Монголд 30 гаруй мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна
- Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратеги төлөвлөгөө баталж, түүнд гурван онцлог зүйлийг тусгажээ.
- Энэ нь үндэсний хэмжээнд хүүхэд хамгааллын асуудлаар баталсан анхны стратеги гэнэ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрын дарга Д.Алтай өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Хүүхдийн байгууллагын 2011 оны онцлох үйл ажиллагаа, хүүхэд хамгааллын асуудлаар цогц стратеги хэрэгжүүлэх болсноо танилцууллаа.
Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар Хүүхэд хамгааллыг бэхжүүлэх стратеги төлөвлөгөө баталж, түүнд гурван онцлог зүйлийг тусгажээ. Энэ нь үндэсний хэмжээнд хүүхэд хамгааллын асуудлаар баталсан анхны стратеги гэнэ. Уг төлөвлөгөөнд тодорхой хөрөнгө мөнгийг төсөвлөн баталжээ. Мөн хүүхдийн эрхийг хамгаалах НҮБ-ын Конвенцтэй уялдуулж зайлшгүй хяналтад байх хүүхдийн талаар бодлого хэрэгжүүлэхээр болсон байна. Хүүхдийн байгууллагын энэ оны онцлох ажлын нэг нь “Хүүхэд насаа хайрлая” сэдэвт хүүхдийн чуулган бөгөөд түүгээр хүүхдийг болзошгүй эрсдлээс сэргийлэн хамгаалах олон нийтийн санаачилга өрнүүлэхээр болжээ.
Тэр чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Осол, тэвчишгүй хүнд хөдөлмөр, хүчирхийлэл, дарамт, байгалийн гамшиг, онцгой байдлын үед хүүхдийг хэрхэн хамгаалах чиглэлээр ажиллах юм байна. Мөн Шадар сайдын баталсан тушаалаар хараа хяналтгүй хүүхдийг аюулгүй дулаан орчинд өвөлжүүлэх таван сарын үйл ажиллагаа явуулахаар болжээ. Уг ажил энэ сараас ирэх оны дөрөвдүгээр сарын 25 хүртэл үргэлжилнэ. Энэ ажлыг бүх аймаг, нийслэл, дүүрэгт хэрэгжүүлж Засгийн газраас санхүүжүүлэх юм байна. Нийслэлд гэхэд хараа хяналтгүй 157 хүүхэд байгаагийн дийлэнх нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт харьяалалтай, 15-20 хувь нь сургууль завсарджээ. Хараа хяналтгүй хүүхдүүдийг дулаан өвөлжүүлэхээс гадна сургалт, хүмүүжлийн ажлууд зохион байгуулахаар төлөвлөжээ. Цагдаа, өрхийн эмч, хороодын Засаг дарга нарыг оролцуулсан хамтарсан багаар хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Бас малчин хүүхдүүдийг байгалийн болзошгүй аюулаас сэргийлэх ажил хийх юм байна. Хүүхдэд ээлтэй орон нутаг /0-6 нас/, хүүхдэд ээлтэй сургууль /6-16 нас/ зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэх аж.
Шведэд хэсэг монгол хүүхэд хараа хяналтгүй байгаа талаар хэвлэлүүдэд мэдээлэл гарсан талаар Д.Алтай дарга мөн мэдээлэл өгсөн юм. ХХЕГ, хууль, шүүхийн байгууллагуудын тогтоосноор Шведэд таван монгол хүүхэд байгаагийн нэг нь Багахангай дүүргийн харьяат, нэг нь Шведэд харьяалалтай, бусад гурав нь хаана ч харьяалалгүй байсан аж. Эдгээр хүүхдийн талаар Шведийн ЭСЯ, Өргөмжит консул зэрэгтэй хамтран ажиллахаар болжээ. Хүүхдүүд тэнд эцэг эхээ дагаж очоод олон жил болсон, 16-18 нас хүрч буй тул хууль бус үйлдэлд автаж болзошгүй гэж болгоомжилж байгаа юм байна. Тэдний эрх ашгийн үүднээс нэр усыг зарлах боломжгүй гэлээ. Монголд 30 гаруй мянган хүүхэд ажил хөдөлмөр эрхэлж байгаагийн 16 хувь нь хүнд хөдөлмөр эрхэлдэг юм байна. Гэрээ, конвенциор заасан газрын гүн, давчуу орчин, өндөр дээр ажиллах, биеийн жингээс хэтэрсэн хүнд ачаа өргөх зэрэг хүнд хөдөлмөрт зүтгэж байгаа хүүхдүүдийг хамгаалах чиглэлээр ажиллахаар болжээ. Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулж Засгийн газраас удахгүй УИХ-д өргөн барих гэж байгаа бөгөөд түүгээр хүүхэд үрчлүүлэх асуудлыг илүү тодорхой болгох ажээ. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд ч мөн тусгахаар болжээ. Гол бодлого нь хүүхдийг гадаадын хүнд гэхээсээ дотооддоо үрчлүүлэх, эх оронд нь байлгахад илүү анхаарахаар болсон байна.
Ш.Чимэг
Эх сурвалж
Монцамэ