Ангела Меркель: Ардчилал өөрөө хүрээд ирдэггүйг германчууд бид гашуун туршлагаасаа мэднэ
- Эх орноо төлөөлөн ирсэн эдгээр монголчууд бидний сэтгэлийг ихэд татаж, танай улстай найрсаг харилцаа хөгжүүлэх түлхэц өгсөн юм. Герман Улсад Монгол орны дүр төрхийг тодорхойлоход тэд ийнхүү оролцож байсан билээ.
- Яг тэртээх он жилүүдэд эрх чөлөөнийхөө төлөө хүсэл эрмэлзлээр дүүрэн Монголын ард түмэн эх орондоо ардчилал авчирч, эрх зүйт төрийг байгуулан, хүний эрхээ эдлэхийн төлөө тэмцэж байсан байна.
-Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер д-р Ангела Меркель-ийн хэлсэн үг-
Улаанбаатар хот 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр
Монгол Улсын Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын Их Хурлын Эрхэм хүндэт дарга аа,
Монгол Улсын Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,
Монгол Улсын Их Хурлын Эрхэм хүндэт гишүүд ээ,
Эрхэмсэг ноёд, хатагтай нар аа,
Хүндэт зочид оо,
Монгол Улсын Их Хурлын (парламентын) чуулганы индрээс Холбооны Засгийн газрын тэргүүнд үг хэлэх завшаан анх удаа олгосон нь миний хувьд онцгой хүндэтгэл хэмээн үзэж байна.
Монгол Улс хэзээнээсээ германчууд бидний сэтгэлийг татах агуу увидастай билээ. Газар зүйн байрлалын хувьд алс хол ч гэлээ манай хоёр орны ард түмний хооронд харилцан солилцоо, уулзалтууд ямагт оршсоор ирсэн.
Герман Улс дахин нэгдэхээс өмнө төрөл бүрийн шатны боловсролын хөтөлбөрийн хүрээнд Монголын хэдэн мянган оюутан, дунд мэргэжлийн ажилчид БНАГУ-д оршин суун суралцаж байсан. Эх орноо төлөөлөн ирсэн эдгээр монголчууд бидний сэтгэлийг ихэд татаж, танай улстай найрсаг харилцаа хөгжүүлэх түлхэц өгсөн юм. Герман Улсад Монгол орны дүр төрхийг тодорхойлоход тэд ийнхүү оролцож байсан билээ.
Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,
Монгол Улсын өнөөгийн хөгжилд миний бодлоор хоёр үе шат нөлөөлсөн болов уу. XII болон XIY зууны "Монголын их эв эе (Pax Mongoliсa)-ийн" үед шатанд нийгмийн, соёлын, эдийн засгийн тогтвортой харилцаа болон шашин шүтлэгийн нээлттэй орчин Монголын эзэнт гүрний дотоод эв эеийг урд удаан хугацаанд баталгаажуулж байсан байна.
Хоёр дахь үе шат нь гэвэл Зүүн Европын (хуучин социалист) орнуудыг хамарсан 1989-1990 оны ардчилсан хувьсгалууд юм аа. Тухайн үед хуучин БНАГУ-ын герман иргэд бид эрх чөлөө, эх орноо нэгтгэхийн төлөө тэмцэн гудамжинд жагсаж байсан юм. Өнөөдөр манай улс нэгдсэн хөгжилтэй байна.
Яг тэртээх он жилүүдэд эрх чөлөөнийхөө төлөө хүсэл эрмэлзлээр дүүрэн Монголын ард түмэн эх орондоо ардчилал авчирч, эрх зүйт төрийг байгуулан, хүний эрхээ эдлэхийн төлөө тэмцэж байсан байна. Монгол Улс коммунист тогтолцооноос олон ургальч үзэлтэй намын ардчилсан нийгэмд шилжсэн байна. Хийсэн энэхүү алхмынх нь төлөө германы иргэд бид монголын ард түмнийг гүнээ хүндэтгэж байна. Ижил төстэй түүхэн өөрчлөлтийн гэрч нь болсон бид, манай хоёр орны ард түмэн илүү ойртсоор ирсэн.
Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,
Энэ онд Арабын ертөнцөд өрнөсөн эргэлтүүд улс төрийн болон нийгмийн оролцоо хэзээ ч аль нэг жижиг бүлэглэлийн давуу эрхээр хязгаарлагдах ёсгүй гэсэн сургамжийг бидэнд дахин өглөө. Эрх зүйт төрийн тогтолцоотой улс оронд иргэдийн эрх чөлөө, эдлэх эрхийг нь хасаж болохгүй. Бидний үүрэг бол ард иргэдээ чинээлэг амьдрах, улсын нөөц баялгаас тэдэнд хүртэх боломжийг нь нээж өгөхөд оршино.
Төв Азид Монгол Улс эрх чөлөөт-ардчилсан үнэлэмжит баримжаатай, Парламентат төрийн ардчилсан тогтолцоотой орны хувьд үлгэр жишиг чухал үүргийг гүйцэтгэж байна.
Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,
Ардчилсан нийгмийнхээ сонгосон замаар тууштай хөгжихөд тань миний бие Та бүхнийг зоригжуулмаар байна. Намрын чуулганаараа сонгуулийн эрхийн шинэчлэлийг хэлэлцэж байгаа тань магадгүй Улсын Их Хуралд олон түмний төлөөллийг илүү боловсронгуй болгох нэг чухал алхам болох болов уу.
Ардчилал бол өөрөө хүрээд ирдэггүй гэдгийг германчууд бид гашуун туршлагаасаа мэднэ. Бүтцийн хүчтэй байгууламж, эрх зүйт төрийн бат бөх тогтолцоо, нэн ялангуяа үүний төлөө амьдарч, өдөр тутам түүнийгээ хамгаалж чаддаг зоригтой иргэд зайлшгүй байх ёстой болов уу.
Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,
Хүний язгуур эрхийг хүндэтгэснээр ардчилал оршин тогтнодог. Үүнээс улбаалан Монгол Улс цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй гэсэн шийдвэр гаргасныг миний бие онцгойлон талархан хүлээж авсан билээ. Энэхүү шийдвэрийг гаргаснаар Монгол Улс Азид мөн манлайлагчийн үүргийг гүйцэтгэж байна. Дахин нэг алхам урагшлан цаазаар авах ялыг бүрмөсөн халах шийдвэр гаргахад тань миний бие Та бүхнийг зоригжуулмаар байна.
Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,
Монгол Улсын ардчилал томоохон олон сорилт шалгууруудыг давах хэрэгтэй юм болов уу. Танай орны байгалийн баялаг улс орноо хөгжүүлэх, ард түмнээ чинээлэг амьдруулах үлэмж боломжийг агуулж байна. Үүний сацуу уул уурхайн салбараас олох ашгийг нийт ард түмний аль болох өргөн хүрээнд хүртээмжтэй хуваарилах үүргийг Засгийн газар болон Парламент хүлээж байгаа.
Эдийн засгийн үр өгөөжийг урт удаан хугацаанд хүртэхийн тулд хойч үеэ бодолгүй орхиж болохгүй бөгөөд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбаруудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө, мөн ирээдүйд чиглэсэн дэд бүтцийн салбар зэрэгт хөрөнгө оруулах хэрэгтэй байна. Чингэхэд тань Монгол Улсыг өөрийн чадлаараа дэмжихэд Герман Улс бэлэн байна.
Монгол Улсын хувьд бид итгэлийг нь даасан, Монголын улс ардын аж ахуйг тогтвортой хөгжүүлэхийн төлөө чармайдаг эдийн засгийн түнш нь юм. Тийм ч учраас намайг дагалдан ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монголын дэд бүтцийг хөгжүүлэх үр өгөөжтэй шийдвэр гаргахад тань өөрсдийн хувь нэмрээ оруулж чадахуйц аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл орсон байгаа. Үүнээс гадна Герман Улс, Монгол Улсын хооронд ашигт малтмалын салбарт хамтран ажиллах түншлэл байгуулах хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурсанд миний бие туйлын баяртай байна. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар манай хоёр орон эрчим хүч болон уул уурхайн салбарт хэн хэндээ харилцан ашигтай, урт удаан хугацааны түншлэлийн эх үндсийг тавьсан гэдэгт миний бие итгэл төгс байна.
Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,
Манай хоёр орны түүхэн улбаатай холбоо, хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны болон эдийн засгийн гүнзгий харилцаа Герман-Монголын нягт бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тулгуур багана нь билээ.
Манай хоёр орны хамтын ажиллагаа хоёр талт байхаас халин давсан. Хамтын ажиллагааныхаа хүрээнд бид залуу хойч үеэ бодож байна. Линдаугийн Нобелийн шагналтнуудын бага хурлын чуулганд Монголын өсөж буй залуу эрдэмтдийг оролцуулж байхаар бид өнөөдөр мөн тохиролцлоо. Орхоны хөндийд хийгдэж байгаа түүхийн болон археологийн шинжлэх ухааны судалгааг Герда- Хенкель сан гаргууд арга барилаар дэмжсээр ирсэн.
Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,
Эрх чөлөө, ардчиллыг хүлээн зөвшөөрөх, үнэлэх манай хоёр орны ижил төстэй үнэлэмж дэлхийн тавцан дээр энэхүү үнэлэмжээ хамгаалах үүргийг бидэнд оноож байна. Бид энэ үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн, тухайлбал Нэгдсэн Үндэсний Байгууллагын, NATO-гийн, OSCE-ийн хүрээнд гэж хэлж болно.
Афганистанд энхийг сахиулах, аюулгүй байдлыг нь хангах үүргийг Германы болон Монголын дайчид өнөөдөр мөр зэрэгцэн гүйцэтгэж байна. Афганистаны хойд хэсэг дахь Файзабадын аюултай бүсэд сэргээн босгох ажиллагааг манай хоёр орны цэрэг дайчид хамтран хариуцаж байна. Монголын дайчдын бүрэлдэхүүнийг энэ онд багтаан нэмэх шийдвэр гаргасанд миний бие Та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна.
Эрхэм хүндэт ноёд, хатагтай нар аа,
Эдгээр бүхий л салбар дахь манай хоёр орны хамтын ажиллагааг бид цаашид эрч хүчтэй хөгжүүлэн, ингэснээрээ манай хоёр орны иж бүрэн түншлэлийг улам гүнзгийрүүлнэ гэдэгт миний бие итгэл төгс байна.
Анхаарал тавьсан Та бүхэнд баярлалаа.
Vip76.mn