Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн төслийн талаарх саналаа УИХ-д хүргүүллээ
2011.11.15

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн төслийн талаарх саналаа УИХ-д хүргүүллээ

ТОВЧХОН
  • УИХ-д суудалтай намын бүлгүүдийн түвшинд хэлэлцэгдэж буй “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай” хуулийн төслийн сүүлийн хувилбартай өнгөц танилцаад, төсөлтэй холбогдуулж зарим санал бодлоо та бүхэнтэй зайлшгүй хуваалцах нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн төслийн талаарх саналаа УИХ-д албан бичгээр өнөөдөр хүргүүллээ.

 

Албан бичигт “Монголын ард түмэн ирэх жил төрийн эрх барих дээд байгууллага-Улсын Их Хурлаа  бүх нийтийн ардчилсан сонгуулиар байгуулах учиртай билээ.  Улсын Их Хуралд суудалтай намууд ч үүнд онцгой ач холбогдол өгч, сонгуулийн хууль тогтоомжоо боловсронгуй болгох талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж, сонгуулийн санал тооллогын булхиа будилааныг арилгах, санал хураалтын дүнг түргэн шуурхай гаргах, өртөг зардлыг хямд төсөр  болгох талаар дэвшилтэт техник технологи нэвтрүүлэхээр хуулийн төсөлд тусгасан нь сайшаалтай. Мөн бусад намууд ч хуулийн төслийн талаар санал, бодлоо илэрхийлж байгаад талархаж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Бусад нам, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын санал бодлыг ч анхааралтай судлан үзэж, хуулийн төслөө улам чамбайруулахад ашиглана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлье.

 

УИХ-д суудалтай намын бүлгүүдийн түвшинд хэлэлцэгдэж буй “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай” хуулийн төслийн сүүлийн хувилбартай өнгөц танилцаад, төсөлтэй холбогдуулж зарим санал бодлоо та бүхэнтэй зайлшгүй хуваалцах нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

 

Нэг. Шударга, ардчилсан сонгуулийн үр дүнд сонгогдсон УИХ-ын гишүүний бүрэн эрх, мандат нь хууль ёсны, маргашгүй, хүлээн зөвшөөрөгдсөн байх нөхцлийг баталгаажуулах нь чухал гэдгийг анхаарна уу. УИХ-ын гишүүний бүрэн эрх хууль ёсны байна гэдэг бол УИХ өөрөө хууль ёсных байхын баталгаа учир сонгуулийн холимог тогтолцоог  анх удаа нэвтрүүлэх гэж байгаа энэ цаг үед уг асуудлыг  хууль зүй, ёс зүй, улс төрийн гээд олон өнцгөөс нь ул үндэстэй авч үзэж, нарийн зохицуулалт хийвэл зохино.

 

Хоёр. УИХ-ын гишүүнд  нэр дэвшүүлэх, эрэмблэх, албажуулах нийтлэг зарчим, хэм хэмжээ, журам, түүнд төрийн эрх бүхий байгууллага, тухайлбал Сонгуулийн ерөнхий хороо хэрхэн хяналт тавихыг хуульчлах шаардлагатай гэж үзэж байна.  Төрийн сонгуульд нэр дэвшүүлэх нь төрт ёс, төр засгийг төвхнүүлэх нэн хариуцлагатай ажлын эхлэл мөн. Ийм учраас энэ чухал харилцааг нийтлэг хэм хэмжээгээр зохицуулбал зохино.

 

Гурав. Сонгуулийн ямар тогтолцоотой байх вэ гэдэг чухал. Гэхдээ тогтолцооноос үл хамааран тухайн хууль нэг мөр, жигд, ягштал  мөрдөгддөг байх нь түүнээс ч дутуугүй чухал. Ийм учраас сонгуулийн бүхий л үе шат, тэдгээрт  хамааралтай этгээдүүдийн эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг нарийвчлан зааж, сонгуулийн үйл ажиллагааг тасралтгүй, үр дүнтэй явуулж дуусгах, нөгөө талаар аливаа хийдэл, цалгардал, хариуцлагагүй болон хууль бус, бусармаг явдал гарах үүд хаалгыг хаах нь чухал гэж үзэж байна.

 

Дөрөв. Иргэний  сонгуулийн эрхийг хангах талаар, гадаадад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдээс гадна улс дотроо томоохон бүтээн байгуулалтын төслүүд дээр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж буй иргэдийн шилжилт хөдөлгөөн, тэдгээрийн сонгуулийн эрхийг эдлүүлэхтэй холбоотой харилцааны зохицуулалтыг хуулийн төслийн 23 дугаар зүйлд нарийвчлан тусгах шаардлагатай.

 

Тав. Нэр дэвшигчийг төрийн албанаас чөлөөлөх тухайд. Төслийн 28 дугаар зүйлд,  сонгуульд нэр дэвшигчийг төрийн албанаас болон ажил, албан тушаалаас нь чөлөөлөх тухай харилцааг зохицуулсан нь өмнөх жилүүдэд хөндөгдсөөр ирсэн асуудлыг шийдвэрлэх гэсэн алхам хэдий ч тус улсын хүн амын тоо, боловсон хүчний нөөц зэргийг харгалзан үзвэл хэт урт хугацаа тогтоосон, туйлширсан шинжтэй байх тул  дээрх хугацааг богиносгох, тухайлбал төрийн албанаас 6 сарын өмнө биш, 3 сарын өмнө чөлөөлөгддөг байх нь зүйтэй гэж үзэж байна.

 

Зургаа. Сонгуулийн сурталчилгааны тухайд. Хуулийн төслийн 39 дүгээр зүйлд: “39.10.Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сурталчилгааны нэвтрүүлгийг төлбөртэй явуулж нэвтрүүлж болох бөгөөд сурталчилгааны төлбөртэй нэвтрүүлгийн нийт хугацаа нь хоногт нэг цагаас хэтрэхгүй байна.” хэмээн телевиз, радиогийн нэвтрүүлгийн цагийг хязгаарласан нь  нэр дэвшигчдэд ижил боломж олгох тухай сонгуулийн хуулийн зарчим цаг хугацааны хүчин зүйлээс болж зөрчигдөхөд хүрч болзошгүй байгааг анхаарч,  дээрх хугацааг уртасгах, хувийн хэвшлийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийг ашиглан нэр дэвшигчид сурталчилгаагаа хийх боломжийг олгох нь зүйтэй гэж үзэж байна.

Долоо. Хэвлэл мэдээллийн байгууллагад хүлээлгэх хариуцлагын тухайд,

Хуулийн төслийн 9 дүгээр зүйлд  “9.6.Энэ хуулийн 9.2-т заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажилтныг гишүүнийг 200000-300000 төгрөгөөр, 9.4-т заасныг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагыг 5000000-10000000 төгрөгөөр, албан тушаалтныг 250000-350000 төгрөгөөр торгоно.”

39 дүгээр зүйлд “39.22.Энэ хуулийн  39.1, 39.3, 39.7, 39.10, 39.13-т заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 5000000-10000000 төгрөгөөр торгоно.” гэж заасан нь шударга бус байна.

 

Төрийн өндөр, хариуцлагатай албан тушаалд нэр дэвшиж буй этгээд нь тэр хэмжээгээр өндөр хариуцлага хүлээдэг байх учиртай тул төлбөртэй сурталчилгааны хариуцлагыг өөрөө л хүлээдэг байх нь зөв. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд хүлээлгэх хариуцлагатай холбоотой харилцааг Хэвлэлийн эрх чөлөөний тухай суурь хуулиар зохицуулж байх нь зүйтэй бөгөөд ингэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хүлээлгэх хариуцлагын хэмжээг албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагаас хүндрүүлэх ёсгүй гэж үзэж байна” гэжээ.

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.