"Ажлын байр-Амьдралын баталгаа" сэдэвт өдөрлөг болно
2011.10.12

"Ажлын байр-Амьдралын баталгаа" сэдэвт өдөрлөг болно

Маргааш ажилгүй иргэдийг ажилтай болгох өдөрлөг МҮЭСО-д болно
ТОВЧХОН
  • Дээрх өдөрлөг маргааш Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны гаднах талбайд болох аж.
Монгол Улсын Засгийн газар 2011 оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарласан. Үүнтэй холбогдуулан ажлын байрыг нэмэгдүүлэх, ажил олгогч болон зуучлагч байгууллагуудын ажлын харилцаа холбоог сайжруулах мөн жолооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж буй байгууллагуудыг ажил олгогчтой холбох юм. Мөн ажилд орох хүсэлтэй иргэдийг бүртгэж ажилд оруулах зорилготой ажээ.

Өдөрлөгийн арга хэмжээг Автотээврийн газар санаачлан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар, Мэргэжлийн боловсрол сургалтын газар, Нийслэлийн хөдөлмөрийн газар, Хөдөлмөрийн төв бирж болон Газрын тосны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоод хамтран зохион байгуулна. Дээрх өдөрлөг маргааш Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны гаднах талбайд болох аж. Энэ өдөр дараах ажлыг хийхээр төлөвлөжээ.

Ажлын байр шинээр бий болгож буй тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагуудыг сурталчлах, шинээр ажилд орох хүсэлтэй болон идэвхгүй ажил хайгчдыг хооронд нь холбох, ажил олгогч байгууллагуудаас ирүүлж буй ажлын байрны захиалга авах зэрэг юм. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагаагаа сурталчлах, олон нийттэй харилцах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, ажил олгогч ажилтны хөдөлмөрийн харилцааг боловсронгуй болгох, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны заавар зөвлөгөө өгөх зэрэг олон арга хэмжээ зохиогдохоор болжээ.

Зам тээврийн хяналт шалгалтын газрын дарга С.Батболд хэлэхдээ "Авто тээврийн салбарт шаардлагатай ажлын байрууд байгаа. Уул уурхайн ашигт малтмалын хүнд даацын тээврийн хэрэгслийн тээвэрлэгч жолооч, хот хооронд болон хот доторх нийтийн тээврийн хэрэгслийн жолооч мөн таксины жолооч, автын засварчин гэх мэт ажлын байруудад ажиллах хүч шаардлагатай. Техникийн хувьсгал гарч буй энэ үед ажиллах хүчнээ бид сургалтад хамруулж мэргэшүүлнэ" гэлээ.

Мөн манайд ажил олгогч, сургалтын байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тэдгээрт уул уурхайн ашигт малтмал тээвэрлэгч байгууллагууд, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллага түүнчлэн мэргэшсэн жолоочийн сургалт эрхлэгчид, такси үйлчилгээ аж ахуйн нэгжүүд багтдаг юм байна. Энэхүү хөдөлмөрийн өдөрлөгийг зохион байгуулснаар ажилгүй иргэдийг ажлын байртай болгох, чадварлаг мэргэжилтнийг бэлтгэн гаргах ач холбогдолтой ажээ.
Эх сурвалж
Нийслэл таймс
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.