Монгол Улс, Азийн хөгжлийн банкны түншлэл: Аз жаргалтай, эрүүл энх, эв эетэй Монголын ирээдүйд хүрэх зам” сэдэвт Дээд хэмжээний форум өндөрлөлөө
2011.10.11

Монгол Улс, Азийн хөгжлийн банкны түншлэл: Аз жаргалтай, эрүүл энх, эв эетэй Монголын ирээдүйд хүрэх зам” сэдэвт Дээд хэмжээний форум өндөрлөлөө

ТОВЧХОН
  • АХБ-аас өндөр ач холбогдол өгч АХБ-ны Ерөнхийлөгч ноён Х.Курода тэргүүтэй төлөөлөгчид манай оронд хүрэлцэн ирэхийн хамт, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, хувийн хэвшлийн төлөөлөл, нийгэм, эдийн засгийн холб

Монгол Улс АХБ-ны гишүүнээр 1991 оны 2 дугаар сард элсэн орсон бөгөөд энэ онд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны 20 жил, АХБ-ны Суурин төлөөлөгчийн газар байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна.

 

Энэхүү ойн арга хэмжээг тохиолдуулан Сангийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор “Монгол Улс, Азийн хөгжлийн банкны түншлэл: Аз жаргалтай, эрүүл энх, эв эетэй Монголын ирээдүйд хүрэх зам” сэдэвт Дээд хэмжээний форумыг Тэрэлж зочид буудалд 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

 

Тус ойн арга хэмжээг тохиолдуулан АХБ-аас өндөр ач холбогдол өгч АХБ-ны Ерөнхийлөгч ноён Х.Курода тэргүүтэй төлөөлөгчид манай оронд хүрэлцэн ирэхийн хамт, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, хувийн хэвшлийн төлөөлөл, нийгэм, эдийн засгийн холбогдох эрдэмтэн судлаач нар оролцож, санал бодлоо хуваалцлаа.

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Нобелийн энх тайвны шагналт ноён Р.К. Пачаүри, Чили Улсын Төв Банкны дэд ерөнхийлөгч, Сангийн сайд асан ноён Мануэль Марфан, Аргентин Улсын Эдийн засгийн яамны харъяа Хөгжлийн хөрөнгө оруулалтын агентлагийн ерөнхийлөгч хатагтай Б.Нофал, АНУ-ын Охаио мужийн их сургуулийн Африк судлалын төвийн дарга ноён Калэичи Калу, Олон улсын тээвэр зуучлалын FedEx корпорацийн Ази, Номхон далайн гадаад харилцааг хариуцсан дэд ерөнхийлөгч ноён А.Турли зэрэг олон улсад нэр хүнд бүхий эдийн засаг, нийгмийн салбарын томоохон төлөөлөгчид хуримтлагдсан тушлагаас хуваалцаж, Монгол Улсад байгаа нөөц боломжийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

 

Форумыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн гарааг зөвөөр чиглүүлж, сорилтыг боломж болгоход АХБ-тай хамтран ажиллах нь чухал болохыг онцолж, тус банктай өрнүүлж буй хамтын ажиллагаа нь хандивлагч донор байгууллагаас илүүтэй түншлэгч, хамтрагчийн харилцаанд шилжиж буй шинэ үе эхэлж байгааг цохон тэмдэглэлээ.

 

Мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улсад үзүүлсэн нийт хөгжлийн зээл, тусламжийн дөрөвний нэгийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжсэн төсөл, хөтөлбөр эзэлж байгаа нь АХБ-ыг манай улсын хамгийн том түншлэгч олон улсын байгууллага болоод буйн илрэл хэмээн АХБ-д Монгол Улсыг төлөөлдөг захирагч, Сангийн сайд С.Баярцогт онцлон хэллээ.

 

Монгол Улс эдийн засгийн жигд өсөлт, өрийн тогтвортой байдлыг хангаснаар АХБ дахь зээлжих зэрэглэл ахиж, дан хөнгөлөлттэй зээл, тусламжийн санхүүжилт авдаг улсаас “Холимог” статустай буюу тус банкны энгийн санхүүжилтийн эх үүсвэрээс санхүүжих эрхтэй болоод байна.

Иймд Монгол Улс АХБ-аас зөвхөн бага хэмжээний хөнгөлөлттэй зээл авдаг байсан үеийг “төгсгөж”, дараагийн шатны хамтын ажиллагааны хэлбэрт шилжин Монгол Улсын эдийн засгийн хурдацтай өсөлт, тогтвортой хөгжлийг хангах зорилгоор нийгэм, эдийн засгийн үр өгөөж бүхий, стратегийн ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг бусад олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран нийлмэл зээлийн аргаар хэрэгжүүлэхээр санал тавиад байна.

 

Форумын үеэр Энх тайвны Нобелийн шагналт ноён Р.К.Пачаүри “Цаг уурын өөрчлөлт ба тогтвортой хөгжил” сэдвээр илтгэл тавьж дэлхийн цаг уурын өөрчлөлт нь хэрхэн ус, хүнс тэжээл, эрүүл мэнд, хүн ам, шилжилт хөдөлгөөн улс орны хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар анхааруулсан бол байгалийн баялгаас хамааралтай эдийн засгийн удирдлагыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар Чили, Африкийн улс орнуудын жишээг танилцуулж тэдгээр улс оронд тулгарсан оновчтой бодлого болон алдаанаас Монгол Улс суралцан цаашид юун дээр анхаарах талаар форумын төлөөлөгчид санал бодлоо хуваалцсан үр дүнтэй хэлэлцүүлэг өрнөлөө.

 

Түүнчлэн, хуралдааны үдээс хойш тэнцвэртэй, тогтвортой хөгжилд хүрэхийн тулд хөрөнгө оруулалтыг дэмжих, худалдааг хөнгөвчлөх бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хатагтай Б.Нофал, хувийн хэвшлийн төлөөлөгч ноён А.Турли нар илтгэл тавив.

 

Хатагтай Нофал илтгэлдээ уул уурхайн салбарын роялти, татварыг өндөр тогтоож, аж ахуй нэгжийн орлогын албан татварыг бууруулах, чөлөөлөх хэрэггүй, мөн дотоодын нийлүүлэгчдийг хөгжүүлэх нь чухал болох талаар онцлон тэмдэглэсэн бол УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Ч.Улаан Монгол Улсын тогтвортой хөгжлийн талаар илтгэл тавьж, уул уурхайн салбарт хэт их анхаарч байгаль орчин гэх мэт бусад салбаруудыг орхигдуулалгүй, Голланд өвчний сөрөг үр дагаварыг бодолцон бодлогын зөв шийдэлд хүрэн оновчтой хэрэгжүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэлээ.

 

Монгол Улс, АХБ-ны хамтын ажиллагааны 20 жилийн ойг тохиолдуулан амжилттай хэрэгжсэн төслүүдийн талаар Монгол, Англи хэл дээр ном гаргасныг Монгол Улсын Ерөнхийлөгч, АХБ-ны Ерөнхийлөгч нар чуулга уулзалтын үеэр нээлээ.

 

Энэхүү форум нь Монгол Улсын Засгийн газар болон АХБ хоорондын 20 жилийн түүхэн харилцааг дүгнээд зогсохгүй, цаашдын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлж Засгийн газраас авч хэрэгжүүлбэл зохих бодлогын арга хэмжээ, чиглэлийн талаар Монгол Улсын төр засгийн, эрдэмтэн судлаачид, олон улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөлөгчид санал нэгдсэн нь уулзалтын гол үр дүн байлаа.

 

Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.