Иргэд “харандаан” түлшний хангалтыг нэмэгдүүлэхийг хүсч байна
2011.12.08

Иргэд “харандаан” түлшний хангалтыг нэмэгдүүлэхийг хүсч байна

Иргэд “харандаан” түлшний хангалтыг нэмэгдүүлэхийг хүсч байна
ТОВЧХОН
  • Гэхдээ энэ нь дан ганц тус төхөөрөмждөө ч бус тухайн байшингууд хана, шалнаасаа дулаан алдаж буйтай холбоотой гэдгийг хотын орлогч сануулсан.

Нийслэлийн Үйлдвэрлэл, экологийн асуудал эрхэлсэн орлогч Д.Ганболд өнөөдөр нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох ажлын явцтай танилцлаа. Тэрбээр Баянгол дүүргийн 16, 23-р хороо, Чингэлтэй дүүргийн 9-р хорооны боловсруулсан түлш, шалны халаалт, гэрийн дулаалга, дулаан баригч, бүрэн шаталттай зуух хэрэглэж байгаа айл өрхүүдээр орж, боловсруулсан түлшний нөөц болон Чингэлтэй, Баянгол дүүргийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох ажлын явцыг шалгалаа. Өнөө жил нийслэлийн Баянгол дүүргийн 7-н хорооны 11145 өрхийг болосвруулсан түлшээр хангахаар шийдвэрлэсэн. Одоогоор 10500 өрх болосвруулсан түлш хэрэглэж, тэдэнд 14 цэгээр түлш түгээж байгаа ч түлшний хангамж сайн биш байна. Утаа униар багатай, илч сайтай гээд үртсэн шахмал түлшинд иргэд ам сайтай байгаа ч хэд хоноод л хэдэн шуудай түлш авах гэж явах нь хүндрэлтэй байгааг, “харандаан” түлш гэж иргэдийн нэрлэж буй үртсэн шахмал түлшийг чөлөөтэй аваад түлчихээр хэмжээнд хангалтыг нь сайжруулах шаардлагатай байгааг хотын орлогчид уламжиллаа. “МАК” компанийн нийлүүлж буй коксжуулсан нүүрсний хувьд түлэх технологио сайн мэдэхгүйгээс нэг хэсэг асуудал үүсч байсан ч хэрэглээд дасчихсан хүмүүс боломжийн гэж үнэлж байна. Гэхдээ цог үсэрдэг, үнс нурмыг нь гаргахад чулуу их гарч байгааг ч иргэд хэлж байсан юм.

“Минж занд” ХХК-ийн нийлүүлж буй шалны халаалтын төхөөрөмж суурилуулсан айлууд утаа тортог гэхгүй, цэвэр цэмцгэр орчинтой сайхан байгаа хэдий ч байнга л залгаж байхгүй бол тог салгангуут хөрчихдөг гэдгийг хэлж байсан. Гэхдээ энэ нь дан ганц тус төхөөрөмждөө ч бус тухайн байшингууд хана, шалнаасаа дулаан алдаж буйтай холбоотой гэдгийг хотын орлогч сануулсан. Нийт үнийн дүнгийн 70 хувийг нь хотоос дааж, 30 хувийг нь иргэд төлж буй шалны халаалтын системийг одоогоор 60 айлд суурилуулаад байна.

 

Цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох ажлын явц одоогоор тус хоёр дүүрэгт хэвийн, дүүргээс ирүүлсэн нэр зөрөх, нэр нь байхгүй байх зэрэг зарим нэг алдаанаас өөрөөр гарч буй хүндрэл алга байна. Эрчим хүчний хөнгөлөлтөд хамрагдахаар ирж буй хүмүүст төрөөс олгож буй хөнгөлөлтийг эдлэхийн хэрээр өөрсдөө хариуцлагатай байж, дулаалгаа сайжруулахад анхаарахыг сануулж байх хэрэгтэй гэдгийг Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөнд хотын орлогч Д.Ганболд хэлсэн. Нийслэлийн Агаарын чанарын албаны мэдээгээр эрчим хүчний хөнгөлөлтөд төвийн 6 дүүргийн 31000 өрх хамрагдах юм. Мөн тус албанаас гаргасан мэдээгээр Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 50 хорооны 70 мянган өрхөд бүрэн шаталттай зуух олгохоос өнөөдрийн байдлаар 32 мянган өрхөд олгоод байна. Түүнчлэн 10 мянган өрхөд гэрийн дулаалга, 3000 өрхөд үүдний пин, 2300 өрхөд дулаан баригч, утаа шүүгч, 60 айлд шалны халаалт, 90 айлд хөшигний халаагуур олгоод байгаа ажээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.