Иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хүний хөгжил сангаас хариуцан төлж байна
2011.10.12

Иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хүний хөгжил сангаас хариуцан төлж байна

Хүний хөгжлийн мөнгөөрөө эрүүл мэндийн даатгалаа төлүүлэх боломжтой
ТОВЧХОН
  • 2011 оны эхний 8 сарын байдлаар 1,7 сая гаруй даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 52,3 тэрбум төгрөг зарцуулсан байна.
"Монгол Улсын иргэн хишиг, хувь хүртэх журам"-аар 2011 онд иргэд Хүний хөгжил сангаас олгож буй хишиг, хувийг бэлэн мөнгө хэлбэрээр хүртэхээс гадна малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр хэлбэрээр хүртэж болохоор зохицуулсан билээ. Энэ дагуу Хүний хөгжил сангийн хишиг, хувийг дээрх бүлгийн хүмүүст Эрүүл мэндийн даатгалын 2011 оны шимтгэлийн төлбөр хэлбэрээр хүртээх ажлыг Нийгмийн даатгалын байгууллагууд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний албадтай хамтран зохион байгуулж байна.

Судалгаагаар 2011 онд журмын дагуу эрүүл  мэндийн даатгалд хамрагдвал зохих нийт 659,2 мянган хүн, үүнээс 253.4 мянган малчин, 156.8 мянган оюутан, суралцагч, 249.0 мянган ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн байгаагаас оны эхний 8 сарын байдлаар 110.4 мянган малчин, 62.3 мянган оюутан, суралцагч, 145.8 мянган ажил хөдөлмөр эрхлээгүй иргэн, нийт 318.5 мянган хүний эрүүл мэндийн даатгалын шимтгэл (2,5 тэрбум төгрөг)-ийг Хүний хөгжил сангаас хариуцан төлөөд байна.

Иргэд шимтгэлээ Хүний хөгжил сангаас хариуцуулах хэлбэрээр болон өөрөө төлж эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар эрүүл мэндийн эрсдэлийн улмаас үүсэх санхүүгийн ачааллыг нь эрүүл мэндийн даатгалын сан хуваалцах, өөрөөр хэлбэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, өдрийн эмчилгээ хийлгэх, амбулаторийн үйлчилгээ авах, рашаан сувилалд сувилуулах, оношилгоо шинжилгээ хийлгэх, эмийн сангаас хөнгөлөлттэй үнээр эм авахтай холбоотой зардлынхаа тодорхой хэсгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх нөхцөл боломж бүрдэж байгаа юм. Тухайлбал, нэг даатгуулагчийн тухайн өвчлөлийн өртөг ойролцоо оношын бүлгээс хамаарч 2011 онд эрүүл мэндийн даатгалын сангаас нэг удаагийн тохиолдолд 536,0 мянган төгрөг хүртэл, жилд нийт 1112,0 мянган төгрөгийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан төлөх боломжтой юм.

2011 оны эхний 8 сарын байдлаар 1,7 сая гаруй даатгуулагчийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 52,3 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Эх сурвалж
НХХЯ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.