42689 өрх утаагүй зуух авчээ
- Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хурлын үеэр хотын өвөлжилт болон агаарын бохирдлыг бууруулахад хийж байгаа ажлуудын талаар ярилцав.
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хурлын үеэр хотын өвөлжилт болон агаарын бохирдлыг бууруулахад хийж байгаа ажлуудын талаар ярилцав. Нийслэлийн Агаарын чанарын албанаас Улаанбаатар хотын 42689 өрх Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төсөлд хамрагдаж, утаагүй түлш, зуух, гонх авсан тухай мэдээллийг өгч байна. Гэвч зарим нэг газар түлшний нийлүүлэлт байхгүйгээс 7 хоног түлш авч чадахгүй тохиолдол гарч байгаа учир үртсэн шахмал болон хагас коксжсон түлш нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа компаниудтай гэрээний хариуцлага тооцохыг үүрэг болгожээ.
Хотын төвлөрсөн дулаан хангамж хэвийн ч хүйтний эрч чангарч эхэлсэн тул он гартал дулааныг 5-10 градусаар өндөр барьж ажиллах аж. Түүнчлэн гэр хорооллын хэрэглэгчдийн станцууд дээр ачаалал нэмэгдэж эхэлсэн бөгөөд кабель тасрах зэрэг гэмтэл бага зэрэг гарч байгаа юм байна. Агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой цахилгааны үнийн урамшууллын гэрээ байгуулж байгаа ба одоогоор тус компанийн захирлын гарын үсэгтэй гэрээг 784 хэрэглэгчтэй байгуулжээ. Цас их орж байгаа учир явган хүний зам талбайг цэвэрлэх ажил шаардагдаж байгаа. Энэ хүрээнд Хотын захиргаанаас нэг мэргэжилтэнд нэг байгууллага хуваарилж өгөх зарчмаар менежмент хийж ажиллаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл 582 байгууллага, аж ахуйн нэгжийг 582 төрийн албан хаагчид хариуцуулж, цас ормогц тухайн байгууллагыг хариуцан авсан мэргэжилтэн цас мөсөө цэвэрлэхийг сануулж ажиллах аж.
Өдрийн сонин