Эрдэнэс Тавантолгойн тусгай данс гэж байхгүй
2011.10.06

Эрдэнэс Тавантолгойн тусгай данс гэж байхгүй

Уул уурхай
ТОВЧХОН
  • МУ-ын Засгийн газраас 2011 оны 03-р сарын 30-ны өдрөөс өмнө төрсөн бүх иргэдэд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргасан билээ.
  • Түүнчлэн тус компанийн дүрмийн сан болон ордын ТЭЗҮ албан ёсоор батлагдаж, хувьцааны нэрлэсэн үнэ тодорхойлогдоогүй байгаа тул үнэт цаасны арилжаа нь явагдаж эхлээгүй байна.
Сүүлийн үед “Таван толгойн хувьцааны дансаа 5000 төгрөгөөр нээлгээрэй” гэсэн утгатай сурталчилгаа ихээхэн цацагдаж байгаа бөгөөд энэ асуудалд Монголын хөрөнгийн бирж  тодорхой тайлбар хийж байна.

МУ-ын Засгийн газраас 2011 оны 03-р сарын 30-ны өдрөөс өмнө төрсөн бүх иргэдэд “Эрдэнэс тавантолгой”  ХК-ийн 536 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргасан билээ. Гэхдээ тус компанийн хувьд одоогийн байдлаар олборлолт, экспортын үйл ажиллагаа дөнгөж эхлэх шатандаа байгаа бөгөөд томоохон бүтээн байгуулалт хийгдэж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байна.

Түүнчлэн тус компанийн дүрмийн сан болон ордын ТЭЗҮ албан ёсоор батлагдаж, хувьцааны нэрлэсэн үнэ тодорхойлогдоогүй байгаа тул үнэт цаасны арилжаа нь явагдаж эхлээгүй байна.

Ард иргэдэд хувьцаа олгох ажлын хувьд “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХХК нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн 1,7 сая иргэний мэдээллийг авч, Монгол улсын иргэн бүрийн нэр дээр “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг эзэмшиж буйг баталгаажуулсан байна.

Үнэт цаасны арилжаанд оролцохын тулд та МХБ-ийн гишүүн брокер, дилерийн компанид хандан данс нээлгэх шаардлагатай бөгөөд уг дансаар аль ч компанийн үнэт цаасыг худалдах, худалдан авах боломжтой юм. Иймд “Эрдэнэс тавантолгойн данс” гэсэн тусгай данс байхгүй болохыг анхаарна уу.

Иргэдийн хувьд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааг хэсэг хугацаанд зарж арилжихыг нь хязгаарласан тул яаралтай данс нээлгэх шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцаа нь гадаад дотоодын хөрөнгийн биржүүд дээр арилжигдаж эхлэн, ордын олборлолт үйл ажиллагаа нь жигдрэн үнэт цаасны ханш бодитоор тогтож, ард иргэдийн хөрөнгийн зах зээл, хувьцааны талаар мэдлэгийг дээшлүүлэх ажлыг шат дараатай хийсний дараа хувьцаа арилжих эрх нээгдэх юм.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.