Халамж иргэдийн амьдрал бус
Халамж иргэдийн амьдрал бус гэдгийг Баянхонгорчууд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрлөө
Ардчилсан нийгмийн үнэт зарчим нь иргэн хүн өөрийн гараар баяглаг бүтээж амьдрах явдал. Нэг үгээр хэлбэл, баян ядуу гэж давхарга үүсгэн ялгарах бус дор бүрнээ тодорхой эрхэлсэн ажилтай, түүгээрээ хангалуун сайхан амьдардаг байх ёстой. Гэтэл өнөөдөр ийм боломж бүрдэхгүй байгаа юм. Тэгсэн хэрнээ Монгол Улсын ядуурлын түвшин нэг жилийн дотор 10 хувиар буурсан тухай Үндэсний статистикийн газраас мэдээлж буй. Харин энэ байдал бодит амьдрал дээр эсэргээрээ байгаа гэдэг нь илхэн байна. Баянхонгор аймгийн төвд л гэхэд ажилгүй хүн маш олон байгаа гэдгийг нутгийн иргэд хэлж байна. Тэдний хийдэг ажил нь архи уухаас хэтрэхгүй байгааг ч нутгийн хөгшчүүл шүүмжилсэн. Мөн амар хялбар аргаар мөнгө олох гэж хэд хэдээрээ хүрз, жоотуу барьж алтанд мордож, газрын хэвлий сэндийчиж байгааг эсэргүүцэж байна. Энэ байдалд хүргэсэн буруутан бол өнгөрсөн хугацаанд төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчин гэдэгтэй дуу нэгтэй хэлж байсан юм. Тиймээс энэ байдлыг арилгаж, ажилтай, орлоготой Монгол хүнийг бий болгож өгөхийг УИХын гуравдугаар тойрогт АНаас нэр дэвшиж буй Х.Баттулга, Д.Ганбат нараас хүсч байлаа. Нэр дэвшигчид өчигдөр Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон Оготнотой булгийн дэргэд иргэдтэй уулзаж санал сэтгэгдэл сонссон юм. Найман настай балчраас 80 настай буурал хүртэл 500 гаруй хүн ирсэн байв. Иргэдийн амнаас гарч байгаа үг болгон нэр дэвшигчдийн цаашид хийх ажлын төлөвлөгөө байх нь дамжиггүй. Үүнд ажилгүйдэл, архидалт, авлига хээл хахууль, ашигт малтмал уул уурхай гээд бүхий л зүйлийг иргэд хөндөж байна. Тодруулбал, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв дээр хийсэн уулзалтын үеэр тус МСҮТийн сурагчид, бидний ирээдүй ямар байхыг өнөөдрийн байдлаар төсөөлж чадахгүй байна. Одоогийн Засгийн газар, төрийн эрх барьж байгаа хүмүүс бидний ирээдүйг тийм байна гээд хэлж чадахгүй юм. Тиймээс бид хэнд итгэх вэ. Бидний ирээдүй бол халамж биш баталгаатай ажлын байр, өндөр ашиг орлоготой ажил байх хэрэгтэй гэж байв. Тиймээс Монгол Улсын нэн шинэ үеийн түүхэнд хамгийн олон жил төр барьсан МАНаас татгалзах цаг нь болсон гэдгийг хонгор нутгийн залуус дуу нэгтэй хэлж байлаа.
Улсын хөгжил хүнээсээ гэдэг. Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя гэдэг уриаг олон жил сонсож, итгэж одоогийн МАНын тугийг олон ч удаа мандуулсан. Харин энэ худлаа байж. Улс орны хөгжил хэтэрхий удаан байгаа нь төрийн эрх барьж байгаа улс төрчид тэр дундаа олонх болж Засгийн эрхийг олон жил дангаараа барьсан МАНынханд итгэх итгэлгүй боллоо гэж хөгшчүүл дуу алдаж байна.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын гуравдугаар хорооны иргэн С.Тэржээ:
Хэнийг юу хийдэг билээ, хэн юуны төлөө тэмцдэг вэ гэдгийг Баянхонгорчууд бид ялгаж чаддаг болсон. Ардчилал хөгжөөд 22 жил болж байхад бид санасандаа хүрч чадахгүй байна. Бид анх Ардчилсан хувьсгалыг өрнүүлж байхад маш сайхан зүйлийг төсөөлж байсан. Гэвч түүндээ хүрсэнгүй. Энэ бол олонх болж чадахгүй байгаагийн гай. Гэхдээ ардчилал хөгжөөд бидэнд их зүйлийг өгсөн. Байрыг нь эзэмшигчдэд нь, малыг нь эзэнд нь гээд бүх зүйлийг өгсөн. Гэтэл МАНынхан өрөөндөө сууж байгаад, гэртээ сууж байгаад бидний үнэт зүйлүүдийг хулгай хийсэн. Хагартлаа баяжсан. Тэгсэн хэрнээ та бүхний төлөө гэж дандаа худлаа хэлдэг. Үүнээс салах цаг болсон. Тиймээс АНаас нэр дэвшигч Х.Баттулга, Д.Ганбат нарыг дэмжье, эдний төлөө саналаа өгье. Үүнийг аав, ээж, үр хүүхэд аханд дүүстээ дамжуулах хэрэгтэй.
МСҮТ-ийн сурагч Мөнхцэцэг:
Бидний ирээдүй халамжаар явах ёсгүй. Залуучууд тэтгэврийн хөгшид шиг сар болгон 21 мянган төгрөг харж амьдрах ёсгүй. Энэ бидний ирээдүй бус. Төрийн эрх барьж байгаа хүмүүс бидний ирээдүйгээс мөнгө зээлж Хүний хөгжил нэрээр бидэнд цөөхөн хэдэн төгрөг өгч ард түмнийг ядуу амьдруулах ёсгүй гэж боддогоо залуучуудаа төлөөлөн хэлж байна. Тиймээс өөрсдөө бүтээдэг байх хэрэгтэй. Ийм боломжийг бидэнд жинхэнэ ардчилагдчид авчирна гэдэгт итгэдэг. Тиймээс гуравдугаар тойрогт нэр дэвшиж байгаа хонгор нутгийн унаган хүү болох Х.Баттулга, Д.Ганбат нарыг дэмжиж байна. Та нарыг дэмжих оюутнуудын хөдөлгөөн хүртэл байгуулагдсан байгаа гэдгээ хэлэхэд таатай байна.
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ахмадын зөвлөлийн дарга Д.Жавзандулам:
Ардчилалын замаар замнаад 20 жил болсон Монгол Улс жинхэнэ ардчилалтай байж чадахгүй байна. Байлгаж чадахгүй байгаа нь иргэд биднээс хамааралтай. Бид зөв, ардчилсан сонголт хийж чадвал жинхэнэ төгс ардчиллыг бий болгож болно. Ингэж байж УИХд бидний төлөө гүйдэг, бидний өмнөөс ажилладаг төлөөллийг оруулж чадна аа. Үүний төлөө хонгорчууд бид хариуцлагатай байх ёстой. Түүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажлыг миний хийсэн, хувийн хөрөнгө оруулалтаар хийсэн мэтээр ярьж, халамж нэрээр гэр тараасан болж ард иргэдийг хуурдаг хүн хэрэггүй.