Гишүүд хэрхэн наадах вэ?
2011.07.08

Гишүүд хэрхэн наадах вэ?

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар тэмдэглэлт ойнууд давхцаж байгаа учир баяр наадмыг өргөн, дэлгэр тэмдэглэхээр хаа сайгүй л бэлтгэл ажлаа хангаад байна. УИХ-д морь уядаг 10 гаруй гишүүн бий. Тэдний ихэнх нь уяа руугаа явсан учир өчигдөр эзгүй байлаа. УИХ-ын зарим гишүүн энэ жилийн наадмаар хэрхэн баярлахыг сонирхсон юм.

Ц.Даваасүрэн: Зургаан насны морь уралдуулна


-Энэ жилээс эхлэн эрлийз адууг Монгол мориноос тусад нь уралдуулах журам гарсан. Та эрлийз адуу уясан уу?


-Би монгол жаягаараа л зургаан насны морь уясан. Эдгээр морио өнөөдөр /өчигдөр/ хамгийн сүүлчийн сунгаанд оруулна. Сунгааны үеэр хурд, хүчээ гайхуулж чадсан морьдоо аваад л Хүй долоон худаг орно доо.

-Морьдодоо хэр найдлага тавьж байгаа вэ?

-Сонгуулийн  тогтолцоог тодор­хой болгох ажлын хэсэгт би багтсан учир хоёр намын зөвшилцлийн асууд­лыг шийдэх зэрэг ажил хүлээгдэж буй учир уяан дээрээ очиж амжаагүй л байна. Мэдээж морьдодоо найдлага тавилгүй яах вэ. Сэтгэл догдлоод л Хүй долоон худагт өнжинө дөө.

Су.Батболд: Морьдоо хоёр наадамд уралдуулна

-Энэ жил хэдэн насны  морь уясан бэ. Наадмын бэлтгэлээ хэр базаав?

-Наадмын бэлтгэл хангагдсан гэж үзэж байгаа.  Энэ жил зургаан насны морь уясан. Морьдынхоо тоосыг хоёр наадамд өргөх төлөвлөгөөтэй байна. Төв аймгийн наадам энэ сарын 9-10-нд болно. Тэгэхээр зарим морио аймгийнхаа наадмаар уралдуулах юм.  Харин бусдынх нь тоосыг Улсын их баяр наадамд өргүүлнэ. Наадмын нээлтийн үйл ажиллагааг Төв цэнгэлдэх хүрээлэнд сонирхчихоод л Хүй долоон худаг, хот хоёрын хооронд давхиж өнжинө  дөө.

-Морьдоо хэн гэдэг уяачаар уяулав?


-Манай ах, дүү нар өөрсдөө галтай учир төрсөн ах нар маань морьдоо уядаг юм.

П.Алтангэрэл: Эхнэр, хүүхдүүдтэйгээ салхинд гарахаар төлөвлөсөн

-Энэ жилийн наадмаар хэрхэн баярлах төлөвлөгөөтэй байна вэ?

-Энэ жил олон тэмдэглэлт ой тохиож байгаа учир Үндэсний их баяр наадам болон аймгуудийн наадам нэлээд өргөн дэлгэр болох төлөвтэй байгаа. Тиймээс Үндэсний их баяр наадмын нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэх байх. Харин дараа нь гэр бүлийнхэнтэйгээ хамт ойрхон салхинд гарах төлөвлөгөөтэй байна. 

-Наадмаар хотод өнжих юм уу?


-Наадмын үеэр хотод өнжинө. манай аймгийн 80 жилийн ой энэ сарын 29-30-нд болно. Тэгэхээр наадам өнгөрөв үү, үгүй юу аймгийн ойн баяраас өмнө бэлтгэл ажилтай  холбоотой хөөцөлдөх ажлууд бий. Тэр бүхнээ амжуулчихаад энэ сарын 27 гэхэд нутаг явна.

Д.Одбаяр: Нутгийнхаа харваач, уяачдын галаар л өнжих байх

-Наадмыг хэрхэн өнгөрөөх төлөвлөгөөтэй байна вэ?

-Наадмийг Улаанбаатар хотод л өнгөрөөх төлөвлөгөөтэй байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, хүй долоон худаг, гэр гэсэн чиглэлээр л явж таарах байх. Дорнодын уяачид сүүлийн жилүүдэд одтой наадаж байгаа. Тиймээс энэ олон тэмдэглэлт ой тохиож буй, өргөн дэлгэр наадамд ч гэсэн морьд нь шандастай байх болов уу гэж бодож байгаа учир уяачдынхаа уяагаар зочилно. Мөн Үндэсний их баяр наадмын 70 жилийн ойгоос хойш манай нутгийн харваачид маш сайн харваж, түрүүг нь авсаар ирлээ. Тиймээс 90 жилийн ойгоор энэ амжилтаа бататгах байх гэж найдаж байгаа. Тэгэхээр сурчдын галаар нэлээд эргэлдэнэ гэсэн үг.

-Бөхчүүдийг эргэхгүй юм уу?

-Бөхчүүдийнхээ барилдааныг гэртээ зурагтаар үзнэ. Энэ жилийн бөхийн барилдаан маш сонирхолтой бол гэж бодож байгаа. Аваргууд зодоглоно гэж сонссон. Тэгэхээр үзүүр, түрүүг тааварлана гэдэг нэлээд бэрх байх болов уу. Зурагтаар л шимтэн үзнэ дээ.

З.Энхболд: Баяр наадмын нээлтэд оролцчихоод Өвөрхангай явна

-Наадмаар хэрхэн баярлахаа шийдсэн үү?

-Энэ жил манай аймгийн 80 жилийн ой тохиож байгаа. Тиймээс баяр наадмын нээлтэд оролцчихоод Өвөрхангай руу гэр бүлийнхэнтэйгээ явна. Аймгийн тэмдэглэлт ойн баяр, ёслол бараг 14 хоног үргэлжлэх төлөвтэй байгаа. Миний хувьд наадмын дараагаас эхэлж, амралтаа авна.

-Чуулганы хуралдаанаар хэлэл­цэж, шийдвэрлэх асуудал нэлээд байгаа учир ээлжит бус чуулган хуралдуулах магадлалтай байгаа. Та тэр үеэр эзгүй байх нь ээ?

-Ээлжит бус чуулганыг наймдугаар сард зарлах байх гэж бодож байгаа.  Тэгэхээр ямар нэгэн байдлаар хоцрох тохиолдол гарахгүй.

Ц.Сэдванчиг: Бөхийн барилдааныг шимтэн үзнэ

-Наадмыг хэрхэн өнгөрөөх гэж байна вэ?

-Энэ сарын 10-ны орой уяачдын гал дээр оччихоод маргааш нь наадмын нээлтийг Төв цэнгэлдэх хүрээлэнд үзэх байх. Энэ жилийн баяр наадмаар 1024 бөх зодоглох юм билээ. Ойрын хэдэн жил ийм олон бөх барилдаагүй. Тэгэхээр гурван өдөрт багтаж барилдаан дуусахгүй ч байж магад гэж бодож байгаа шүү. Бөхийн барилдаан нэлээд сонирхолтой болох байх. Залуу бөхчүүд  ид хаваа гайхуулж, цолондоо хүрсэн бөхчүүд ч сайн барилдах байх. Миний хувьд бөхийн барилдааныг үзчихээд нутаг явах төлөвлөгөөтэй байна.

-Энэ жил олон тэмдэглэлт ой тохиож байгаа. Аймаг, сумын наадам ч нэлээд өргөн, дэлгэр болох байх. Та хэр урлигатай байгаа вэ?


-Хөвсгөл аймгийн 80 жилийн ой энэ жил тохиож байгаа. Тиймээс сумдын наадам дэлгэр болох нь дамжиггүй. Гэхдээ найрыг хавтгайруулахгүй, “Наадмын дараа намар” гэдгийг санах ёстой болов уу гэдгийг сануулах юун. Хэд, хэдэн сумдын наадмаар орох байх. Наадам өнгөрөөгөөд амралтаа авах төлөвлөгөөтэй байгаа.   

Д.Очирбат: Энэ жил саарал дээлээр гоёно

-Төрийн их баяр наадмаа хэрхэн тэмдэглэдэг вэ. Энэ жилийн тухайд хаагуур наадамлах гэж байна вэ?

-Наадам бол хамгийн сайхан баяр. Жил, жилийн наадмаар гэр бүлийнхэнтэйгээ төв цэнгэлдэх хүрээлэн орж, бөх үздэг. Бас наадмын хуушуур иддэг дээ. Манай бага хүү бид хоёр гэрийнхнийхээ өмнөөс дугаарлан байж хуушуур авч очих дуртай. Цэнгэлдэх хүрээлэнгийн төв асарт төрийн түшээдэд тусад нь хуушуур өгдөг. Гэсэн хэдий ч хуушууранд дугаарлаж авч идэх нь илүү амттай санагддаг юм. Аав, ээж хоёр маань зусландаа байдаг. Бид 11-ний өдөр тэнд очиж ах дүү, хамаатан саднаараа бужигнаж өнждөг. Харин 12-нд уяач найз нөхдийнхөө уяагаар явж сонирхдог.

-Та морь хэр сонирхдог вэ. УИХ-ын гишүүд дунд уяачид олон бий?

-Монгол хүн учир моринд дуртай. Гэхдээ надад уяж уралдуулдаг морь байхгүй. Хүмүүсийн бэлэглэсэн морь байдаг. Түүнийгээ бэлгэдлийн чанараар хүндэтгэдэг юм. Харин морь уях нь миний чаддаг зүйл биш юм шиг байгаа юм.

-Наадмаар ямар дээлээр гоёх гэж байна вэ?

-Би саарал дээлээр гоёно доо. Гэргий маань наадмын гоёлыг минь сонгосон.

Ж.Сүхбаатар: Дарханд Төрийн далбааны өдрийг тэмдэглэнэ

-Энэ жилийн наадмыг хэрхэн тэмдэглэх гэж байна вэ?

-Энэ жилийн наадам олон түүхт ой давхцаж байгаагаараа онцлог юм. Энэ сарын 10-ны өдөр Дархан хотдоо очиж   Монгол Улсын төрийн дал­бааны өд­рийг тэмдэглэнэ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Дашдорж, Н.Батбаяр бид хэд нийтээр тэм­дэглэдэг өдрийн хүрээнд Төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг болох хууль санаачилсан. Үүнийг дэлхий дахинд цэргийн хүндэтгэлийн парад зохион байгуулж тэмдэглэдэг юм билээ. Энэ нь эх оронч үзлийн илэрхийлэл, бахархал, хүсэл эрмэлзэл болдог. Иймээс Дарханд энэхүү арга хэмжээг зохион байгуулна. Харин 11-нд гэр бүлийнхэнтэйгээ наадмын нээлтийг үзэж, наадмын хуушуур иднэ дээ. Энэ жилийн Дархан-Уул аймгийн наадам энэ сарын 21-23-ны өдрүүдэд 50 жилийн ойн хамт болно. Тиймээс энэ үеэр аймагтаа очиж наадамлана.      

Д.Зоригт: Наадмын үеэр хийх ажил их бий
 

-Та наадмаар хэрхэн баярлах вэ?

-Наадмын үеэр амрах зав нэг их гарахгүй л болов уу. Тэр  үеэр гадны  зочид ирэх учир хийх ажил их байна. Гэхдээ яаж ийж байгаад гэр бүлийнхэндээ зав гаргана. Тиймээс  наадмаар гэр бүлийнхэнтэйгээ гэртээ өнжиж, хажуугаар нь ажлаа амжуулна.

-“Тавантолгой”-н ордын хөрөнгө оруулагчдыг сонгохтой холбоотойгоор зочид ирэх гэж байгаа юм уу?

-Тэр асуудалтай хамаагүй. Ямартай ч ажлын шугамаар зочид хүлээж авна.

УЛСТӨРИЙН ТОЙМ СОНИН

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.