Бид сурч мэдэх, хөгжиж боловсрох эрхтэй
2011.11.15

Бид сурч мэдэх, хөгжиж боловсрох эрхтэй

Улсын хөгжил сумаас, сумын хөгжил баг, хорооноос эхтэй гэж хэлж болно. Тэгвэл сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн Баянхонгор сумд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, хөгжил дэвшилд алхам алхамаар ойртож байна. Тэр дундаа Баянхонгор сумын нэгдүгээр багийн ажил үйлс, хөдөлмөр бүтээл нь арвин байгаа юм. Иргэдийнхээ тав тухтай амьдрах орчин нөхцлийг сайжруулах, хүүхэд залуучуудын хөгжил боловсролд анхаарах зэрэгт тус багийн хөгжлийн бодлого чиглэжээ. 800метр хатуу хучилттай зам, иж бүрдэл тоглоомын талбай гурван ширхэг, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн, амралт аялал жуулчлалын “Гурван бүс” цогцолбор, хөл бөмбөгийн талбай, үндэсний сурын талбай, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа сувилгааны төв, 75 ортой хүүхдийн цэцэрлэг, 50 ортой төрөх, эмэгтэйчүүдийн эмнэлэг зэрэг олон бүтээн байгуулалтыг энд хэлж болно. Баянхонгор сумын нэгдүгээр багт үйл ажиллагаа явуулж буй Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа сувилгааны төвийн үйл ажиллагаатай танилцсанаа хүргэе.

hugjliin-berhsheeltei-huuhdАмьдрал урт богиноороо бус агуулгаараа үнэлэгддэг гэсэн онч үг бий. Эл орчлонд хүмүүн заяаг олж мэндэлсэн хүн бүхэн сайн сайхан амьдарч, хөгжин дэвшиж, амьдарлаас илүү ихийг хүсэн мөрөөдөж тэмүүлж амьдардаг. Тэгвэл хэн нэгний буруутай үйлдлээс биш, өөрсдийнхөө сонголтоор биш хорвоогийн жамаар хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхдүүд ч хөгжиж сурахыг хүсч байна. Тэдний сурч мэдэх, хөгжин боловсрох эрхийг төр ханган биелүүлэхэд анхаарах учиртай. Нэгэн үе Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдийг нийгмээс гадуурхах байдлаар хандаж, тэднийг үл ойшоох аяс цухалздаг байсан нь бий. Харин одоо тэр үеийг бодвол ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө санаа тавьж ажилладаг байгууллага, хувь хүн цөөнгүй бий болсон нь бахархууштай.

Баянхонгор аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв 2010 оны долдугаар сард ашиглалтад орсон бөгөөд өнөөдөр үйл ажилгаа нь хэдийн жигдрээд байна. Орон нутгийн төсвөөс 33 сая төгрөг, Нидерландын иргэн Дир Рентор 96.7 сая, АНУ-ын иргэн Майкл Бүрдэн 7.2 сая төгрөг хандивласнаар тус байгууллага нийт 136.9 сая төгрөгийн санхүүжилтээр баригджээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд оюун санаа, эрхтэн тогтолцоо, бие бялдарын хувьд дутуу хөгжилтэй байж болох ч тэд бие даан амьдарч, өөрийгөө хөгжүүлж, сурч боловсорч, бусадтай адил нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж, инээж хөөрч, догдолж баярлаж, хүсэн мөрөөдөж явдаг нь гарцаагүй. Аав ээж, ахан дүүс хэн нэгний байнгын хараа хяналтанд байж, асаргаанд халамжлуулж амьдрах нь хүндхэн даваа. Тэдний хүсэл эрмэзлэл, ирээдүйн сайн сайхны төлөө хоёргүй сэтгэлээр ажилладаг тус хамт олон аймагтаа үнэлэгдсэн хүмүүс.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа сувилгааны төв нь 45 хүүхдийн багтаамжтай бөгөөд одоогийн байдлаар бүртгүүлээд байгаа 48 хүүхдийн 35 нь сургалтанд хамрагдаж байгаа аж. Тус төв үндсэн хоёр бүлэгтэй, том ангидаа 7-16 настнуудыг, бага ангидаа 1-6 настнуудыг хамруулан сургалтаа явуулж байгаа юм байна. Том ангидаа үндсэн нэг багш, гурван туслах багштайгаас гадна нэг эмч, тогооч, нийгмийн ажилтан, сувилагч зэрэг 10 гаруй ажилчинтай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Тус төвийн хүүхдүүд өглөө 9-16 цагийн хооронд эмчилгээ сувилгаа болон боловсрол эрүүл мэндийн чиглэлийн сургалтанд хамрагддаг байна. Энэ төвд эрүүл мэндийн бүрэн оношилгоо хийх, хүүхэд бүрт массаж, иллэг, чийрэгжүүлэлтийн төрөл бүрийн дасгал хөдөлгөөн хийлгэхээс гадна тэжээллэг хоол хүнсээр хангах, тоглож наадуулах, эмийн бус эмчилгээнд хамруулах зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлдэг аж. Ийнхүү хичээллэхдээ тэдний чадамжид тулгуурлан боловсруулан хөтөлбөрөөр ажилладаг байна. Хүүхдүүдийн хөгжлийн үзүүлэлт, бие бялдарын ахиц зэрэг тал дээр багш нар нь болон тус төвийн сувилагч нь “Ахицын судалгаа” хөтөлдөг байна. Сувилагч эрүүл мэндийнх нь чиглэлээр ажилладаг бол багш нар ахуйн дадал хэвшүүлэх тал дээр ахицын судалгааг явуулдаг гэнэ. Үүнээс гадна асаргааны төвдөө хүрч очих боломжгүй, хол гэртэй зэрэг олон шалтгаантай гэр бүлийн хүмүүжигчдээ гэрээс нь очиж авах, хүргэж өгөх зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Хүний төлөөх ариун үйлс чухам эл төвд байх аж.

Тус төвд хүмүүжигчдийг бүртгэн авахдаа Амбулаторийн нөхөн сэргээх эмчилгээний эмч н.Норжингийн үзлэгийн онош, бичгээр дамждаг байна. Цэцэрлэг болон ЕБС-д явах боломжгүй хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тус төвд хүмүүжих шаардлагатай гэсэн онош хийдэг бөгөөд Жинст, Гурванбулаг, Баацагаан  зэрэг сумдаас ч хүүхдүүд ирж суралцдаг аж. Мөн хүнд хэлбэрийн хүүхдүүд нь Шаргалжуут рашаан сувилал, Улаанбаатар хот руу эмчилгээнд явдаг байна.

Хүүхдүүд энэхүү төвдөө өдөр бүр ирэх дүүрэн хүсэл эрмэлзлэлтэй болжээ. Хагас бүтэн сайнд гэртээ өнжихдөө хүртэл “Найзууд дээрээ очъё, багшдаа очъё” гэхчлэнгээр ээж ааваасаа шаарддаг болсон гэж ар гэрийнхэн нь ярьж байна. Сум аймгийн эмч нар эмчилгээ хийгээд үр дүн гарах магадлал тун бага гээд, хэвтэрт байсан хүүхдүүд тус төвд хүмүүжсэнээр нүдэнд харагдахуйц ахиц дэвшил гарч байгааг эцэг эхчүүд онцолж байсан.

Баянхонгор аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй иргэн байдгаас 1742 нь хүүхэд байна гэсэн судалгаа гарчээ. Энэ бол зөвхөн бүртгэгдсэн тоо. Цаанаа бүртгэгдээгүй, судалгаанд хамрагдаагүй хэдэн ч хүүхэд байгааг мэдэх аргагүй.

Ирээдүй хойч болсон энхрий үрсийнхээ төлөө цаг мөч хором бүр дотно сэтгэл өвөрлөн, эхийн хайраар ажиллаж байгаа энэ байгууллагын хамт олонд талархаж, дэмжсэн хүмүүс их байдаг юм билээ. Тус төвийн сургалтанд хамрагдсанаар цаашид дараагийн шатны сургууль цэцэрлэгт хамрагдах боломжтой байдгийг багш нар нь хэлсэн. Цаашид энгийн хүүхдүүдийн дунд төлөвшиж, тэднийг нийгэмшүүлэх ажлыг ч тус хамт олон хийж эхэлжээ. Тус төвд хүмүүжсэн долоон сурагч аймгийн МСҮТөвд шилжин суралцаж, амжилттай хичээллэж байгаа юм байна.

Б.Мөнхзул

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.