Монгол хүнд ногдох ДНБ 3000 Долларт хүрснийг Ерөнхий сайд мэдэгдэв
2011.10.10

Монгол хүнд ногдох ДНБ 3000 Долларт хүрснийг Ерөнхий сайд мэдэгдэв

Монгол улсын ерөнхий сайд С.Батболд
ТОВЧХОН
  • УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Засгийн газрын тэргүүн С.Батболд, танхимынхаа сайд нарын хамт оролцож Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар" мэдээлэл хийлээ.
  • Ерөнхий сайдын мэдээллээс харвал хямралын үед хасах 1.6 хувьтай байсан эдийн засаг өсөж, өнгөрсөн онд зургаа орчим, энэ оны эцсээр 20 хувьд хүрэх төлөвтэй байгаа аж.
УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар Зээлийн мэдээлэл, Төв банк болон хоршоо, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай Эрүүгийн хуульд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай зэрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Зээлийн мэдээллийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Манайд шинэ мэт сонсогдох боловч санхүүгийн зах зээл өндөр хөгжсөн орнуудад "Зээлийн мэдээллийн төв"-д иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл хадгалсан байдаг. Гэхдээ тэдний эрх ашгийг хөндөж болзошгүй учир хуулиар зээлийн мэдээллийг солилцох журмыг нарийвчилж, Монголбанкнаас энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах эрх олгох, цуцлах, хяналт тавихаар зохицуулж байгаа аж. Мөн зээлийн мэдээллийн үйл  ажиллагаа явуулах этгээдийн дүрмийн сангийн доод хэмжээг тогтоож,    ажиллах хүнд тавигдах шаардлага болон эрх, үүргийн талаар хуульчилж байгаа юм. Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн төслөөр  зээлдэгчийн сүүлийн зургаан жилийн мэдээллийг лавлагаанд тусгана гэж байсан. Харин хэлэлцүүлгийн үеэр дээрх хугацааг өөрчилж сайн мэдээллийг 10, сөрөг мэдээллийг зургаан жил лавлагаанд хадгалах хувилбарыг гишүүд дэмжлээ. Дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр   Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Мөн хуралдаанаар Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт   өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн албан татварын тухай  Эрүүгийн хууль, Захиргааны хариуцлагын тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх   эсэхийг шийдлээ. Галт зэвсгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтөөр галт зэвсгийн ангилал, хадгалалт хамгаалалт, сум худалдах,   байлдааны сум зэвсгийг ан  агнуурт ашиглахыг хориглох болон харуул   хамгаалалтын алба галт зэвсгийг хэрхэн хэрэглэх зэрэг асуудлыг  зохицуулах юм. Монголд өнөөдрийн байдлаар 40 мянга гаруй галт зэвсэг бүртгэлтэй   байгаагаас арван мянга орчим нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт байдаг аж. Хуралдаанаар хуулийн төслийг дэмжиж Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанд Засгийн газрын тэргүүн С.Батболд, танхимынхаа сайд нарын хамт оролцож Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар" мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдын мэдээллээс харвал хямралын үед хасах 1.6 хувьтай байсан эдийн засаг өсөж, өнгөрсөн онд зургаа орчим, энэ оны эцсээр 20 хувьд хүрэх төлөвтэй байгаа аж. Мөн нэг хүнд ногдох ДНБ 3000 орчим ам.долларт хүрээд байгаа аж. Эдийн засгийн өсөлт тогтвортой байвал 2012 оны эцэст хөтөлбөрт дэвшүүлсэн 5000 ам.долларт хүрэх бололцоо бүрдэх юм байна. Сүүлийн гурван жилд нэгдсэн төсвийн орлого 88,6, нэгдсэн төсвийн зарлага 72,9 хувьд хүрч, улсын төсвийн хөрөнгө оруулалт тогтмол 28,6 хувиар өссөн бол нэгдсэн төсвийн алдагдал 42.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Татварын орлого ч 50.3 хувиар өссөн байна. Энэ оныг Засгийн газраас "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарлаж 60 мянган шинэ ажлын байр бий болох зорилт тавьсан. Оны эхний гурван улирлын байдлаар 54.7 мянган шинэ ажлын байр бий болжээ. Засгийн газраас эрүүл мэнд, боловсролын салбарт авсан арга хэмжээний талаар ч мөн Ерөнхий сайд тайлагнаж байв.

2010 оноос 'Хүний хөгжил сан"-гаас үе шаттайгаар иргэдэд хишиг, хувь олгож эхэлсэн. Энэ оны наймдугаар сарын сүүлчээр Монгол Улсын иргэн бүрт 120 мянган төгрөгийг бэлнээр, мөн сар бүрийн 21 мянган төгрөгийг олгоход нийтдээ 475,8 тэрбум төгрөг зарцуулжээ. Иргэд хишиг, хувиасаа эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрт зориулж 2,3 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын хэлтсүүдэд, 66,4 тэрбум төгрөгийг сургалтын төрийн санд шилжүүлээд байгаа аж. Ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын зориулалтаар  хишиг  хувийг  нэг удаа бөөнөөр  авах хүсэлт  гаргасан 9053 иргэнд 1,5  тэрбум  төгрөгийн санхүүжилтийг олгосон байна. Манай улсын эдийн засаг ийн тэлэхэд уул уурхай дэд бүтэц, хөдөө  аж ахуй, барилга, санхүүгийн салбарын өсөлт мэдэгдэхүйц дээшилж байгаатай холбоотой гэдэг нь Засгийн газрын тэргүүний хийсэн мэдээллээс харагдаж байв.
Нийтлэлч
Б.Энхжаргал
Эх сурвалж
Өдрийн шуудан
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.