Тавантолгойн хувьцааг иргэн бүрт тэгш хувааж эзэмшүүлэх нь зүйтэй гэж үзлээ
- Зээлийн батлан даалтын сан байгуулж, жижиг дунд үйлдвэрлэгчдэд зээлийн батлан даалтыг харьцангуй хямд гаргаж, санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор уг хуулийн төслийг санаачилсан хэмээн төсөл санаачлагч гишүүд үзэж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Зээлийн батлан даалтын сангийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн УИХ-ын гишүүн Я. Батсуурь нарын найман гишүүн болон Д.Одбаяр нарын дөрвөн гишүүдийн өргөн барьсан “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 2010.07.07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэргийг авч хэлэлцлээ.
Монгол Улсын Засгийн газраас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан гаргаж буй хөнгөлттөй зээлийг- арилжааны банкаар дамжуулан олгож байгаа нь барьцаа хөрөнгө, банкны эрсдлийн шалгуур зэрэг дарамтыг бий болгож байдаг. Иймд хуулиар олгосон тусгай статус бүхий Зээлийн батлан даалтын сан байгуулж, жижиг дунд үйлдвэрлэгчдэд зээлийн батлан даалтыг харьцангуй хямд гаргаж, санхүүгийн асуудлыг нь шийдвэрлэх зорилгоор уг хуулийн төслийг санаачилсан хэмээн төсөл санаачлагч гишүүд үзэж байна. Тиймээс хуулийн төслийг бүлгийн гишүүд УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Үүний дараа бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Я.Батсуурь нарын найман гишүүн, болон Д.Одбаяр нарын дөрвөн гишүүний өргөн барьсан “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг авч хэлэлцэв.
“Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 2010.07.07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Тавантолгой нүүрсний ордын 10 хувийг Монгол Улсын иргэнд, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд, 30 хүртэлх хувийг нь олон улсын хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгох замаар хувьцааг нь арилжаалахаар заасан.
Гэвч аж ахуйн нэгжүүдэд Тавантолгойн хувьцааг худалдах нь улс орны эдийн засгийг уул уурхайгаас улам хамааралтай болгох, хувьцааг шударгаар хуваарилахад ихээхэн хүндрэл, маргаан дагуулсан асуудал болох тул хувьцааг нийт иргэддээ тэгш хувааж, иргэн бүрт хувьцааг эзэмшүүлэх зүйтэй гэж үзэн уг тогтоолын төслийг холбогдох байнгын хороо, нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Vip76.mn