Машин нүүрс хагас сая төгрөг хүрчээ
- Цайз зах" дээр нүүрс ямар үнэтэй байгааг сурвал¬жиллаа. "ЗИЛ 130" машин нүүрс таван зуун мянган төгрөгийн үнэтэй байна.
- Харин портер машин нүүрс 280-320 мянган төгрөг, жижиг шуудай нүүрс 1300 төгрөгийн үнэтэй байна.
“Цайз зах" дээр нүүрс ямар үнэтэй байгааг сурвалжиллаа. "ЗИЛ 130" машин нүүрс таван зуун мянган төгрөгийн үнэтэй байна. Харин портер машин нүүрс 280-320 мянган төгрөг, жижиг шуудай нүүрс 1300 төгрөгийн үнэтэй байна. Нүүрсний үнэ нэмэгдсэн шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байв. Налайхын хувийн уурхайнуудыг хааснаас хойш нүүрс ачсан машин ховор орж ирж байгаа гэнэ. Нүүрс олдохгүй байгаагаас гадна тээврийн зардал өссөн хэмээн ченжүүд тайлбарлаж байв. Нүүрсний худалдаа эрхэлж байгаа Ч.Жак ийн ярьж байна.
-Нүүрсний үнэ яагаад өссөн бэ?
-Налайхаас ирж байгаа нүүрс үнэтэй байна. Цаанаасаа үнэ нь өсчихсөн орж ирвэл бид өсгөөд, буусан байвал үнийг нь хямдруулаад зардаг.
-Нүүрснийхээ үнийг яагаад өсгөөд байгаа юм бол?
-Нүүрс ачсан машин цөөхөн орж ирж байна. Хуучин энэ гудамжинд нүүрс ачсан машин дүүрэн зогсдог байлаа. Одоо ганц хоёр л машин зогсож байгааг харж байгаа биз дээ. Налайхын уурхайд аваар их гардаг. Хэд хоноод нэг хүн нас барсан гэж сонсогдох юм байна шүү дээ. Тэгээд хувийн уурхайнуудыг бүгдийг нь хаасан. Цөөхөн хэдэн уурхай ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор нүүрс ховор орж ирж байна. Тэгээд нүүрсний үнэ нь өссөн байх.
-Өнгөрсөн жил нүүрс хэдэн төгрөгийн үнэтэй байсан бэ?
-Өнгөрсөн жилийн өвөл "ЗИЛ 130" машин нүүрс 350 мянган төгрөг байсан. Одоо 500 мянган төгрөгийн үнэтэй байна. Ганц машин нүүрс хагас сая төгрөгөөр авах болж байгаа учир ард иргэд бухимдах нь аргагүй шүү дээ. Одоо цалин хөлс хэдэн төгрөг байгаа билээ. Гэтэл нүүрснийх нь үнэ дийлдэхгүй байдаг. Хөлдөж үхэхгүйн тулд үнэтэй ч гэсэн авахгүй гээд яахав дээ.
-Та нарыг нүүрсний үнийг дураараа нэмж худалддаг гэж шүүмжлэх хүн олон байна. Нүүрсний үнийг яаж тогтоодог юм бэ. Хоорондоо ярилцаж байгаад ашигтай үнээрээ зардаг уу?
-Налайхаас ирж байгаа нүүрс хоёроос гурван шат дамжлагатай. Уурхайн эзэд нүүрсээ нэг үнээр зарна. Хувьдаа машинтай хүмүүс Налайхын уурхайнуудаас ачиж ирсэн нүүрсээ бас үнэ тохироод бидэнд худалддаг. Бид ашиг олох гэж л өвлийн хүйтэнд энд зогсож байгаа учраас мэдээж хэдэн төгрөг гаргаж авах гээд үнэ нэмнэ. Уурхай дээрээ нүүрсний үнэ өсөөд байгаа гэсэн. Гэхдээ хэдэн төгрөг хүрээд байгааг мэдэхгүй байна. Тэрнээс биш бид нар дуртай үнээрээ худалдана гэж байхгүй. Бид ч бас ар гэрээ, хүүхдүүдээ тэжээх гэж гадаа зогсож байгаа. Адилхан ядарсан иргэд шүү дээ.
-Өдөрт хичнээн шуудай нүүрс худалддаг вэ?
-Зуу гаруй шуудай нүүрс зарна. Цайз захаас гадна гэр хорооллын айлуудын гудамжинд нүүрс худалддаг олон иргэд байна шүү дээ. Бүгд л хоногийн хоолоо залгуулахаар явж байгаа ядарсан иргэд. Нүүрс зараад баяжаад байгаа хүнийг хайгаад олохгүй дээ. Нүүрсний уурхайн эзэд, уурхайн ам худалдаж авсан хүмүүс л энэ далимд баяжиж байгаа байх.
-Нүүрсний шуудайн хэмжээ гялгар уутнаас жижигхэн боллоо. Шуудайгаа хаанаас авдаг вэ. Өөрсдөө хэмжээг нь захиалж оёулдаг юм уу?
-Шуудай Хятадаас л орж ирдэг шүү дээ. Хэмжээ нь яагаад жижгэрээд байгааг мэдэхгүй байна. Хил гааль дээр хяналт тавих ёстой байх аа. Бид нар хэмжээ өгч захиалга өгдөггүй. Шуудай зардаг ченжүүд байдаг. Тэд нар хятадуудтай ярьж тохирдог юм уу гэхээс, сайн мэдэхгүй байна. Шуудайны үнэ нэмэгдсэн байна лээ. Хятадаас орж ирэхгүй тасарсан гэсэн. Нэг шуудай 70 төгрөгийн үнэтэй байсан бол одоо 90 төгрөгөөр худалдан авч байна. Өнөө өглөө булаацалдаж байж хэдэн боодол шуудай авсан шүү.
-Мод ямар үнэтэй байна?
-Хар мод шуудайгаараа 1300 төгрөг, цаанаасаа 1200 төгрөгөөр орж ирж байгаа.
-Нэг айл өдөрт хэдэн шуудай нүүрс түлдэг бол?
-Хэрэглээгээрээ болно. Том зуухтай айл өдөрт хоёр шуудай нүүрс авдаг. Гэрт амьдардаг айлд өдөрт нэг шуудай нүүрс хангалттай байдаг гэв.
Чиргүүлтэй машинд нүүрс зарж байсан хэдэн залуустай уулзсан юм. Замын хажууд байрлах жижиг амбаарт 18-23 насны гурван залуу сууж байна. Саяхан нэг чиргүүлтэй нүүрсээ худалдчихаад гаднаас орж ирээд дулаацаж байгаа нь энэ аж. Тэд "Нүүрсний үнийг хэдхэн монополь компаниуд тогтоож байна шүү дээ. Налайхын хувийн уурхайнуудыг хаасан. Одоо нүүрсний тоотой хэдэн компани ажиллаж байна. Бид өдөр шөнөгүй дугаарлаж зогсож байж ганц чиргүүлтэй машин нүүрс олж ирлээ. Нүүрс авахаар очсон олон машин дугаарлаад үлдсэн.
Уурхайн эздээс нүүрснийхээ үнийг бага зэрэг хямдруулаач гэхээр "авбал ав, авахгүй бол боль" гэж загнадаг. Уурхай дээрээс нэг машин нүүрс 320-400 мянган төгрөгөөр худалдаж авч байна. Дээр нь тээвэрлэлтийн зардал гарна. Хонон өнжин явж ирээд нэг чиргүүлтэй машин нүүрснээс 80 мянган төгрөгийн ашиг олдог шүү дээ. Чиргүүлгүй дан машин нүүрс ачиж ирвэл ашиг гардаггүй" гэв.
Х.Цэнд-Аюуш
Эх сурвалж
Өдрийн сонин