Манай улс эхийн эндэгдэлээр дунд зэрэгтэй орны тоонд оржээ
2011.11.30

Манай улс эхийн эндэгдэлээр дунд зэрэгтэй орны тоонд оржээ

Манай улс эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны тоонд оржээ
ТОВЧХОН
  • Засгийн газар, ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сан хамтран “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний тавдугаар бага хурлыг өчигдөр зохион байгууллаа.
  • Хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн нэгдэл, сум дундын эмэгтэйчүүдийн эрх барих эмч, өрхийн эмнэлэг гээд шат шатны байгууллагын төлөөлөл оролцлоо.
Засгийн газар, ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сан хамтран “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний тавдугаар бага хурлыг өчигдөр зохион байгууллаа. Бага хурлаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа дүгнэн хэлэлцэхийн сацуу тулгамдаж буй бэрхшээл болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө боловсруулсан юм.

Хуралд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн нэгдэл, сум дундын эмэгтэйчүүдийн эрх барих эмч, өрхийн эмнэлэг гээд шат шатны байгууллагын төлөөлөл оролцлоо. Зохион байгуулагчид орон нутгийн төлөөлөл оролцон санал бодлоо солилцож, бэрхшээлтэй асуудлаа хэлэлцэж байгаа нь өмнөх жилүүдийнхээс илүү үр өгөөжтэй, давуу талтай болсныг онцолсон юм.

Бага хурлаар хэд хэдэн асуудал хөндөн ярилцсанаас эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг түлхүү авч ярилаа. Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа нар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.

Дэд сайд Ж.Цолмон тавьсан илтгэлдээ, эхийн эрүүл мэндийг сайжруулахад хамгийн үр ашигтай аргын нэг нь гэр бүл төлөвлөлт. Гэтэл залуус орой гэрлэх болсон нь хожуу төрөлтийн үндэс болж байна. Энэ нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд хүндрэлтэй зүйлс гарах шалтгаан болдог. Бас нэг анхаарал татсан асуудал нь манай улсын нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 46 хувь нь ямар нэг суурь өвчтэй байгаа нь арван жилийн өмнөхтэй харьцуулахад 40 хувиар нэмэгдсэн гэдгийг онцлов.

Дэлхийд жилд 180-120 сая жирэмслэлт, 75 сая хүсээгүй жирэмслэлт, 55 сая үр хөндөлт, 20 сая амь насанд аюултай үр хөндөлт бүртгэгддэг аж. Мөн жилд 375 мянган эх жирэмслэлт, төрөхийн хүндрэлээс шалтгаалан нас барж, гурван сая нярай амьгүй төрж, мөн тооны нярай эхний долоо хоногтойдоо нас бардаг гэсэн судалгаа бий. Харин манай улсад жилд дунджаар 80 мянга гаруй жирэмслэлт бүртгэгддэгээс 12 мянга нь хүсээгүй жирэмслэлт байдаг аж. Энэ нь 35 хүн тутамд нэг жирэмслэлт бүртгэгддэг гэсэн үг.

Хуралд оролцогсод төр, засгаас авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээ, олон улс болон улс хоорондын түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагаа, техникийн болон санхүүгийн дэмжлэгийн үр дүнд эхийн эндэгдэл 2005 онд 100 мянган амьд төрөлтөнд 89.6 хувь байсан бол энэ онд 49.6 хувь болж бууран, 2015 оны зорилтот төвшинд хүрсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улс эхийн эндэгдэл өн дөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны тоонд орсон хэмээсэн юм.

Мөн эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах ажил дан ганц эрүүл мэндийн салбарынх биш. Үүнд гэр бүлийн гишүүдийн хамтын ажиллагаа, хувь хүн, албан байгууллага, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын оролцоо чухал үүрэгтэй гэдэгтэй олон хүн санал нийлж байлаа.

Мөн иргэний нийгмийн байгууллагуудыг мэргэшүүлж, хамтарч ажиллах талд санал нэгдсэн юм. Орон нутагт тулгамдаж буй нэг асуудал нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн үзлэгт оруулах, суурь өвчнийг эрт илрүүлэх талд сумдад хүрч ажиллах явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалтгүй байгаа явдал. Харин нийслэлийн захын дүүргүүдэд шилжилт хөдөлгөөний бүртгэл байхгүйгээс жирэмсний хяналтад орж, эмнэлгийн анхан шатны тусламж авч чаддаггүй зэрэг асуудал хөндөгдсөн юм.

Энэ үеэр Нийслэлийн эрүүл мэндийн газар, Цус сэлбэх үндэсний төв, Хүүхдийн нялхсын эрүүл мэндийн төв, “Mary stops” зэрэг байгууллага хийсэн ажлаа дэлгэн харуулсны зэрэгцээ ирсэн зочдод гарын авлага тараалаа.
Нийтлэлч
С.Дулам
Эх сурвалж
Монголын үнэн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.