Ганц бие ахмад настанг асарч байгаа иргэнд нийгмийн халамжийн тэтгэмж олгодог
2011.11.15

Ганц бие ахмад настанг асарч байгаа иргэнд нийгмийн халамжийн тэтгэмж олгодог

Ганц бие ахмад настанг асарч байгаа иргэнд нийгмийн халамжийн тэтгэж олгодог
ТОВЧХОН
  • 2008 оноос эхлэн Нийгмийн халамжийн тухай хуулинд тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангийн хүнгүй, ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй ахмадыг гэр бүлдээ тэжээн тэтгэж асарч байгаа иргэнд тэтгэмж өгдөг болсон.
  • Янз бүр байдаг. Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, тусламж, нийгмийн халамж, алдар цолтой ахмад настнуудад үзүүлэх тусламж, хөнгөлөлт, төрөөс олгох нэмэгдэл гэх зэрэг байна.
Тэжээн тэтгэх хүүхэд, төрөл садангийн хүнгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэнд нийгмийн халамжийн тэтгэмж олгодог байна. Энэ талаар Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн С. Дариймаагаас тодрууллаа.

-Тэжээн тэтгэх үр хүүхэдгүй ахмад настанд тэтгэмж өгдөг. Үүнийг хэрхэн олгодог юм бэ?
-2008 оноос эхлэн Нийгмийн халамжийн тухай хуулинд тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангийн хүнгүй, ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй ахмадыг гэр бүлдээ тэжээн тэтгэж асарч байгаа иргэнд тэтгэмж өгдөг болсон. Зарим ахмад настны хувьд асрамжийн газар очих хүсэлгүй байдаг. Тиймээс тэднийг ямар нэгэн байдлаар асарч байгаа хүнд асарч тэтгэж байгаа халамжийн мөнгийг олгож байгаа юм.
-Ахмад настанг тэжээн тэтгэж, асарч байгааг ямар байдлаар тогтоодог юм бэ?
-Ганц бие ахмад настанг тэжээн тэтгэж байгаа гэдгийг хорооны Засаг дарга, болон Амьжиргааг дэмжих зөвлөл тогтооно. Зөвлөл тогтоосны дагуу Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар материалыг хүлээн авч шалгаад, хэрвээ энэ нь үнэн бол тэтгэмжийг олгодог.
-Тэтгэмжийг сар бүр олгодог юм уу. Эсвэл жилд ганц удаа олгох уу?
-Тухайн ахмад настанг гэр бүлдээ авч асарч байгаа иргэдэд тэтгэмжийг сар бүр олгоно. Өөрөөр хэлбэл, сар бүр 53800 төгрөг олгоно гэсэн үг.
-Ахмад настанг асарч байгаа иргэн тэтгэмж авахдаа ямар бичиг баримт бүрдүүлдэг юм бэ?
-Тэтгэмж авахыг хүссэн өргөдөл, сум хорооны Засаг даргын тодорхойлолт хэрэгтэй. Ганц бие ахмад настны иргэний үнэмлэх, тэжээн тэтгэж байгаа хүний иргэний үнэмлэхний хуулбар байх хэрэгтэй. Дээр хэлсэн тухайн ахмад настан нь тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангийн хүнгүй, ганц бие болохыг тодорхойлсон Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр хэрэгтэй. Хэрвээ тухайн настан нас барсан тохиолдолд нас барсан сар болон түүний дараагийн сарыг дуустал тэтгэмжийг олгоод зогсоодог журамтай.
-Үүнээс гадна ахмад настнууд ямар ямар халамж авах эрхтэй байдаг юм бэ?
-Янз бүр байдаг. Ахмад настанд үзүүлэх хөнгөлөлт, тусламж, нийгмийн халамж, алдар цолтой ахмад настнуудад үзүүлэх тусламж, хөнгөлөлт, төрөөс олгох нэмэгдэл гэх зэрэг  байна. Тодруулбал, эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхэлдэггүй хөдөлмөрийн насны иргэнд мөн тэтгэмж олгодог.

Мөн тэжээн тэтгэх хүүхэдгүй эсвэл хууль ёсны тэжээн тэтгэгч дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настанд болон хүндэт донор ахмад настанд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж үзүүлдэг. Үүнээс гадна нийслэлээс 1000 ба түүнээс дээш км-т алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настанг аймгийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд унааны нэг талын зардлыг жилд нэг удаа нөхөн олгодог.
Нийтлэлч
Э.Пагмадулам
Эх сурвалж
Монголын мэдээ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.