2025.05.05

Д.Рэгдэл: Ёс зүйн боловсролыг дээшлүүлэхэд тулгамдаад байгаа асуудлыг судалж, дэлхийн туршлагатай уялдуулах замаар үндэс суурийг нь сайн тавих хэрэгтэй

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.05/хуралдаанаар Хууль, тогтоолоор үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл:

Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний танилцуулгатай танилцлаа. Монгол Улсын Ёс зүйн хороо байгуулагдаад удаагүй. Үүнийг байнгын хорооны дарга хэлж байна. Үүнээс хойш "удаагүй" гэх тодотголоо арилгах ёстой. Арилгахын тулд тодорхой ажлуудыг гарцаагүй хийхээс өөр аргагүй.

Ёс зүйн хороо, түүний харьяанд байх, бүтэц тогтолцоонд байх дэд хороодын тухай манай байнгын хорооноос ажлын хэсэг гаргаад тайлан тооцоогоо танилцуулсан. Тэнд анхаарал татсан асуудал бол Ёс зүйн дэд хороо ямар зохион байгуулалттай байвал зохимжтой вэ, орон нутагт байгаа ёс зүйн дэд хороог төрийн байгууллагуудаад байгуулаад байх юмуу, үгүй юу гээд. Их жижиг, цөөхөн хүн амтай төрийн байгууллагууд сумдад байдаг. Орон нутгийн хэмжээнд нэгдсэн зохион байгуулалт хийх боломж байна уу үгүй юу зэрэг асуудлаар санал дүгнэлтээ гаргачихсан байгаа. Тэгэхээр Ёс зүйн дэд хороо танилцсан энэ санал дүгнэлтээ, мэдэж байгаа зүйлээ манай байнгын хороонд өгөөгүй юм шиг байна. Ингэж зохион байгуулах нь зөв үү? Зарим нэг тоог харахад 400 гаруй байгууллага байгаад байдаг. 4000 гаруй байгууллага улсын хэмжээнд. 2000 орчим дэд хороо байгуулчихсан. Бусад нь байгуулаагүй яваад байдаг. Байгуулаагүй мөртлөө дэд хороог санхүүжүүлэх, цалинжуулах энэ асуудал чухал байна гээд яриад яваад байж болохгүй. Зохион байгуулалтын хувьд тодорхой саналаа бидэнд танилцуулж өгвөл зүгээр. Мэдээж ёс зүйн боловсрол гэдэг том асуудал, цогц асуудал. Аль нэг яам хариуцдаг асуудал биш. Ганцхан Ёс зүйн хороо гүйцэтгэх асуудал биш. Энд 2 судалгааны ажлыг МУ-ын Ёс зүйн хороо санаачилж хиймээр байна.

Нэгдүгээрт, ёс зүйн боловсролын дэлхийн туршлагыг судлах хэрэгтэй. Хэцүү биш байх гэж бодож байна.

Хоёрдугаарт, МУ-ын эрдэм шинжилгээний байгууллагуудаар манай улсад ёс зүйн боловсролыг дээшлүүлэхэд тулгамдаад байгаа асуудлыг шийдэх талаар судалгаа хийлгэмээр байгаа юм.

Бага зэргийн санхүүжилт орох байх. Эдгээрийг харьцуулж байгаад ёс зүйн боловсролынхоо асуудлыг үндсийг нь сайн тавиад өгчихвөл ганц нэг хөтөлбөрийн тухай ярихаа байгаад ямар хөтөлбөр шаардагдаж байна вэ, түүнийг яаж хэрэгжүүлэх вэ гэдэг арай том асуудал руугаа шилжиж орох болов уу гэсэн бодол байна. Танилцуулгын дүгнэлтүүд их ажил хэрэгч болсон гэж үзэж байна. УИХ, түүний бүтцийн байгууллагуудын шийдвэртэй холбоотойгоор ялангуяа ЗГ-т чиглэл өгсөн тогтоолуудыг ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газарт хугацаанд нь өгөлгүй явж байдаг. Бараг 12 жилийн дараа гарсан шийдвэрийг танилцуулдаг нь туйлын хариуцлагагүй асуудал л даа. Буруу нь хаанаа байдаг юм мэдэхгүй байна.

Сэтгүүлч

. Б.Цэцэгсүрэн