Эрүүл мэндийн санхүүжилтийн асуудлаар хэлэлцүүлэг хийлээ
- Одоогийн даатгал эрүүл мэндийн санхүүжилтийн 25,4 хувийг нөхдөг юм байна. 71,2 хувийг төсвөөс санхүүжүүлдэг аж.
- Олон жилийн халамжийн сэтгэлгээгээрээ бус зах зээлийн нөхцөлд нийцүүлэн энэ санхүүжилтийн асуудалд хандах хэрэгтэй
“Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа ”Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилтийн стратеги”, Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхтуул “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөтөлбөрт суурилсан төсөв”, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын дарга Н.Аюуш “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох нь”, Эрүүл мэндийн сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Чимиддагва “Монгол Улсын эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох нь”, “Эрүүл мэндийн төлбөрт үйлчилгээ өрхийн зарлагад нөлөөлж буй байдлын судалгааны дүн", Эрүүл мэндийн яамны Стратеги төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Х.Өлзий-Орших “Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын институцийн судалгааны үр дүн”, АХБ-ны эрүүл мэндийн хөгжил-хөтөлбөрийн зохицуулагч Ж.Алтантуяа “Эрүүл мэндийн санхүүжилтийн бодлого ба эрх зүйн орчны өөрчлөлт” гэсэн илтгэл тус тус тавьж, оролцогчид асуулт асуун өөр өөрсдийн саналыг илэрхийлэв.
Илтгэгчид болон оролцогчид “УИХ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төслийг удахгүй хэлэлцэх гэж байна. Өмнөхөн нь ийм хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой юм. Монгол Улсын төсөв, дотоодын нийт бүтээгдэхүүн жилээс жилд өсч байгаа. Үүнтэй уялдан эрүүл мэндийн санхүүжилт ч өсч буй. Гэхдээ төдийлөн хангалттай бус байна. Олон жилийн халамжийн сэтгэлгээгээрээ бус зах зээлийн нөхцөлд нийцүүлэн энэ санхүүжилтийн асуудалд хандах хэрэгтэй. Ялангуяа эрүүл мэндийн даатгалыг бие даасан байгууллага болгох, даатгал эмнэлэгтэйгээ харьцаж, багц үйлчилгээг өвчтөнд санал болгодог байх нь зохистой.
Эрүүл мэндийн санхүүжилт нь эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүн амын хэрэгцээнд тулгуурлан тэгш, хүртээмжтэй хүргэх, чанар, үр ашгийг нь нэмэгдүүлэхэд чиглэх ёстой. Хүртээмжтэй болгох үүднээс зайны оношлогоог өргөн хэрэглэх явдал чухал байна. Даатгал нь бүх нийтийг заавал хамарсан байх, шимтгэл нь мөнгөний ханшийн өөрчлөлт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний бодит өртөгтэй уялдах учиртай. Төлөвлөлтөө уламжлалтаас хөтөлбөрт төсвийн хэлбэрт шилжүүлэх, төсвийг төлөвлөх, хуваарьлах, тайлагнахад олон нийтийн оролцоог дэмжих, хяналт тавих боломжоор хангах, эмнэлгийн үйлчилгээг чанаржуулан, чирэгдлийг арилгах, олон төрлийн төлбөрийг өөрчлөх, боловсронгуй болгох, даатгалын төлбөрийн карт нэвтрүүлэх, шимтгэлийн болон төрөөс даах хэлбэрийг нэг хэсэгтээ үргэлжлүүлэх, гэхдээ даатгалын сангийн 12-хон хувийг бүрдүүлдэг төр түүнийг өөрийн хяналтад байлгадгийг болиулах, эмнэлгүүдийг бие даалгах, эмнэлгийн тухай хууль гаргах хэрэгтэй байна” гэхчлэн олон санал хэлж байлаа.
Одоогийн даатгал эрүүл мэндийн санхүүжилтийн 25,4 хувийг нөхдөг юм байна. 71,2 хувийг төсвөөс санхүүжүүлдэг аж. Харин манай даатгалын хамралт харьцангуй сайн, 80 орчим хувьтай байдгийг тэд тэмдэглэв. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөлд дэвшилттэй заалтууд орсон ч өөрчлүүштэй зүйл нэлээд байгааг онцоллоо. Эрүүл мэндийн салбарын олон төсөл хөтөлбөр хоорондоо уядаа муутайг ч зарим хүн дурьдав.
Vip76.mn