Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах төсөл өргөн барив
2011.10.06

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах төсөл өргөн барив

ТОВЧХОН
  • Багануурын дулааны цахилгаан станцыг хувьчилж авсан “Оюуны ундраа” ХХК Багануур хотыг хөлдөөж өвлийн хүйтэнд иргэд, байгууллагыг хохироож байснаас үүдэн хувьчлалыг хүчингүй болгож, хотын шугам сүлжээг бүхэлд нь засварлаж хэвийн ажиллагаанд оруулахад

УИХ-ын гишүүн Д.Одхүү “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барив.

 

“Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байх үед Д.Одхүү гишүүн “Орон нутгийн дулааны станцуудыг хувьчлах цаг нь болоогүй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдаагүй аж ахуйн нэгжийг хэлэлцүүлгийн явцад шууд нэмэх нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна. Хэрэв ингэж нэмэх тохиолдолд Засгийн газрын саналыг албан ёсоор авах ёстой байтал аваагүй нь буруу” гэсэн санал хэлж байсан ч олонхийн дэмжлэг аваагүй аж.

 

Учир нь тогтоолын төслийг Засгийн газраас анх өргөн мэдүүлэх үед “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” хувьцаат компани өмч хувьчлалд хамрагдах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтад тусгагдаагүй байжээ. Иймээс төслийг УИХ-аар хэлэлцэх үед нэр бүхий гишүүд “нэмэлт хөрөнгө оруулалт хийх, хүчин чадлыг өсгөх, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах нөхцөлтэйгээр концессын гэрээгээр ашиглах үндэсний хөрөнгө оруулагчийг уралдаант шалгаруулалтын аргаар сонгох” гэсэн санал гаргаж дэмжүүлсэн юм байна.

 

Гэтэл сүүлийн жилүүдэд орон нутгийн хэд хэдэн дулааны цахилгаан станц хувьчлагдсан боловч үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаагүйгээс хувьчлалыг хүчингүй болгох, нэгэнт доголдолд орсон станцуудыг их хэмжээний хөрөнгө оруулалт хийж хэвийн ажиллагаанд оруулж байсан. Тухайлахад, Багануурын дулааны цахилгаан станцыг хувьчилж авсан “Оюуны ундраа” ХХК Багануур хотыг хөлдөөж өвлийн хүйтэнд иргэд, байгууллагыг хохироож байснаас үүдэн хувьчлалыг хүчингүй болгож, хотын шугам сүлжээг бүхэлд нь засварлаж хэвийн ажиллагаанд оруулахад төрөөс хоёр тэрбум төгрөгийн зардал гаргаж байжээ. Мөн Дархан-Уул аймгийн Шарын голын дулааны станц, Хэнтий аймгийн Бэрх тосгоны дулааны станцуудын хувьчлалын дараа доголдол гарсны улмаас төрөөс их хэмжээний зардал гарган хэвийн ажиллагааг хангаж хувьчлалыг хүчингүй болгосон, өнгөрсөн онд Улаангомын дулааны цахилгаан станцад доголдол гарахад улсаас 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө гаргаж байжээ.

 

Иймээс эрхэм гишүүн “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтын 5.3 дахь заалтыг хүчингүй болгуулахаар УИХ-ын тогтоолын төсөл санаачилсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.