Долоон аймгийн 12 суманд мал бэлчээх аргагүй болох төлөвтэй
- Хатуухан, хахир өвөл өнөө жил айлчилсан гэдгийг малчид зөнгөөрөө мэдэрч, олон жилийн туршлагаараа хэлээд байгаа.
- Яг одоогийн байдлаар цас их орсноос хүндэрч, асуудал үүсгэсэн аймаг, сум алга.
Хатуухан, хахир өвөл өнөө жил айлчилсан гэдгийг малчид зөнгөөрөө мэдэрч, олон жилийн туршлагаараа хэлээд байгаа. Харин ОБЕГ-ын цаг уур хариуцсан мэргэжилтэн Ч. Туяагаас энэ өвөлд хэрхэн бэлтгэсэн, зуднаас сэргийлэх талаар ямар ажил хийж байгаа талаар лавлалаа.
-Нийт нутгаар өвөлжилт ямар байна вэ?
-Яг одоогийн байдлаар цас их орсноос хүндэрч, асуудал үүсгэсэн аймаг, сум алга. ОБЕГ-ын хувьд өдөр тутам бэлэн байдалд ажилладаг. Шаардлагатай үед ерөнхий газрын даргын тушаалаар шуурхай бүлгийг яаралтай томилон ажиллуулдаг. Өчигдөр Ус цаг уурын хүрээлэнгээс ирсэн мэдээгээр Булган аймгийн Могод, Дорнод аймгийн Сэргэлэн, Увс аймгийн Түргэн, Сагил сумын нутгаар 20-30 см зузаан цастай, Архангайн Хотонт, Хангай, Тариат, Чулуут, Хашаат, Дорноговийн Улаанбадрах, Дундговийн Цагаан-дэлгэр, Өвөрхангайн Бүрд суманд цас нягтарч хатуурсан. Үүнээс болж долоон аймгийн 12 сумын нутагт бэлчээрт мал идээшлүүлэхэд хүндэрч болзошгүй боллоо. Үүнийг дээрх сумдын удирдлага, ард иргэдэд сэрэмжлүүлсэн. Эдгээр газарт цасны зузаан нь 0.25-0.37 г/шоо см байгаа юм. Ерөнхийдөө урьдчилсан байдлаар нийт нутгаар арван хоёр, нэг, гуравдугаар саруудад олон жилийн дунджаас ахиу хэмжээний цас орох төлөвтэй.
-Тэгвэл ОБЕГ өвөлжилт хүндрэх төлөвтэйг мэдсэн учир авах арга хэмжээгээ боловсруулсан уу?
-Манайх цаг уурын хүрээлэнгээс урьдчилсан мэдээ авсан даруйдаа наймдугаар сараас орон нутаг руу албан тоот явуулсан. Арванхоёрдугаар сарын 10-наас өмнө зам, даваа хаагдахаас урьтаж орон нутагт өвс тэжээл татах, нөөцлөх ажлыг хийж эхэлсэн. Мөн холбогдох мэргэжлийн байгууллагынхантай хамтран дулаан, ус хангамжийн ажлаа жигд болгож байгаа. Ирэх сард л гэхэд Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутаг, Ховд, Баянхонгор, Архангайн зүүн хойд, Говь-Алтай, Өвөрхангай, Хэнтийн баруун хойд, Хөвсгөлийн баруун хойд ба зүүн өмнөд нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орно.
О.Намчин
Эх сурвалж
Өнөөдөр сонин