Хөдөө аж ахуйн улсын тооллого явагдана
Манай улс өнгөрсөн жил Хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулсан бол энэ жил аж ахуйн нэгж байгууллагын тооллого явуулсан. Тэгвэл ирэх жил хөдөө аж ахуйн нэгдсэн тооллогыг зохион байгуулахаар болсон. Үүнд шаардагдах 1.2 тэрбум төгрөгийг улсын нөөцөөс гаргахаар болжээ. Бусад улс орны туршлагаас харахад хөдөө аж ахуйн салбарын тооллогыг арван жил тутамд хийдэг байна. Харин манай улсын хувьд Үндэсний статистикийн хорооноос зөвхөн малын тоог л гаргадаг. Тиймээс түүхэндээ анх удаа Хөдөө аж ахуйн тооллого хийхээр болжээ. Ингэснээр малын тоо толгойноос гадна газар тариалан, ан агнуур болон ойн аж ахуй, тоног төхөөрөмжийн судалгааг хийх боломжтой болж байгаа юм байна. Түүнчлэн энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн тоо, цалин хангамж гэсэн үзүүлэлтээр ч судалгаа гаргахаар болжээ.