Монголчууд баталгаагүй хүнсний ногоо хэрэглэж байна
2011.12.09

Монголчууд баталгаагүй хүнсний ногоо хэрэглэж байна

Монголчууд баталгаагүй хүнсний ногоо хэрэглэж байна
ТОВЧХОН
  • Өдөр тутам хэрэглэдэг төмс, хүнсний ногоогоо чанартай эсэхийг уншигч та нэг удаа ч болов шалгаж байсан уу. Эсвэл худалдагчид итгэж найдаад жинлэж өгснийг нь авч хэрэглэдэг үү.
  • Түүнчлэн нийслэлийн хүнсний захын агуулахад 4-8 төрлийн жимс ногоог нэг дор буулгаж, хадгалснаас ногоог тус тусад нь хадгалах горим алдагдсан юм байна.
Өдөр тутам хэрэглэдэг төмс, хүнсний ногоогоо чанартай эсэхийг уншигч та нэг удаа ч болов шалгаж байсан уу. Эсвэл худалдагчид итгэж найдаад жинлэж өгснийг нь авч хэрэглэдэг үү. Саяхан нийслэл, Булган, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Төв, Ховд, Увс аймагт төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ хадгалах, худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг 184 аж ахуйн нэгжийн 399 зоорь, хүнсний ногоо, жимс жимсгэний 118 агуулахыг шалгасан байна.

Ингэхэд Ховд аймгийн “Хан орд ХХК”-ийн “Хан орд” бөөний төв, Төв аймгийн Угтаал сумын “Чандмань дөл”, “Агротацсу” ХХК, Улаанбаатарын “Мон таримал” ХХК-ны хоёр зоорь,“ Нарлаг хараа” ХХК, иргэн Б.Баатарын зоорь эрсдэл ихтэйд үнэлэгджээ.Тухайлбал, Дорнод аймгийн “Байгаль өгөөж” ХХК –ийн БНХАУ-аас импортолсон алим,төмс нь чанарын шаардлага хангахгүй байжээ.

Энэ нь хадгалалт тээвэрлэлтэд тэсвэр муутай, зориулалтын бус агуулахад төмс, жимсгэнийг удаан хугацаагаар хадгалсан, импортын өмнөх хяналт, шинжилгээнд хамруулаагүйтэй холбоотой аж.

Түүнчлэн нийслэлийн хүнсний захын агуулахад 4-8 төрлийн жимс ногоог нэг дор буулгаж, хадгалснаас ногоог тус тусад нь хадгалах горим алдагдсан юм байна. Аймгуудын лабораториуд Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс итгэмжлэлийн эрх авсан ч төмс хүнсний ногоог бүрэн шинжилж чаддаггүй болох нь тогтоогджээ.

Орон нутагт хор судлалын лаборатори байдаггүйгээс ногоонд пестицидийн үлдэгдэл, хүнд металл байгаа эсэхийг шинжилдэггүй гэнэ. Дээрээс нь ургамал хорио цээрийн лабораторигүй тул өвчин, хортны шинжилгээ хийдэггүй аж. Лабораторийн чадамж хангалтгүйгээс шинжилгээний хариу гарах хугацаа уртасч, бүтээгдэхүүн борлуулахад сөрөг нөлөө үзүүлдгийн уршгаар орон нутгийн бизнес эрхлэгчид ногоогоо шинжилгээнд хамруулах, дүгнэлт гаргуулахаас зайлсхийдэг гэнэ.

Энэ мэт шалтгааны улмаас чанаргүй хүнсний ногоо, жимс жимсгэнэ бөөний цэгээс хэт олон газарт тараагдаж байна. Хүнсний ногоо, жимс жимсгэнийн чанар аюулгүй байдал ямар байгааг аймаг тус бүрээр авч үзье.

Ховд аймгийн “Хан орд” компанийн бөөний төв цэвэр бохир усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, шавьж нэвтрүүлэхгүй байх хаалтгүй, хүнсний худалдаа, үйлчилгээний ажиллагсдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, агааржуулалт хүрэлцээгүй зэрэг зөрчилтэй гарчээ. Мөн худалдааны төвд ажилладаг иргэд гар бохирдсон үед угааж халдваргүйжүүлэх нөхцөл бүрдээгүй байж.

Төв аймгийн Угтаал сумын “Чандмань дөл”, “Агро тацсу” ХХК төмс хүнсний ногооны зоорь агуулахдаа ариутгал халдваргүйжилт хийгээгүй, бүртгэл хөтөлдөггүй, чийг хэмжигч багажгүй, агааржуулалтын систем нь муу ажилладаг бөгөөд зоориос нь ургамлын өвчин үүсгэгч мөөгөнцөр, агуулахын хортон ялаа илэрсэн байна. Тус аймгийн Цээл сумын “Шим үр”, “Шинэ залуучууд”, Жаргалантын “Хад хөшиг” , Борнуурын “Сүүж хад”, “Алтан хөшиг” ХХК-иуд чийг хэмжигчгүй агааржуулалтын систем нь муу ажилладаг, барааны өрөлт хураалт стандартын дагуу биш,эмх цэгцгүй, зоорины барилга байгууламж хуучирч муудан хана таазны тулгуур багана хугарсан зэрэг зөрчилтэй гарчээ.

Булган аймгийн Бугат, Баян-Агт, Хутаг Өндөр, Хишиг-Өндөр, Хялганат сумын худалдаа эрхлэгчдийн борлуулж буй бүтээгдэхүүнийх нь хаяг шошго стандартын шаардлага хангаагүй байсан нь Хүнсний тухай хуулийн 9.2.6 дахь заалтыг зөрчсөн байна.

Дорнод аймгийн “Байгаль өгөөж”, “Дорнод гурил”, Хэнтий Аймгийн “Арт Маргад” ХХК-ийн бүтээгдэхүүнд чанарын байцаагчийн дүгнэлт гаргуулахгүйгээр борлуулж байжээ. “Дорнод худалдаа” ХХК-ийн төмс, хүнсний ногоо хадгалах агуулахдаа цагаан будаа, ахуйн хэрэглээний угаалгын нунтаг хамт хадгалсан, чийг дулаан хэмжигч багаж төхөөрөмж суурилуулаагүй, хүнсний агуулахад жимс, жимсгэнэ, төмс хүнсний ногоо хадгалах бичил цаг уурын нөхцөл хангагдаагүй зэрэг нь Хүнсний тухай хуулийн 17.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Дархан-Уул аймгийн Дархан сумын дөрөвдүгээр багийн иргэн Б.Сэлэнгэ, Хэнтий аймгийн “Эрдэнэ мөнх” ХХК, “Ерэн ес” хоршоо төмс, хүнсний ногооны зоориндоо ариутгал халдваргүйжилт хийлгээгүй, зоорины хана мөөгөнцөртсөн, гадна орчин бохир, температур чийг хэмжигч байрлуулаагүй байжээ.

Нийслэлийнхний хүнсний ногоо, жимс жимсгэнээ авдаг хамгийн гол газар бол “Барс импекс” ХХК-ийн худалдааны төв. Тэднийх Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийг ихээхэн зөрчин үйл ажиллагаа явуулдгийг нь илрүүлжээ. Тус захын жимсний худалдааны заал, жимсний агуулах зоориудад хийсэн хэмжилт шинжилгээний дүн туйлын хангалтгүй гарсан байна. Хилээр өдөрт орж ирж буй хүнсний ногоо, жимс жимсгэнийн дийлэнх хувь нь “Барс” худалдааны төвөөр дамжин борлуулагддаг. Бүтээгдэхүүн орж ирсэн өдөр чанар, эрүүл ахуйн шинжилгээ хийлээ гэхэд хариу нь гурав хонож гардаг ноцтой баримтыг шалгалт хийсэн мэргэжилтнүүд дэлгэлээ. Тэгэхээр иргэд “Барс”-аас шинжилгээний хариу нь гараагүй, өөрөөр хэлбэл, чанарын баталгаагүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авч өдөр тутам хүнсэндээ хэрэглэсээр иржээ.

“Барс” худалдааны төв эрүүл ахуйн шаардлагаас гадна хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангадаггүйг шалгалтын комисс танилцуулсан. Тухайлбал, жимсний худалдааны заал, агуулах зоорийн хөдөлмөр, эрүүл ахуйн нөхцөл туйлын муу, лангууны арын хэсэг, агуулах зоориудын эмх цэгц муу, зарим шал нь доошоо суулт өгч цөмөрсөн, шатсан, эвдэрсэн гэрлийг нь солиогүй, гэрэлтүүлэгч хэрэгслүүд нь ялааны баасаар бохирдсон, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж хэвшээгүй зэрэг зөрчилтэй байжээ.

“Барс”-ынхны эл зөрчилд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 200.000 төгрөгийн торгууль, хугацаатай албан шаардлага хүргүүлээд л өнгөрсөн байх юм. Дотоодын болон зарим импортын бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ байхгүй байгаа нь иргэдийг өдөр тутам эрсдэлтэй хүнс хэрэглэхэд хүргэж буй. Тиймээс үүнд анхаарал хандуулах цаг нь болжээ. Харамсалтай нь үүнийг зохицуулах хууль, дүрэм журам манайд байхгүй юм байна.

Ер нь импортын хүнс тээвэрлэх явцад замдаа хэд хөлдөж, гэсч ирдгийг хэрэглэгчид бид тэр бүр мэдэхгүй. Шалгалтын явцад хадгалалтын горим зөрчигдөж чанараа алдсан, ургамлын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт хангаагүй 540 кг төмс, 340 кг алим жимсийг хураан авч устгалын комисст шилжүүлэн устгажээ.

Мөн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнээс 520 дээж авч стандартын үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлохоор лабораторийн шинжилгээнд хамруулав. Лабораторийн дүгнэлт гаргуулахаар дотоодод тариалсан 20 нэр төрлийн төмс, хүнсний ногоо, импортын 11 нэр төрлийн хүнсний ногоо, 15 нэр төрлийн жимс жимсгэнийг шинжилгээнд өгсөн байна.

Эдгээр дээжийн 21 нь буюу 4.0 хувь нь ургамлын эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангаагүй гарчээ. Үүнээс 5.3 хувь нь хортонд идэгдсэн төмс, 7.2 хувь нь бактери, мөөгөнцрөөр өвчилсөн төмс, сонгино, лийр, алимд илэрсэн нитратын үлдэгдлийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-4 дахин их байгаа нь Монголд хүнсний аюулгүй байдлын баталгаа алдагдсаныг баталж байна. Чанарын шаардлага хангахгүй үзүүлэлттэй гарсан 21 дээжийн 10 нь БНХАУ-аас импортолсон алим, төмс байсан ажээ.
Нийтлэлч
Д.Мягмаржаргал
Эх сурвалж
Монголын үнэн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.