Цахилгааны өртэй хүнд банк зээл олгохгүй
2011.12.08

Цахилгааны өртэй хүнд банк зээл олгохгүй

Цахилгааны өртэй хүнд банк зээл олгохгүй
ТОВЧХОН
  • УИХ-аас зээлийн баталгааг, хангах, эрсдэлийг багасгахаар Зээлийн мэдээллийн тухай хууль баталсан. Энэхүү хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ.
  • Монголбанкинд 1997-2000 онд банкны 457 салбарын 51 мянган зээлдэгчийн мэдээллийг нэгтгэж байжээ.
УИХ-аас зээлийн баталгааг, хангах, эрсдэлийг багасгахаар Зээлийн мэдээллийн тухай хууль баталсан. Энэхүү хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ.

Та цахилгааны төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл, гар утасныхаа төлбөр зэрэг бусад өр төлбөрөө барагдуулаагүй бол банк танд зээл олгохгүй. Иргэд, аж ахуйн нэгж зээл төлбөрийн тухай мэдээллээ зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх байгууллагад сайн дураараа буюу гэрээний дагуу нийлүүлэх үүргийг хуулиар хүлээхээр боллоо.

Зээлийн мэдээллийн тухай хуульд зээл, төлбөр тооцооны мэдээлэл, лавлагааг нэг удаа авахад үнэгүй, хоёр дахь удаагаа авахад үйлчилгээний хөлс төлөх ажээ. Сүүлийн жилүүдэд банк санхүүгийн актив, зээлийн үйлчилгээ эрс өсчээ.

Энэ онд гэхэд зээлийн багц 60 хувьд хүрсэн чанаргүй зээл ихсэх хандлагатай болсон гэж УИХ-ын гишүүн Д.Зоригт хэлж байна. Ирэх жилээс 30 хувь хүртэл буулгах зорилт тавьж цаашид хадгаламжийн эрх зүйн орчинг 100 хувь хангахыг зорьж байгаа аж.

Монголбанкинд 1997-2000 онд банкны 457 салбарын 51 мянган зээлдэгчийн мэдээллийг нэгтгэж байжээ. Харин одоо 1080 салбар нэгжийн хэдэн зуун их наядын зээлийн мэдээллийг ганцхан салбараар нэгтгэх боломжгүйгээс хууль гаргах шаардлага бий болжээ.

Мэдээлэл өгөх, авах техник, технологийн болон боловсон хүчний дутмаг байдлаас болж хөдөө орон нутгийн банк, зээлийн давхардал бий болгох, чанаргүй зээл гаргах, мэдээлэл хожигдох зэргээр бодит мэдээлэл болж чадахгүй байгаа нь зээлийн лавлагааны бие даасан байгууллага байгуулах шаардлагатай болсон байна.

Мөн ганцхан банкны байгууллага санхүү, зээлийн лавлагааны мэдээллийг нэгтгээд зогсохгүй банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, Санхүүгийн зохицуулах хороо, Үл хөдлөх хөрөнгийн газар, Нийгмийн даатгал, Гааль, Эрчим хүч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын иргэн, аж ахуйн нэгжийн төлбөр тооцооны мэдээлэл багтах ажээ.

Өөрөөр хэлбэл гар утасны төлбөр тооцоогоо хэрхэн хугацаанд нь барагдуулдаг болох зэргээр тухайн хүний зээлийн түүх, төлбөр тооцооны мэдээллийг лавлагааны байгууллага нэгтгэх юм байна. Тэгээд банкнаас зээл авахад зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх байгууллагатай байгуулсан гэрээг үндэслэх юм.

Зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн гүйцэтгэлийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагаас шаардах эрхтэй болно гэсэн үг. Зээлийн мэдээллийн үйлчилгээ эрхлэх байгууллага Монголбанкнаас тодорхой шалгуураар тусгай зөвшөөрөл авна. Лавлагааны байгууллага зээлийн мэдээллийн санд цуглуулсан мэдээллийг арван жил хадгалах юм байна.

Харин зээлдэгчийн мэдээллийг зургаан жилээр гаргах эрхтэй. Арван жилийн дараа таны санхүүгийн хариуцлагын түүхчилсэн лавлагаа Монголбанкинд шилжиж хадгалагдах ажээ. Хууль хэрэгжсэнээр тухайн зээлдэгчийн санхүүгийн хариуцлагатай байдал "А" үнэлгээ авсан тохиолдолд банк барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зээл гаргах боломж бас бүрдэж байгаа юм байна.

Тус хуулийг Банкны холбоод боловсруулсан байна. Мөн олон улсын байгууллагын туршлагыг нэвтрүүлж, эрдэмтдийн зөвлөгөөг тусгасан байна. Хууль xэрэгжcэнээp чанаргүй зээл буурах, иргэд мэдээлэлтэй болох, зээл олголт хурдан шуурхай болох, аж ахуйн нэгж, хувь хүний санхүүгийн хариуцлага дээшлэх ач холбогдолтой гэж хууль санаачлагчид ярьж байна. Зээлийн батлан даалтын тухай хуулийг УИХ-ын ЭЗБХ боловсруулж байгаа юм байна.
Нийтлэлч
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж
Зууны мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.