Б.Чинбат:Ухаалаг үнэмлэх хэвлэх үйлдвэрийг 15-нд монголд оруулж ирнэ
2011.12.06

Б.Чинбат:Ухаалаг үнэмлэх хэвлэх үйлдвэрийг 15-нд монголд оруулж ирнэ

Ухаалаг үнэмлэх хэвлэх үйлдвэрийг 15-нд монголд оруулж ирнэ
ТОВЧХОН
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Чинбаттай цахим үнэмлэхний талаар ярилцлаа.
  • -Цахим үнэмлэхийг энэ оны сүүлээр хэвлэж эхэлнэ. Харин иргэдийн гар дээр нэгдүгээр сараас эхлэн очно.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Чинбаттай цахим үнэмлэхний талаар ярилцлаа.

-Иргэдэд цахим үнэмлэх олгох ажил хэзээнээс эхлэх вэ. Удахгүй сонгууль болно. Үүнээс өмнө амжих болов уу?

-Цахим үнэмлэхийг энэ оны сүүлээр хэвлэж эхэлнэ. Харин иргэдийн гар дээр нэгдүгээр сараас эхлэн очно. Тэгэхээр сонгуулиас өмнө амжина гэдэгт итгэлтэй байгаа. Бид Сонгуулийн ерөнхий хороотой хамтраад ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн цахим үнэмлэхийг ямар хэлбэрээр ашиглаж болох вэ гэдгийг судлаад сонгуулийн тоног төхөөрөмжинд ашиглах боломжит байдлаар хийе гэж ярилцсан.

-Саяхан иргэд шинэчилсэн бүртгэлд хамрагдах гэж бөөн оочер, дугаар болсон. Одоо цахим үнэмлэхэнд шилжинэ гээд дээрх байдал давтагдах юм биш биз?

-Иргэний шинэчилсэн бүртгэлээр иргэдийн мэдээллийг цэгцэлж цуглуулсан. Энэ мэдээлэл дээрээ үндэслэн цахим үнэмлэх олгоно. Тэгэхээр нэг их чирэгдэл учрахгүй байх.

-Цахим үнэмлэхийг авахад ямар бичиг баримт шаардлагатай вэ?

-Заавал иргэний үнэмлэх энэ тэр гэхгүй. Иргэдийн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан мэдээллийг үндэслэн цахим иргэний үнэмлэхийг нь хэвлэнэ. Иргэд харьяа хороо, сум дээрээ очиж иргэний үнэмлэхээ авах юм.

-Үнэмлэхийг хэвлэх машин нь одоо хүртэл байхгүй юм биш үү. Энэ тухайд?

-Хэвлэх үйлдвэр АНУ-аас ачигдаад ирж байгаа. Энэ сарын дундуур гэхэд ирчихнэ. Ерөнхийдөө Европын стандарттай дэлхийн шилдэг компаниудын бэлдэцийг ашиглана.

-Зарим иргэн одоо ашиглаж байгаа иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн байгаа. Энэ тохиолдолд ямар бичиг баримт дээр үндэслэн цахим үнэмлэх олгох вэ?

-Энэ бол иргэдийн өөрсдийнх нь сонголт. Цахим үнэмлэх бол тодорхой хугацааны дараа олгогдож эхэлнэ. Энэ хугацаанд иргэний үнэмлэх нь зайлшгүй хэрэгтэй байгаа бол иргэд өөрсдөө иргэний үнэмлэхээ захиалаад авч болно. Онцын шаардлагагүй бол цахим үнэмлэхээ хүлээж байгаад авч болно. Ухаалаг үнэмлэхийг иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээлэл болох хурууны хээний тулгалт, фото зураг дээр үндэслэн олгох юм. Тэрнээс биш заавал иргэний үнэмлэх байх хэрэгтэй гэж шаардахгүй.

-Цахим үнэмлэхийг иргэдэд үнэ төлбөргүй олгох яриа байна. Энэ үнэн үү. Хэрэв төлбөр мөнгөтэй олгох бол хэдэн төгрөгийн хураамж төлөх бол?

-Одоогоор төлбөр мөнгөний тухай тодорхой шийдвэр гараагүй байна. Засгийн газраас тогтоол гарах ёстой.

-Ухаалаг үнэмлэх нь тухайн иргэний бүхий л мэдээллийг нууцын өндөр зэрэглэлд агуулсан байна гэж байсан. Нууцлалын тухай?

-Энэ үнэмлэх маань өөр дээрээ сүүлийн үеийн шилдэг технологийг ашигласан нууцлал агуулсан. Ерөнхийдөө арав гаруй төрлийн нууцлалтай. Мөн чип дотроо мэдээлэл хадгална. Одоо дэлхийн олон улс оронд ашиглагдаж байгаа цахим үнэмлэхний хамгийн сүүлийн үеийн стандартыг агуулсан.

-Тэгвэл сунгалт энэ тэр гэж байх уу. Хүчинтэй байх хугацааны хувьд?

-Одоо мөрдөгдөж байгаа хуулиар иргэний үнэмлэхийг 16 насандаа анх авч 25, 45 насандаа сунгуулна гэж заасан. Үүнийг л мөрдөнө.

Нийтлэлч
Б.Мягмар
Эх сурвалж
Ардчилал сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.