Нийгмийн салбарын цаашид баримтлах бодлого, стратегид тусгах Зөвлөмжүүд гаргав
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Шинжлэх ухааны Академи хамтран “Нийгмийн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замууд” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн зорилго нь нийгмийн салбарт тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлоход төр, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдын санал, байр суурийг сонсож нэгтгэх, улс орны хөгжлийн хэрэгцээ шаардлага, олон улсын чиг хандлагад нийцсэн нийгмийн салбарын хөгжлийн шинэ стратеги бодлогыг боловсруулах эхлэлийг тавихад чиглэгдэж байгаа аж.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурал 2005 оны хоринтавдугаар тогтоолоор Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудыг батлан гаргаснаас хойш даруй 6 жил өнгөрч, дэлхийн улс орнуудын өмнө үүрэг амлалт болгон авсан хүн төвтэй хөгжлийн зорилтуудаа ханган биелүүлэхэд 4 жил хүрэхгүй богинохон хугацаа үлдлээ. Монгол Улсын Их Хурал 2008 онд Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг батлан гаргасан билээ. Өнгөрсөн хугацаанд дээр дурдсан бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэх тал дээр нэлээд зүйлсийг хийж, багагүй ололт амжилт олсныг тэмдэглэх нь зүйтэй. Улс орны эдийн засгийн хөгжлийн гол шалгуур үзүүлэлт болох нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ өнгөрсөн 5 жилд 30 гаруй хувиар өсч, сургуульд хамрагдаж буй хүүхдийн хувь өсөх, эх нялхсын эндэгдэл буурах з эрэг зарим нааштай ахиц дэвшил гарсан. Гэвч Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын нэгдүгээрт тусгагдсан 2015 он хүртэл ядуурлыг 2000 оны түвшнээс 2 дахин бууруулах зорилт хэрэгжих магадлал муутай байна. Ядуурлын түвшин хамгийн сүүлд хийгдсэн судалгаагаар 35,2%-тай байгаа нь 2000 оны түвшнээс дөнгөж 1,1%-иар буурсан хэрэг юм. Ядуу хүмүүс бол хөгжил дэвшлийн үйл явцад орролцох, түүний үр шимээс хүртэх боломж нь хязгаарлагдсан хүмүүс билээ. Хүн амын 1/3-ээс илүү хувь нь ядуурлын шугамаас доогуур түвшинд амьдарч, хөгжил дэвшилд оролцох, түүний үр шимээс хүртэх боломж нь хязгаарлагдмал байгаа нөхцөлд хөгжил дэвшил тогтвортой байж чадахгүй... Сүүлийн жилүүдэд аль ч улс оронд ажил эрхлэлтийг ядуурлаас гарах гол арга зам гэж үзэх болсон. Монгол улс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар ядуу хүмүүийг тэдний өөрсдийнх нь хүчээр ядуурлаас гаргах явдлыг хөгжлийн стратеги бодлогынхоо гол цөм болгон авч үзэх хэрэгтэй.Монгол Улсын хөгжлийн сүүлийн арав гаруй жилийн түүх эдийн засгийн хурдацтай өсөлт дангаараа ядуурлыг бууруулах хүрэлцээтэй буюу хангалттай нөхцөл биш болохыг харууллаа. Ядуурлыг бууруулахад эдийн засгийн өсөлт чухал боловч түүний үр шимийг нь ядуу хүмүүст хүргэх бүтэц тогтолцоог бүрдүүлэх нь түүнээс ч илүү чухал болоод байна. Ингэхдээ, бодлогын хувьд юуны өмнө, ядуу хүмүүс ямар салбарт ажилладагийг, аль бүс нутагт амьдардагийг, үйлдвэрлэлийн ямар хүчин зүйлсийг эзэмшиж байгааг, ямар бүтээгдэхүүн хэрэглэдгийг, тэдэнд ямар чадавхи байгааг харгалзан үзэх нь зүйтэй. Нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд зарцуулж буй хөгжлийн үр өгөөжийг дээшлүүлж, хөрөнгө мөнгийг хэт хавтгайруулан тараах бодлогоос татгалзах нь зүйтэй. Халамжид зарцуулж буй мөнгө инфляцийг хөөрөгдөж, хүн амын орлого багатай хэсэгт илүү дарамт учруулж байгааг анзаарахгүй өнгөрөөж болохгүй. Цаашид халамжийн хөтөлбөрийг цомхон хүрээнд хэрэгжүүлэх, үүний тулд хүн амын зорилтот бүлгийг илүү нарийн тодорхойлох хэрэгтэй..” гэлээ.
Хэлэлцүүлэгт ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, НХХ-ийн сайд Т.Ганди, БСШУ-ын сайд Ё.Отгонбаяр, ЭМЯ-ны сайд С.Ламбаа нар хариуцсан салбарынхаа үйл ажиллагааны тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Түүнчлэн эдгээр салбарын нэртэй эрдэмтэн, доктор, профессор П.Нямдаваа, Н.Бэгз. Н.Содномдорж нар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Хэлэлцүүлгээс нийгмийн салбарт цаашид баримтлах бодлого стратегид тусгах бодлогын Зөвлөмжүүдийг гаргаж төрийн эрх бүхий байгууллагуудад хүргүүлэхээр шийдвэрлэлээ.