдвэрүүд болон малчдыг дэмжих хүрээнд тогтоолын төслийг баталсан билээ. Тогтоолд тусгаснаар хонь, тэмээний нэгдүгээр зэргийн ноосны кг тутамд 2000 төгрөгийн урамшуулал олгохоор болж 50 тэрбумыг зарцуулсан. Энэ хүрээнд 32.900 малчин өрх ноосоо үндэсний үйлдвэрүүддээ тушаажээ.

Монгол Улс жилдээ 20 мянган тонн ноос авдаг аж. Үүний 14 мянган тонн нь үндэсний үйлдвэрүүдэд очжээ. Мөн анхан шатны боловсруулалт хийн 6740 тонн ноосыг экспортод гаргасан байна. Үлдсэн зарим ноос нь ченжүүдийн гарт очсон бол зарим хэсэг нь нэгдүгээр зэрэглэлийнх биш гэдгээр малчдын гарт байгаа аж. Иймээс чуулганы хуралдаанаар гишүүдийн олонх нь ноосыг зэрэглэл тогтоохгүйгээр малчдаас авах нь зүйтэй хэмээн тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжив.
Нийтлэлч
Л.Нинж
Эх сурвалж
Нийгмийн толь
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.