Д.Жанчивдорж:УИХ-ын гишүүний үндсэн цалин сард 792 мянган төгрөг
2011.12.15

Д.Жанчивдорж:УИХ-ын гишүүний үндсэн цалин сард 792 мянган төгрөг

УИХ-ын гишүүнд ажлын цаг гэж байдаггүй.
ТОВЧХОН
  • УИХ-ын гишүүн гэдэг онцгой албан тушаал л даа. Чуулган, Байнгын хорооны хуралд суугаагүй ч, өөр газар ажил хийгээд явж байвал яах вэ.
  • Төрийн албан хаагчид бол олон жил ажилласны нэмэгдэл гэж авдаг шүү дээ.

Сүүлийн үед чуулган, Байнгын хорооны хуралдаанд суух гишүүдийг ирц хүрэхгүй хойшилж, хууль тогтоогчид утсаар саналаа өгч, үүгээр ч үл барам дуртай гишүүнийхээ өмнөөс кноп дардаг нь жирийн үзэгдэл болсон. Харин жирийн иргэн бид ажлаасаа хоцорвол, ажилдаа ирэхгүй бол цалингаасаа хасуулж, тодорхой хэмжээний шийтгэл хүлээдэг. Тэгвэл УИХ-ын эрхэм гишүүд чуулган, Байнгын хороондоо суухгүй бол ямар шийтгэл хүлээж, хэдий хэрийн цалин, томилолт, хангамж эдэлдэг тухай УИХ-ын Тамгын газрын Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга Д.Жанчивдоржоос тодрууллаа. Эрхэм гишүүдийн хувьд цалин нэг их чухал зүйл биш гэдэг. Цалингаа авч үзээгүй, хэдэн төгрөг буудгийг ч мэддэггүй гишүүн олон гэдэг. Гэхдээ цалингаас өөр орлогогүй хүнд бол сонин л мэдээ болов уу.

-УИХ-ын гишүүд чуулган, Байнгын хороондоо суудаггүй. Дөнгөж орж ирж харагдчихаад л явчихдаг. Эсвэл утсаар саналаа өгдөг. Энэ үед ажил тасалснаар бүртгэж цалингаас нь хасдаг уу. Жишээлбэл, утсаар санал өгснийг хуралдаа суусан гэж үзээд цалинг нь бүрэн олгодог уу?

-УИХ-ын гишүүнд ажлын цаг гэж байдаггүй.

-Яагаад?

-УИХ-ын гишүүн гэдэг онцгой албан тушаал л даа. Чуулган, Байнгын хорооны хуралд суугаагүй ч, өөр газар ажил хийгээд явж байвал яах вэ. УИХ-ын гишүүн бол Төрийн ордонд ч, аймаг, сумын төвд ч, хотын захын гэр хороололд ч ажлаа хийгээд явдаг хүмүүс. Тийм учраас хурал, чуулганд сууснаар ажлыг нь дүгнэж болохгүй гэж үзээд хуралдаа ирээгүй байсан ч цалингаас нь хасдаггүй юм. Санхүүгийнхэнд тийм эрх нь ч байхгүй.

-Жирийн ажилтан, албан хаагч нар бол цалингаа бүтэн авахын тулд даргадаа үргэлж тэнд тийм ажилтай явна хэмээн танилцуулж, ажлаа бүртгүүлдэг. Тэгвэл гишүүд гадуур явахдаа Тамгын газартаа мэдэгддэг үү?

-Албан томилолтоос бусад үед мэдэгддэггүй.

-Ер нь, УИХ-ын гишүүний сарын цалин хэд вэ?

-792 мянган төгрөг. Үүн дээр онцгой нөхцөлийн нэмэгдэл гээд цалингийн 30 хувийг нэмж олгодог. Төрийн албан хаагчид бол олон жил ажилласны нэмэгдэл гэж авдаг шүү дээ. Энэ нь, УИХ-ын гишүүдэд бол онцгой нөхцөлийн нэмэгдэл юм. Үүн дээр доктор, профессор зэрэг эрдмийн цолтой гишүүд 10 хувийн нэмэгдэл авдаг. Ингэхээр хамгийн дээд тал нь нэг сая 108 мянга 800 төгрөг авдаг гэсэн үг.

-Үүн дээр нэмээд өөр ямар хангамж авдаг юм бэ?

-Утасны мөнгө гэж сард 120 мянган төгрөг. Мөн өдөрт 50 км зам туулах шатахууны хангамж эдэлдэг. Энэ нь, гэхдээ зөвхөн ажлын өдөр л хүчинтэй.

-Хөдөө орон нутаг, эсвэл гадаадад явахдаа ямар хэмжээний томилолт авдаг юм бол?

-Хөдөө орон нутагт явахдаа суманд бол 14500, аймагт бол 23 мянган төгрөгийн томилолтын мөнгө авдаг. Ингэхдээ, нэг удаа явахдаа 20-оос дээш хонох ёсгүй. Хаашаа явах маршрутаасаа хамаараад км-ыг нь маш нарийн тооцоолчихдог юм.

Ингээд тооцооны дагуу бодож шатахууныг нь олгодог.

Харин гадаадад явахдаа ямар хэмжээний томилолт авахыг Гадаад хэргийн яамнаас парламентад ирүүлдэг. Ямар ажлаар, хаашаа явахаас хамаараад янз бүр л дээ. Гадаад хэргийн яам онгоцны билет, очоод буудаллах зочид буудал, хоол, унаа гээд бүхий л зүйлийг тооцоод нэг хүн өдөрт 300 ам.доллар уу, эсвэл 30 ам.доллар уу гэдгийг гаргаж өгдөг. Үүний л дагуу бид хөрөнгө мөнгийг нь гаргаж өгнө дөө. Дашрамд, УИХ-ын дарга, дэд дарга л эхнэрийн хамт онгоцны бизнес класс зэрэглэлээр нисэх эрхтэй. Хэрвээ гишүүд энэ ангиллаар нисэх бол үндсэн томилолтоос илүү гарсан зардлыг хувиасаа төлдөг.

Нийтлэлч
Б.Мөнхзаяа
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.