Ноосонд зэрэг харгалзахгүй урамшуулал олгохоор болжээ
- Засгийн газрын 30 дугаар тогтоолоор нэгдүгээр зэргийн ноосонд килограмм тутамд нь 2000 төгрөгийн урамшуулал олгох болсон.
- -Засгийн газрын тогтоолоор хонины болон тэмээний нэгдүгээр зэргийн ноосонд килограмм тутамд нь 2000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэр гарсан.
Засгийн газрын 30 дугаар тогтоолоор нэгдүгээр зэргийн ноосонд килограмм тутамд нь 2000 төгрөгийн урамшуулал олгох болсон. Энэ урамшууллыг хэрхэн олгож байгаа талаар ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Батцэцэгээс тодрууллаа.
-Салбарын сайд хэлэхдээ арван нэгдүгээр сард багтан найман аймгийн малчдад ноосны урамшуулал олгоно гэж байсан. Асуудал шийдэгдсэн үү?
-Засгийн газрын тогтоолоор хонины болон тэмээний нэгдүгээр зэргийн ноосонд килограмм тутамд нь 2000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэр гарсан. Хэрэгжүүлэх 150 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын бондыг арилжаалах замаар гаргахаар болсон. Өнөөдрийн байдлаар орон нутагт 640 гаруй итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдон ажиллаж байна. Уг нь, жeрмандаа нэгдүгээр зэргийн ноосонд урамшуулал олгох юм. Журмынхаа дагуу л материал бэлтгээд дуусаж байсан. Гэтэл тушаасан ноосонд нь зэрэг харгалзахгүй урамшуулал өгөх нь зүйтэй гэсэн санал гарсан байна билээ. Өнгөрсөн сарын 30-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар орж дэмжигдээд УИХ-д өргөн баригдсан байна.
-Тушаасан ноосонд нь зэрэг харгалзахгүй урамшуулал олгоно гэвэл төсөв санхүү нь дийлэх үү. Танайхаас энэ талаар тооцоо судалгаа хийсэн биз дээ?
-Бид нэгдүгээр зэргийн ноос болон бусад тушаасан ноосонд урамшуулал олгох тооцоо хийсэн. Гэхдээ шийдвэр гарсны дараа мөнгийг нь олгоно. Энэ мөнгө тухайн сумын төрийн санд малчных нь нэрээр нь орно. Өөр хүн авах боломжгүй. Ноосны хэмжээг тэр малчны тэмээ болон хонины тоотой харьцуулж гаргаж байгаа учир энэ тэндээс цуглуулсан ноосонд урамшуулал авах боломжгүй. Энэ жил үндэсний үйлдвэрүүд 8360 тонн ноос малчдаас авсан.
-Энэ урамшууллыг хэдэн он хүртэл олгох вэ?
-2013 он хүртэл малчин, мал бүхий иргэдэд олгоно. Мөн оны долдугаар сараас эхлэн хоршоодоор дамжих юм. Тэгэхээр түүхий эд бэлтгэлийн хоршоодод малчид хамрагдах шаардлагатай болно. Хоршоод өөрийнхөө хоршооны гишүүдийн бэлтгэсэн ноосыг итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөр дамжуулан үндэсний үйлдвэрүүдэд олгох юм.
-Өнөөдөр килограмм ноосны зах зээлийн ханш хэд байгаа талаар?
-Өнгөрсөн жил орон нутагт нэг килограмм ноос 300-400 төгрөг хотод 700-800 төгрөг байсан. Төр ноосны салбарт дэмжлэг үзүүлснээр ноосны үнэлэмж өсөж малчдын мөнгөн орлого өслөө. Тэгвэл энэ жил килограмм ноос орон нутагт 700 төгрөгт хүрч, хотод 1000-1200 төгрөг болсон. Төрийн дэмжлэгийн зорилго нь нэгдүгээрт малчдын мөнгөн орлогыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт анхан шатны ангилан ялгалт хийсэн үйлдвэрлэлийн шаардлагад нийцсэн ноос бэлтгүүлэх юм. Эхнээсээ малчид энэ тал дээр анхаарч л байна.
Ардчилал сонин