Тасалбар таслаагүй аж ахуйн нэгжийг 50-150 мянган төгрөгөөр торгодог
- Нийслэлчүүдийн хөл дүүжилдэг ганц унаа болох нийтийн тээврийн талаар олон шүүмжлэл гардаг.
- Үүний нэг нь кондуктор иргэдээс мөнгийг нь авсан ч тасалбар өгдөггүй асуудал.
Нийслэлчүүдийн хөл дүүжилдэг ганц унаа болох нийтийн тээврийн талаар олон шүүмжлэл гардаг. Үүний нэг нь кондуктор иргэдээс мөнгийг нь авсан ч тасалбар өгдөггүй асуудал. Мөн нийслэлийн Нийтийн тээврийн газраас том оврын автобусанд гэнэтийн шалгалт хийж тасалбар таслаагүй болон, тасалбараа аваагүй иргэдэд торгууль ногдуулдаг. Тэгвэл ямар байдлаар торгууль ногдуулдаг талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Ш.Ганхуяагаас тодрууллаа.
-Нийтийн тээврийн газраас том оврын автобусанд гэнэтийн шалгалт хийдэг. Үүнийг ямар байдлаар зохион байгуулдаг юм бэ?
-Автотээврийн тухай хуулинд нийтийн тээврийн автобус, троллейбус, бага оврын автобусаар үйлчлүүлж байгаа зорчин явагч нэгдүгээрт мөнгөө төлөх үүрэгтэй. Хоёрдугаарт үйлчлэгчээс заавал тасалбар авч байх шаардлагатай. Бидний хувьд энэ үйлчилгээний хэрэгжилт ямар байгаад хяналт тавьж шалгалт хийдэг.
-Зарим автобусны хувьд бид хувийнх гээд тасалбар таслахгүй байдаг шүү дээ?
-Том оврын автобусны хувьд хувь, хувьсгал гэхгүй бүгд тасалбар тасалж байгаа. Яахав зарим нэг тасалбар таслахгүй асуудал гарч байгааг үгүйсгэхгүй. Харин зорчих тасалбараа аваагүй иргэдийг Авто тээврийн тухайн хуулийн дагуу иргэдийг 1000-5000 төгрөгөөр торгож арга хэмжээ авна.
-Үүнээс гадна бага оврын автобус тасалбар таслах ёстой ч энэ үүргээ төдийлөн биелүүлдэггүй. Үүнд хэрхэн хяналт тавьдаг юм бол?
-Харин бага оврын автобусны хувьд нийтийн тээврийн газраас аж ахуйн нэгжүүдэд хуваарилаад зорчих тасалбарыг өгдөг. Тодорхой хяналтын тоонд нь тааруулж өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн бага оврын автобусны нэг удаагийн эргэлтийн хугацаа, сард ажиллах хоногийг тооцоод тасалбар олгож байгаа. Үүнд нэг талаас иргэд маань өөрсдөө хяналт тавьж, шаардах ёстой. Автотээврийн улсын байцаагчид бага оврын автобусанд шалгалт хийж, зөрчил илрүүлвэл торгох заалттай. Харин зорчих тасалбараар хангаагүй аж ахуйн нэгж байвал тухайн байгууллагыг торгодог. Хуулинд зааснаар 50-150 мянган төгрөгөөр торгоно.
-Бага оврын автобусны хувьд шалгалт хийсэн ч өртөөлөн үнээ нэмж, тасалбар таслахгүй л байгаа шүү дээ?
-Зорчигч байнга шаардлага тавьж байна. Нөгөө талаар кондуктор мөнгө авсан л бол заавал тасалбар өгөх ёстой. Автотээврийн 26 гаруй байцаагч байдаг. Тэдний хувьд байнга хяналт шалгалтыг хийж байна. Бага оврын автобусны хувьд яг хяналт шалгалт хийхээр тасалбар тасалж эхэлдэг. Бидний хувьд эхний хоёр автобусыг шалгаж, зөрчил илрэх юм бол арга хэмжээг авдаг. Гэтэл гурав дахь автобуснаас эхлээд бүгд тасалбар таслаад эхэлсэн байдаг. Жолооч нар өөр хоорондоо утсаар ярьж мэдээлэл өгдөг. Тэдний хувьд заавал шалгалт гэхээр нь тасалбар таслах муу зуршилтай. Өөрөөр хэлбэл, тэд өөрсдийн хийж байгаа үйл ажиллагаагаа хэвшмэл болгохгүй байгаа. Үүнийг хэвшүүлэх асуудалд зорчигч сайн үүрэг гүйцэтгэх хэрэгтэй. Үнэ тарифын хувьд нийслэлийн Нийтийн тээврийн газартай хийсэн гэрээний дагуу үнээ мөрдөх хэрэгтэй. Оройн цагаар хяналт байхгүй нөхцөлд хууль бусаар үнээ нэмэх асуудал гарсаар байгаа. Ийм үед манайд хандах хэрэгтэй.
Э.Пагмадулам
Эх сурвалж
Монголын мэдээ