Улс төрийн намын тухай хууль үндсэн хууль зөрчөөгүй гэж цэц үзжээ
2011.10.07

Улс төрийн намын тухай хууль үндсэн хууль зөрчөөгүй гэж цэц үзжээ

ТОВЧХОН
  • ........гэснийг зөрчөөгүй байна гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасан юм.
Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 02 дугаар дүгнэлтийг мөн хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Пүрэвням танилцуулсан.

Улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.” гэж заасны “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний ... нэр, ...-г дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно.” гэсэн хэсэг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...” гэснийг зөрчөөгүй байна гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасан юм.

 

Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд саналаа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Д.Оюунхорол, Ц.Мөнх-Оргил нарын гишүүд Улсын дээд шүүх намын нэрийг дахин хэрэглэх эсэх асуудлаар хэлэлцэн шийдвэр гаргаж өгөөч гэж Үндсэн хуудлийн цэцэд хандчихаад шийдвэр гаргасны дараа түүний эсрэг шийдвэр гаргасан хэмээн эдгээр гишүүд хэлж байсан. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, “Дээд шүүхийн шийдвэр улстөрийн аюултай нөхцөл байдал руу түлхэж байна. Үндсэн хууль хэрэггүй, Цэц хэрэггүй, хүссэн зүйлээ хийнэ гэж Дээд шүүх ойлгууллаа. Шийдвэр гаргаад өгөөч гэсэн хүсэлтээ Үндсэн хуулийн цэц рүү явуулсан. Тэгээд Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн шийдвэр гаргачихаад байхад зөрүүлээд эсрэгээр шийдвэр гаргаж байна. Үндсэн хуулийг доромжилж байна” гэж хэлсэн.

 

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, “Шүүхийн шинэчлэлийн тухай хууль дээр Хуульзүйн байнгын хороо сайн ажиллая. Хуулийн хүрээнд энэ мэт асуудлыг шийдье. Шүүх засаглалын шийдэл Үндсэн хуулийн цэцтэй зөрчилдөж байгааг Байнгын хороогоор ярилцаад гажуудлыг хуулиар засах хэрэгтэй хэмээсэн.

Эх сурвалж
VipNews
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.