Бүх малаа ээмэгжүүлэн бүртгэнэ
2011.10.10

Бүх малаа ээмэгжүүлэн бүртгэнэ

Мал сүрэг
ТОВЧХОН
  • "Монгол мал" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2011-2012 онд нийт мал сүргийн 40 хувийг ээмэгжүүлэн бүртгэлжүүлнэ.
  • Орон нутагт мал ээмэгжүүлэн бүртгэлжүүлэх ажлыг сумын аймаг, сумын мэргэжлийн байгууллагын хяналтын дор сумын Мал эмнэлэг, үржлийн нэгжүүд, малчид мал үржүүлэгчидтэй хамтран гүйцэтгэх бөгөөд энэ онд нийт 7,1 сая мал ээмэгжүүлэн бүртгэлжүүлэх юм.
"Монгол мал" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2011-2012 онд нийт мал сүргийн 40 хувийг ээмэгжүүлэн  бүртгэлжүүлнэ. "Малыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх тухай журмыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар баталж хэрэгжилтийг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд малыг ялган тэмдэглэх техник хэрэгслүүдийг ээмэг, ээмэглэгч бахь, вар код уншигчийг хүлээн авч аймаг, орон нутагт хүргүүлэн мал бүртгэлжүүлэх ажил эхлээд байгаа. Мал бүртгэлжүүлэх ажлын хэсэг баасан гарагт хуралдаж, орон нутагт зохион байгуулалттайгаар хийгдэж буй ээмэгжүүлэлтийн явц байдалтай танилцахаар болов.

Орон нутагт мал ээмэгжүүлэн бүртгэлжүүлэх ажлыг сумын аймаг, сумын мэргэжлийн байгууллагын хяналтын дор сумын Мал эмнэлэг, үржлийн нэгжүүд, малчид мал үржүүлэгчидтэй хамтран гүйцэтгэх бөгөөд энэ онд нийт 7,1 сая мал ээмэгжүүлэн  бүртгэлжүүлэх юм. Тухайлбал, Улсын хэмжээний нийт үхэр сүрэг, үржилд ашиглаж байгаа нийт хээлтүүлэгч, цөм сүргийн мал, Архангай, Баянхонгор, Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн бог малын 15-20 хувийг хамруулж, үхэр, тэмээ, бог малыг ээмэглэж, адуунд чип хэрэглэнэ. Ээмгэн дээр тухайн малыг харъяалах Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн код аймаг, сум, багийг заасан 6 орон, тухайн мал, амьтны хувийн дугаарыг заасан 6 орон, нийт 12 оронтой тоо бичигдсэн байна. Ийнхүү малын байршил, малын эзэн, малчдыг тодорхойлон кодолж, малыг нэг стандартын хувийн дугаартай болгож тэдгээрийн эрүүл мэндийн болон малын шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хийснээр мал, амьтан тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой болж хүнсний аюулгүй байдал баталгаажих, гадаад дотоодын зах зээлд нийлүүлэх нөхцөл нээлттэй болох юм.

Мал бүртгэлжүүлэлтийн ажлыг нэгдсэн нэг зохион байгуулалттайгаар эхлүүлж олон улсын жишгийн дагуу мал, амьтныг бүртгэх, сум, аймаг, мэдээллийн үндэсний санг бий болгох, бүртгэлээр дамжуулан мал, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хянах, экспортлох нөхцөлийг бүрдүүлэх нь нийгэм эдийн засгийн чухал ач холбогдолтой цогц арга хэмжээ юм. Нөгөө талаар малчид, мал үржүүлэгчид мал сүргээ бүртгэлжүүлэх нь гарал үүсэл нь тодорхой бүтээгдэхүүний тоо чанарт тохирсон урамшууллыг олгох талаар төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хамрагдах, орлогоо нэмэгдүүлэх, зах зээлд өрсөлдөх чадавхаа сайжруулах боломжийг бүрдүүлж байна. Малыг ялган тэмдэглэх хэрэгслэл нь Олон улсын мал амьтны бүртгэлийн хорооноос зөвшөөрөгдсөн үйлдвэрлэгчээс нийлүүлэгдсэн, малын байршил, хувийн дугаарыг заасан кодтой, малын бүртгэлийн гэрчилгээний дугаар нь малын ялган тэмдэглэх хэрэгсэл дээр байгаа дугаартай тохирч, дугаар нь зураасан кодоор уншигдаж байх нууцлалтай бөгөөд мал, амьтныг бүртгэх мэдээлэх үйл ажиллагаа нь Олон улсын жишгийн дагуу тусгайлсан журмаар зохицуулагддаг байна.
Эх сурвалж
Монцамэ
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.