Хүнсний  талон олголт ирэх онд үргэлжилнэ
2011.11.12

Хүнсний талон олголт ирэх онд үргэлжилнэ

Хүнсний талон олголт ирэх онд үргэлжилнэ
ТОВЧХОН
  • Хүнс тэжээлийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай амьжиргааны хамгийн доод түвшинд амьдарч буй өрхийн гишүүдэд зориулсан хүнсний талон олгох ажлыг НХХЯ-ны дэргэдэх тус хөтөлбөрийн нэгжээс орон даяар зохион байгуулж байгаа.
  • Энэ хөтөлбөрт олон хүн хамрагдаж, үр дүнг нь хүртэж байгаа ч зарим нэг мэдээллийг дутуу авдгаас үл ойлголцол үүсдэг байна.

Хүнс тэжээлийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай амьжиргааны хамгийн доод түвшинд амьдарч буй өрхийн гишүүдэд зориулсан хүнсний талон олгох ажлыг НХХЯ-ны дэргэдэх тус хөтөлбөрийн нэгжээс орон даяар зохион байгуулж байгаа. Энэ хөтөлбөрт олон хүн хамрагдаж, үр дүнг нь хүртэж байгаа ч зарим нэг мэдээллийг дутуу авдгаас үл ойлголцол үүсдэг байна. Тиймээс энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар НХХЯ-ны Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжийн Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан С.Цолмонгоос тодрууллаа.

-Хүнсний талон хөтөлбөрийг хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ? Хүнсний тусламжийг хаанаас авч байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны 2008 онд байгуулсан “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр” төсөл буцалтгүй тусламжийн хэлэлцээр, Засгийн газрын 2008 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр”-ийн хүрээнд хүнсний талон олгох ажиллагаа хэрэгжиж байна. Уг үйл ажиллагааг НХХЯ-ны дэргэдэх Хүнс тэжээл, нийгмийн хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж зохион байгуулж байна. Орлого багатай өрхийн хүн амын хоол тэжээлийн дутагдлыг бууруулах, нийгмийн халамжийн тогтолцоог сайжруулах зорилгоор тус хөтөлбөр хэрэгжиж байгаа. Санхүүжилт нь Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламж болон улсын төсвөөс бүрдэж байгаа юм.

-Хөтөлбөрт хичнээн өрх, иргэн хамрагдаж байгаа вэ?

-НХХ-ийн сайд, Сангийн сайдын 2010 оны 12 сарын 06-ны өдрийн 160/265 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Хүнсний талон олгох журам”-ын дагуу Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 4271 өрхийн 26257 хүнд 2011 оны 1 дүгээр сараас эхлэн хүнсний талон олгож байна.

-Иргэдийг ямар шалгуураар хамруулж байна вэ?

-Үндэсний статистикийн хорооны дарга, НХХ-ийн сайдын хамтарсан тушаалаар “Орлогыг орлуулан тооцох аргаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлал”-ыг баталсан. Энэ дагуу 2010 оны 6-9 дүгээр сард дээрх орон нутагт мэдээлэл цуглуулах ажил явагдсан юм. Цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн өрхийг амьжиргааны түвшингээр нь үнэлэн эрэмбэлж, хамгийн бага үнэлгээтэй өрхийн гишүүн бүрт хүнсний талон олгож байна.

-Мөнгөн дүнгээр хэдэн төгрөгтэй тэнцэхүйц талон олгодог вэ?

-Өрхийн 0-16 хүртэлх насны гишүүнд 5000 төгрөг, 16-гаас дээш насны гишүүнд 10000 төгрөгийн хүнсний талоныг сар бүр олгодог.

-Талоноороо юу дуртайгаа авч болох уу? Эсвэл заагдсан нэр төрлийн бүтээгдэхүүнүүд авах уу? Мөн ямар дэлгүүрүүдээс авч болох вэ?

-Хоёр сайдын хамтарсан тушаалаар батлагдсан 10 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хүнсний талоноор олгоно. Үүнд: мах, дайвар бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, цөцгийн тос, элсэн чихэр, төмс, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс, жимсгэнэ байна. Харин архи, согтууруулах ундаа, тамхи, ахуйн бараа худалдах, худалдан авахыг хориглоно. Сум, дүүргийн Засаг дарга хүнсний талоноор үйлчлэх дэлгүүрийг тендерийн хуулийн дагуу сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж байгаа. Уг сонгогдсон хүнсний дэлгүүрээс иргэд хүнсний бүтээгдэхүүнээ авч байна.

-Олгосон талоноор иргэд хэдэн удаа үйлчлүүлэх вэ?

-Журамд зааснаар хүнсний талоныг 2 сард нэг удаа олгохоор зохион байгуулж байгаа. Иргэн тухайн сар бүрд хүссэн үедээ талоны хүчинтэй хугацаа дуусахаас өмнө хүнсний бүтээгдэхүүн авч болно. Өөрөөр хэлбэл, тухайн сард хэдэн ч удаа, хүсвэл өдөр бүр худалдан авалт хийж болно гэсэн үг. Дахин хэлэхэд талоны хүчинтэй хугацаанд хүссэн үедээ худалдан авалт хийнэ. -Хаана үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг иргэдэд олгох вэ?
-Элсэн чихэр, будаа, ургамлын тос, жимс, жимсгэнээс бусад хүнсний бүтээгдэхүүн нь импортын бус байх юм. Тодруулбал, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байна.

-Өнгөрсөн жил энэ тусламжинд хөдөө орон нутаг, нийслэл, дүүргийн хэмжээнд нийт хэдэн өрх, иргэн хамрагдсан бэ?

-Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 25333 иргэнд 2009 оны 11 дүгээр сараас 2010 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд хүнсний талон олгосон. Үүнд ангиллын аргаар буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүнсний талон олгосон. Тодруулбал, тэжээн тэтгэх хүүхэд, төрөл садангийн хүнгүй ганц бие ахмад настан, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдсан, ганц бие хөгжлийн бэрхшээлтэй иргэн, байнгын асаргаа шаардлагатай хөгжлиийн бэрхшээлтэй иргэн болон хүүхэд, бүрэн хараагүй, сэтгэцийн өвчтэй 0-18 хүртэлх насны хүүхдэд сард 14000 төгрөгийн үнэ бүхий хүнсний талон олгож байсан. Эдгээр иргэний нэрсийн жагсаалтыг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс ирүүлсэн. Жагсаалтад байгаа иргэнийг хөндлөнгийн ТББ-аар баталгаажуулж, сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний дараа хүнсний талон олгосон. Энэ нь дээр дурдсан Орлогыг орлуулан тооцох аргаас өөр арга юм.

-Хөтөлбөр хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
-Буцалтгүй тусламжийн хэлэлцээр болон дэд хөтөлбөрт зааснаар 2011 оныг дуустал хугацаанд хэрэгжихээр заасан. Харин Засгийн газраас 2012 оныг дуустал хэрэгжүүлэхээр хугацааг нь сунгаад байна.
Нийтлэлч
Н.Туяа
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.