Автомашины дугаар үйлдвэрлэгчдийг шалгаж эхлэв
2011.12.05

Автомашины дугаар үйлдвэрлэгчдийг шалгаж эхлэв

Автомашины дугаар үйлдвэрлэгчдийг шалгаж эхлэв
ТОВЧХОН
  • Мөн шугамын замаар шалгалт хийж, автомашинуудын дугаарыг дээрх стандартын дагуу байгаа эсэхийг тодруулж эхэлсэн.
Авто тээврийн газрын Тээврийн хэрэгслийн оношилгоо, бүртгэл, техник технологийн хэлтсээс автомашины улсын дугаарын стандартыг хангуулах, шаардлага хангаагүйг нь хураан авах, дугаарын давхардлыг арилгах аян эхлүүлсэн. Аяны хүрээнд автомашины дугаар үйлдвэрлэж буй газруудыг шалгаж, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний зөвлөлөөс баталсан Тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэгийн MNS 4410:2002 стандартыг хангаж байгаа эсэхийг хянах аж.

Мөн шугамын замаар шалгалт хийж, автомашинуудын дугаарыг дээрх стандартын дагуу байгаа эсэхийг тодруулж эхэлсэн. Хэрэв стандартын бус дугаартай автомашин байвал зохих журмын дагуу дугаарыг нь хураан авч, анх үйлдвэрлэсэн газарт нь шилжүүлж үнэ төлбөргүй дахин гаргуулах аж.

Улсын дугаарын тэмдэгийн үндсэн материал нь хөнгөн цагааны хайлш байх ёстой бөгөөд зузаан нь 1.0-0.2 мм, будаг эсвэл гэрэл ойлгогчоор хийсэн байж болох аж. Дугаарын тэмдэгийн үсэг, тоо, хүрээ нь тохирох хэмжээ, өнгийн бэлдэц дээр товойлгон хэвлэж, зохих өнгөөр ялгасан хийцтэй байх ёстой. Мөн Олон улсын замын Венийн конвенцийн дагуу улсын дугаарын тэмдэг дээр улсын нэрийн товчлол "MNG" болон соёмбо гэх мэт ялгах тэмдэг, тэмдэглэгээ хэрэглэж болно гэсэн байдаг. Автомашин, мотоциклын улсын дугаар гурван үсэг, дөрвөн тоо, Трактор, өөрөө явагч хэрэгсэл, чиргүүлийнх хоёр үсэг, дөрвөн тооноос бүрдэх юм байна. Автомашин, трактор, өөрөө явагч хэрэгсэл, чиргүүлийн улсын дугаарын ялгах үсэг нь тооны ард, харин мотоциклынх урд нь байна. Бүх төрлийн автомашины улсын дугаарын тэмдгийн дэвсгэр нь цагаан, тоо, үсэг, хүрээ нь хар өнгөтэй, УБ эсвэл УН серийг заасан цагаан толгойн үсэг байх талаар заасан байдаг. Харин дипломат болон олон улсын байгууллага, тэдгээрийн ажилчдын тээврийн хэрэгслийн дугаарын тэмдэгийн дэвсгэр нь улаан, тоо, үсэг, хүрээ нь цагаан, ДК, ОУ тэмдэглэгээтэй байх аж.

Замын цагдаагийн ерөнхий газраас "Одоогийн байдлаар 3000 орчим давхардсан дугаар байна" гэсэн мэдээлэл өгсөн. Тиймээс эдгээр 3000 орчим давхардсан дугаарын тээврийн хэрэгслийг тодорхой болгож, эзэмшигчдэд нь мэдэгдэн, хурааж аваад сольж өгөх ажлыг үргэлжлүүлж байгаа аж.
Нийтлэлч
Б.Баатар
Эх сурвалж
Улс төрийн тойм сонин
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.