Ирэх жил нийслэлд 58 хорооны цогцолбор шинээр барина
2011.10.10

Ирэх жил нийслэлд 58 хорооны цогцолбор шинээр барина

Нийслэлийн удирдлагуудын хурал
ТОВЧХОН
  • Нийслэлчүүдийнхээ тав тухтай амьдрах орчныг бий болгохын төлөө хийж хэрэгжүүлж буй ажлуудын явц болон цаашид хийх ажлуудын талаар нийслэл, дүүрэг, харъяа газрын удирдлагууд өнөөдөр уулзаж ярилцлаа.
Нийслэлчүүдийнхээ тав тухтай амьдрах орчныг бий болгохын төлөө хийж хэрэгжүүлж буй ажлуудын явц болон цаашид хийх ажлуудын талаар нийслэл, дүүрэг, харъяа газрын удирдлагууд өнөөдөр уулзаж ярилцлаа. Улаанбаатар хотын өмнө тулгарч буй олон асуудлыг шийдвэрлэхэд ойролцоогоор жилд 797 тэрбум төгрөг шаардагдах тооцоо бий. Энэ жилийн хувьд 79 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдээд байгаа нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад нилээд хувиар өсөөд байгаа. Гэхдээ хүн  амын тал хувь нь ажиллаж амьдарч байгаа нийслэл хотын хувьд энэ нь үүсч буй асуудлуудыг шийдвэрлэхэд хаанаа ч хүрэлцэхгүй санхүүжилт юм.

Харин нийслэлийнхэн төсвийн орлогыг давуулан биелүүлж, төсөвт төвлөрүүлэх татаасыг бууруулсан, ирэх жил нийслэлээс авах татаасыг больж байгаа гээд санхүүгийн эх үүсвэр гарч ирж байгаа учир тэрхүү боломжийг хэрхэн ашиглах, бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх боломжийн талаар өнөөдрийн уулзалтаар ярилцсан байна. Нийслэлийн хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор  тэдэнд үзүүлэх нийгмийн үйлчилгээг ойртуулж, ирэх жилд нийслэлд 58 хорооны цогцолбор барих шаардлагатай байгаа.

Мөн замын түгжрэл, ачааллыг багасгах үүднээс автомашины давхар зогсоол бий болгох зэрэг томоохон ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөж, энэ талаар дүүрэг, харъяа газруудын удирдлагын санал хүсэлтийг сонссон юм. Хотын даргын санаачилсан давхар зогсоолын тухайд энэ нь өндөр хөгжилтэй орнуудад хэрэглэж буй технологи агаад 2,3 авто машин зогсох талбайд 8-80 авто машин байрлуулах боломжтой болно. Шинээр хороо барих, давхар зогсоол байгуулах гээд энэ бүх ажилд газар чөлөөлөх, нөхөн олговор олгох асуудал үүсэх учир энэ бүхний байршлыг нарийн тогтоож, зураг, төсвийг  нийслэлийн өдрөөс өмнө бэлэн болгохыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг дүүргийн удирдлагуудад үүрэг болголоо.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.