“Эх орныхоо хөгжилд бидний оролцоо’’ сэдэвт гадаадад  сургууль төгсөгчдийн  уулзалт,  ярилцлага  болов.
2011.12.14

“Эх орныхоо хөгжилд бидний оролцоо’’ сэдэвт гадаадад сургууль төгсөгчдийн уулзалт, ярилцлага болов.

ТОВЧХОН
Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах Зөвлөлөөс “Гадаадад төгсөгч монгол Манлайлагч залуусын холбоо”,  Америк дахь Монгол телевизийн “Гэртээ харья” нэвтрүүлэг,  “Нью Сити “ Гадаадад төгсөгчдийн холбоотой хамтран  2011 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төрийн ордонд “Эх орныхоо хөгжилд бидний оролцоо’’ сэдэвт гадаадад сургууль төгсөгчдийн  уулзалт,  ярилцлагыг   зохион байгууллаа.

 

Уулзалтыг  Гадаад Харилцааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар нээж, улмаар  Ерөнхий сайдын зөвлөх Г.Өнөрбаяр, Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийн ажлын албаны дарга Ч. Энх-Эрдэнэ нар Зөвлөлийн үйл ажиллагаа, Монгол Улсын Засгийн газрын “Зөгийн үүр” хөтөлбөрийн хэрэгжилт явцын талаар  мэдээлэл өгөв.

zugiin-uur02

Энэ удаагийн  уулзалт ярилцлагад  гадаадад  сургууль төгсөөд эх орондоо эргэн ирж ажиллаж, амьдарч буй  залуусын хүсэлтийн дагуу  Хүндэт зочноор  Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөлийг үндэслэн санаачлагч,  Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Санжаагийн Баяр  уригдан оролцож, залуустай  чин сэтгэлийн яриа өрнүүлснээрээ онцлог болов. Тэрбээр 2008 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараахан гадаадад амьдарч буй монгол иргэдээ онцгой анхаарах шаардлагатай гэж үзэж анх 2009 онд Ерөнхий сайдын дэргэд Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл байгуулах шийдвэр гаргаж байжээ.

 

Хүндэт зочин, Улсын Их хурлын гишүүн С.Баяр  Засгийн газраас  гадаадад суугаа иргэдийн  талаар олон талт арга хэмжээ авч,  Зөвлөлийн үйл  ажиллагааг бүх талаар  дэмжин  ажиллаж байгааг   сайшааж,  Ерөнхий сайд С.Батболд  түүний  энэхүү  санаачлагыг “Зөгийн үүр” хөтөлбөрөөр эрчимжүүлснээр их амжилттай,  зөв   хэрэгжиж  буйд талархал илэрхийлэв.

 

Монгол Улсыг монгол хүн л хөгжүүлнэ. Тийм учраас гадаадад байгаа монголчууддаа бодит мэдээ хүргэх, санал бодлыг  сонсох нь  их чухал. Монгол Улсаа хөгжүүлэхэд гадаадад амьдарч буй монголчуудын хүчин зүтгэл, оролцоо хэрэгтэй. Тэр утгаараа хэдэн нарийн мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн ямар салбарт шаардлагатай байна гэдэг бодит мэдээллийг хүргэх, улс орноо хөгжүүлэхэд хамтран зүтгэх, эдийн засгийн энэ их өсөлтийг ашиглах цаг үе ирээд байна гэдгийг уулзалтад оролцож буй төлөөлөгчдөөр дамжуулан хилийн чанадад байгаа монголчууддаа уламжиллаа.

 

Өнөөдрийн  байдлаар 107 мянга гаруй  Монгол Улсын иргэн хилийн чанадад    ажиллаж амьдарч байна гэсэн албан тоо гарсан байна.  Цаана нь энэхүү бүртгэлд хамрагдаж чадаагүй үлдсэн монгол иргэд бий. Иймээс хамгийн гол нь эхний ээлжинд бүртгэлээ төгөлдөржүүлэх  чухал гэдгийг онцлов.

 

Зөвлөлдөх уулзалтад Гадаадад төгсөгч монгол Манлайлагч залуусын холбоо, “Нью Сити’’, “Цахим Өртөө” , “Монгол-Германы Гүүр” , “ЖУГАМО”, “МОЗЗИЭС” , “МАЖИКО” , “МАСА”  “Далайн салхи”  зэрэг Төрийн бус байгууллагуудын төлөөлөл   нийт 50 хүн уригдан оролцож,   Америк,  Герман, Япон, Австрали,  Солонгос  зэрэг  улсад ажиллаж амьдарч байгаа болон төгсөөд ирсэн залуусаа төлөөлөн ,харилцан мэдээлэл солилцож, санал бодлоо хуваалцлаа.

 

Зөвлөлдөх уулзалтын хоёрдугаар хэсэг  “Эргэн ирсэн зөгийн дүнгэнээн” танилцах уулзалт,  чөлөөт ярилцлагаар үргэлжлэв. Түүнчлэн холбоодынхоо  дараа жил хийхээр төлөвлөж буй  ажлын талаар  танилцуулж,  цаашид  төр-төрийн бус байгууллагуудын хоорондох үйл ажиллагааг  хэрхэн уялдуулах, Монгол Улсаа хөгжүүлэх үйлсэд хамтран зүтгэх талаар харилцан мэдээлэл солилцож,  сонирхсон бүхий л асуултдаа хариулт авч чадсандаа оролцогчид сэтгэл хангалуун байв.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.