Гадаадад оюутан зуучлагч байгууллагыг шалгажээ
2011.11.15

Гадаадад оюутан зуучлагч байгууллагыг шалгажээ

ТОВЧХОН
  • 2000 орчим хүүхдийг АНУ-д ажиллуулж, амруулахаар өнгөрсөн зун явуулсан байгаа юм
  • Хяналт шалгалтын ажил зохион байгуулж байгаа нь сайшаалтай хэрэг юм.
Сүүлийн жилүүдэд оюутан солилцооны хөтөлбөрөөр АНУ-д зуны амралтаа өнгөрөөх сонирхолтой оюутан залуучууд их болжээ. Гадаад улс оронд амарч, ажиллана гэдэг сайхан ч гэлээ ард нь гэмт хэрэг, муу үр дагавар, эрсдэл дагалдаж явааг үгүйсгэх аргагүй юм. АНУ-д зуны 3 сар ажиллаж амрахаар очсон оюутнууд идэх хоолгүй, хоноглох газаргүй байгаа талаархи мэдээлэл хэвлэлийн хуудаснаас салахаа байсан.

Эрх чөлөөний оронд очоод үлгэрийн мэт газар ажиллаж, амьдарч байгаад ирнэ гэсэн гэгээн мөрөөдөл нь Америкт хөл тавьсан даруйд өөрчлөгдөж 3-4 сар хүний нутагт очих газаргүй, эрсдэл дунд үлдэж байгаа нь зуучилсан байгууллагын буруу юм. Нөгөөтэйгүүр найдваргүй байгууллагыг сэтгэлийн хөдөлгөөнөөр сонгож Америкийн талын байгууллагуудыг нь судлалгүйгээр амь насаа даатгасан оюутнуудын буруу билээ. Үүнээс гадна Америкт оюутнуудын зуучилж байгаа байгууллагуудыг тэнгэрийн элч мэтээр хүлээн авч хяналт, хариуцлага тооцолгүйгээр нүдэн балай чихэн дүлий өнгөрүүлж буй төрийн байгууллагуудын буруу юм. Арга зам нь зорилгоо зөвтгөдөг гэж мэргэн үг байдаг. Яг энэ зарчмаар зуучлагч байгууллагууд оюутан залуучуудыг Америкт аялуулж, ажиллуулна гэсэн гэгээлэг зорилгоор халхавчлан оюутан бүрээс 2 сая төгрөг авч явуулчихаад эргээд хариуцлагаас хялбархан мултарч байгаа нь нууц биш юм. Өөрөөр хэлбэл хэн дуртай нь гадагшаа оюутнуудыг гаргаж мөнгө олж байна. Зарим нэг буруу санаатай, мөнгөний хойноос хөөцөлдөгсөд оюутан залуусын хүсэл, тэмүүллийг ашиг олох хэрэгсэл болгож, улмаар гэмт хэргийн золиос болох үүд хаалгыг нээж байгаа юм.

АНУ-аас олгодог Жи 1 виз нь оюутан солилцооны журмаар олгогддог виз билээ. Энэ визээр манай улсын хэд хэдэн зуучлагч байгууллага жилдээ 2000 орчим хүүхдийг АНУ-д ажиллуулж, амруулахаар өнгөрсөн зун явуулсан байгаа юм. Эдгээр компаниуд оюутнуудтай очоод хийх ажил, амьдрах байрыг нь бэлдэж өгнө гэсэн гэрээ байгуулсан боловч компаниуд гэрээний дагуу ажиллаагүйгээс болж зуучлуулж очсон оюутнууд Америкт хүндхэн байдалд орсон байна. Америкт байгаа монголчуудын туслалцаа, дэмжлэгээр нутагтаа арай хийн хөл тавьсан оюутнууд одоо ч гомдол нэхсээр байгаа. Зарим нэг телевизүүд мэдээллийн мөрөөр орж сурвалжилж байгаа сурагтай. Зуучлагч байгууллагууд оюутнуудтай гэрээ байгуулахдаа гаргасан зардлаа өөрөө сайн ажиллавал бүрэн олоод ирнэ.

Америктай танилцаад, ажиллаад, амрах сайхан боломж зэргээр сурталчилсан гэж оюутнууд хэлж байгаа. Тиймээс ч оюутнуудын дийлэнх нь хэдэн сая төгрөгийн зээл тавиад ирчихсэн. Гэртээ хоосон буцвал аав ээж нь тэр мөнгийг төлөх болохоор тэсээд тэвчээд ажиллаж байгаа ч залуус бий аж. Харин сайхан мөрөөдөл өвөртлөн ирээд хоолгүй хонож байгаа хүүхдүүдийг харсан америк дахь монголчууд сэтгэл зовнин, тэдэнд туслаж, эрх ашгийг нь хамгаалахаар хуульчдад хандахаар болсон талаараа мэдээлж байна. Америкт очоод ажилгүй яваа оюутнууд ч тэр, тэдний харж өрөвдсөн монголчууд ч тэр, бодит байдалтай нь танилцсан Америкийн өнгө нэвтрүүлгийнхэн ч ялгаагүй бүгд Монголын төр, боловсролын яам хүүхдүүдээс мөнгө аваад харийн нутагт аваачдаг ийм хөтөлбөрүүдэд хяналт тавих цаг нь болсон гэж үзэж байгаа юм. Үнэхээр ч манай улсад энэ мэт хөтөлбөрт хяналт тавьдаг газар байдаггүй.

Харин сүүлийн үед эцэг эхчүүд, оюутан залуусын шаардлагаар энэ асуудлыг цэгцлэхээр Монголын Оюутны Холбоо, БСШУЯ холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалтын ажил зохион байгуулж байгаа нь сайшаалтай хэрэг юм.Шалгалтын үр дүнд ямар ч хяналтгүй, дураараа загнаж залуусын хүсэл мөрөөдлөөр бизнес хийгчдэд хатуу хяналт тогтоож, магадлан итгэмжлэн, холбогдох эрх бүхий байгууллагаас гадаадын улс орнууд руу оюутан солилцооны хөтөлбөр явуулах эрхийг шалгуурын дагуу олгох юм байна.

Тэгэхээр оюутан залуус маань цаашдаа энэ төрлийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй бол зөвхөн шалгалтын үр дүнгийн дагуу холбогдох газраас нь зөвшөөрөл авч, магадлан итгэмжлэгдсэн байгууллагад хандах нь зөв зүйтэй алхам болох биз ээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.