МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэв
2021.06.15
Хүний эрх

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10 цаг 07 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, цахим хэлбэрээр хуралдаж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэв.

Энэ талаар Хүний эрхийн үндэсний Комиссын  даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос холбогдох хуульд заасны дагуу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг.

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл" нь дөрвөн бүлгээс бүрдэж, 14 дэд бүлэг, 23 санал, зөвлөмжийг агуулсан. Уг илтгэлийн нэгдүгээр бүлэгт “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал”, хоёрдугаар бүлэгт  “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт”,  гурав дахь бүлэгт “Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал", дөрөв дэх бүлэгт “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” гэсэн мэдээллийг оруулсан.

19 дэх илтгэлийг ХЭҮК-оос хийсэн хяналт, шалгалт, судалгаа, тус комисст иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл болон Комиссын гишүүдийн шаардлага, зөвлөмж, Засгийн газар, холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага болон бусад судлаачдын хийсэн судалгаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар боловсруулсан гэж байлаа. 

Малчин эмэгтэйчүүдийн хүний эрх, хүчирхийллээс ангид байх эрхийн хүрээнд гурван асуудлыг хөндөж тавьсан. Тухайлбал, малчин эмэгтэйчүүдэд хамаарах статистик мэдээлэл, амьжиргаа, аж байдал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал болон малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрхийн асуудал, тэдний бэлгийн болон нөхөн үржихүй, эрүүл мэнд, эрхийн асуудлыг хөндөж гаргасан. 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу ХЭҮК нь хоёр жилд нэг удаа УИХ-д жендерийн эрх тэгш байдлын талаарх тайланг өргөн барьдаг. Энэ хүрээнд хуулийн хэрэгжилттэй холбоотой мэдээллийг оруулсан. Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй асуудлаар тодорхой саналуудыг гаргасан. Ялануяа химийн хорт болон аюултай бодисын бүртгэл, хадгалалт, устгалтай холбоотой асуудлыг хөндөж, тодорхой саналуудыг гаргасан байгаа. “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” асуудалд тодорхой саналуудыг тусгаж, энэ хүрээнд тус комиссоос үндэсний индексийг боловсруулах ажлыг эхлүүлсэн гэдгийг ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунан танилцуулгадаа дурдсан. 

    "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл"-ийг 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан байна. Энэ удаагийн илтгэл нь дэлхий нийтэд нүүрлэсэн КОВИД-19 цар тахлын аюулын нөхцөл байдалд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хүний эрхийг  хангах, хамгаалах, хүний эрхэд суурилж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх “КОВИД-19 цар тахал ба хүний эрх” гэсэн сэдвийн хүрээнд  боловсруулснаараа онцлогтой. Нийтдээ 6 бүлэг, 29 дэд бүлгээс бүрдэж, үүн дээр үндэслэн 40 саналыг хүргүүлжээ.

Уг тайлангийн танилцуулгад:

  • Нэгдүгээр бүлэгт, Хүний амь нас, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс Ковид-19 цар тахлын үед хүний эрх, эрх чөлөөнд хязгаарлалт тогтоож болно. Гэвч ийм хязгаарлалт нь зорилгоо биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай, хүний эрх, эрх чөлөөг хамгийн бага түвшинд хязгаарласан, хүнийг ялгаварлан гадуурхаж, гутаан доромжилсон шинжгүй байх ёстой. Энэ бүлэгт хөл хорио, тусгаарлалт, нийгмийн хэв журам сахиулах үйл ажиллагааны үед хүний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх хэрэгжсэн эсэхэд дүн шинжилгээ хийв. 
  • Хоёрдугаар бүлэгт, Зорилтот бүлгийн эрх Ковид-19 цар тахлын нөхцөлд төрөөс ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, эрсдэлтэй бүлгийн иргэдэд нийгмийн халамж хүргэх, хоол хүнс, орон байр, цэвэр ус, түлш, ариун цэврийн хэрэгсэл зэрэг наад захын хэрэгцээт зүйлсээр хангах ёстой. Энэ бүлэгт эдгээр иргэдийн нийгмийн халамж, хамгаалал болон хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтийг үнэлж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлов.
  •  Гуравдугаар бүлэгт, Иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөө Монгол Улс энэ цаг үед хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан бодлого, хууль батлан гаргаж, Улсын Их Хурлын болон орон нутгийн ээлжит сонгуулийг товлосон хугацаанд нь зохион байгуулж, иргэний, улс төрийн эрхийг хангах талаар амжилт гаргасан. Гэвч иргэнийхээ эх орондоо эргэж ирэх, хувийн нууцаа хамгаалуулах, мэдээлэл авах эрхийг зөрчиж, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх, шударга шүүхээр шүүлгэх, төрийн үйл хэрэгт оролцох эрхийн талаар авсан зарим арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах хуульд заасан шаардлагад нийцээгүй талаар тусгав. 
  • Дөрөвдүгээр бүлэгт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрх Ковид-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэх, сурч боловсрох зэрэг эрхэд үзүүлж буй нөлөөлөл, төрөөс авч буй хариу арга хэмжээ, үр дагаврыг тодорхойлж, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах чиглэлээр санал дэвшүүлэв. 
  • Тавдугаар бүлэгт, Төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед тусгай үүрэг гүйцэтгэсэн эмч, эрүүл мэндийн ажилтан, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал, халдвар хамгааллын хувцас, хэрэгслийн хангалт, эрүүл мэнд болон нийгмийн баталгаа зэрэг хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд судалгаа, дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг боловсруулав. 
  • Зургаадугаар бүлэгт, Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт Комисс “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт” судалгааг 6 аймгийн 18 сумын малчид, орон нутгийн удирдлага, албан хаагчдын төлөөлөл нийт 1244 хүнийг хамруулан зохион байгуулж, судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулав гэж дурдсан байлаа. 

 Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, С.Бямбацогт нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл"-ийн хүрээнд Ковид-19 цар тахлын үеэр хүний эрх зөрчигдсөн асуудалд  хэрхэн ажилласан талаар илүүтэй лавлаж байлаа. Мөн Хүний Эрхийн Үндэсний Комиссын өргөн мэдүүлсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлүүдэд Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газраас хийсэн үнэлгээний талаар тодруулав. 

    Хуралдаанд Хүний эрхийн үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан, тус Комиссын гишүүн Х.Мөнхзул, Б.Энхболд, Г.Нарантуяа, Д.Сүнжид болон Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг нар оролцсон. 

    ХЭҮК-ийн шинээр томилогдсон гишүүд өнгөрсөн оны 11 дүгээр сарын 18-наас ажлаа хүлээн авч, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаад ковид-19 цар тахлын улмаас  хөл хорио тогтоох, хөдөлгөөн хязгаарлах, алба хаагчдын аюулгүй байдлын хүрээнд 10, 30 хувиар ажилласан. Түүнчлэн 1-6 дугаар сар хүртэл санхүүжилт хангалттай шийдэгдээгүйгээс хяналт шалгалт хийх, томилолтоор ажиллахад хүндрэлтэй байдал гарсан гэдгийг Хүний эрхийн үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан хариултдаа онцлоод өнгөрсөн хугацаанд гишүүд 40 обьектод хяналт, шалгалт, ажиглалт, мониторинг хийж, орон нутагт ажилласан гэв. 

 Дараа нь Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга О.Номинчимэг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлд хийсэн үнэлгээний тайлангийн талаар товч танилцуулсан. 

Тэрбээр танилцуулгадаа, Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Хүний эрхийн комисс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд энэ хуульд заасан арга хэмжээнд хяналт тавина.” гэж заасан. Энэ хүрээнд үнэлгээний ажлыг гүйцэтгэхдээ уг илтгэлд дурдсан тохиолдолд, асуудлууд нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэх явцад хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийхдээ тус хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмуудыг баримтлан ажилласан эсэх, энэ чиглэлээр ХЭҮК-оос ямар арга хэмжээг авсан талаар болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай холбоотой хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн тохиолдлууд нь ямар шалтгаан нөхцөлийн улмаас бий болсныг тогтоох хүрээнд ажилласныг тодотголоо.

    Түүнчлэн уг илтгэлд дурдсан Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар өгч буй санал нь тухайн илтгэлд тусгасан асуудлыг бүрэн хамарсан эсэхэд дүн шинжилгээ хийж, үр дүнг үнэлэх, бодит мэдээллээр хангах, цаашид анхаарах асуудлын талаар санал зөвлөмжийг гаргасан. 20 дахь илтгэл нь дэвшүүлсэн зорилго, зорилтоо оновчтой томьёолж, түүнийхээ дагуу бичигдсэн, судалгааны арга зүй нь зорилго, хамрах хүрээтэй уялдсан, шаардлагатай статистик, тоон үзүүлэлтүүдийг ашигласан гэж дүгнэсэн. 

Гэвч 20 дахь илтгэлийг боловсруулахдаа хүний эрхийн хяналт шинжилгээний үе шатуудыг дамжсан эсэх, хүний эрхийг зөрчсөн хэрэг явдлуудын талаарх асуудлуудыг эрэмбэлж, суурь түвшнийг тогтоосон эсэх, гарсан бүх хэрэг явдлуудыг багтаасан, баримт нотолгоог хангалттай цуглуулсан эсэх нь тодорхойгүй байна. Мөн илтгэлд дурдсан хүний эрхийн зөрчлүүдийг арилгах талаарх санал зөвлөмжийг зөв зүйтэй өгсөн, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санал болгосон эсэх болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнгийн талаар тодорхой бус байна.

Хүний эрхийн комиссын гишүүн нь гомдол, мэдээлэл шийдвэрлэх чиглэлээр хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ хүрээнд хүний эрх, эрх чөлөөний зөрчлийн талаарх зөвлөмж, санал, шаардлагыг холбогдох байгууллагуудад тухай бүр хүргүүлэн ажиллаж байгаа хэдий ч тухайн зөвлөмж, санал, шаардлагын үр дүн, хэрэгжилтийн талаар илтгэлд тусгаагүй, илтгэлд зайлшгүй орох тухайн жилд өрнөсөн хүний эрх, эрх чөлөөний зөрчилтэй холбоотой бүх тохиолдлыг хамруулсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд тохиолдлын түүвэрлэлтийг хэрхэн сонгосон талаар тусгагдаагүй байна гэдгийг онцлов.

    Улсын Их Хурлын Тамгын газраас анх удаа хүний эрхийн илтгэлд дүн шинжилгээ, үнэлгээ хийснийг Тэргүүн дэд дарга мэдээлэлдээ дурдаад, тайландаа цаашид авч хэрэгжүүлэх дөрвөн санал, зөвлөмж тусгасныг тодотгов.

Уг зөвлөмжид, илтгэлд 2020 онд ХЭҮК-т хүний эрхийн зөрчлийн талаар хичнээн гомдол, мэдээлэл ирсэн, үүнээс цар тахалтай холбогдуулан хичнээн хяналт шалгалтын ажлыг хийж, ямар санал, зөвлөмж, шаардлага хүргүүлсэн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн зэргийн талаар нэгдсэн танилцуулгад тодорхой мэдээлэл дурдагдаагүй байна. Цаашид тухайн жилийн илтгэлийн сэдвийн хүрээнд ХЭҮК-аас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар дурдаж байх нь зүйтэй.

Засгийн газар болон холбогдох төрийн байгууллагаас баталсан тушаал, шийдвэр зэрэгт хүний эрхийг хамгаалах талаар хэрхэн туссан болон Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчмыг хэрхэн баримтлан ажиллаж буйд хяналт тавих, гарсан зөрчлийг арилгуулах чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж, илтгэлдээ тусгахыг зөвлөсөн байв. Мөн иргэдийн эрхийг баталгаатай эдлүүлэхийн зэрэгцээ нутаг дэвсгэрийнхээ гадна байгаа Монгол Улсын иргэдийн ашиг сонирхлыг сахин хамгаалах, хүний эрхийг эдлүүлэхэд анхаарч ажиллах, Төрийн байгууллагын уялдаа холбоо, ажлын зохион байгуулалтаас шалтгаалж цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргах шийдвэр, арга хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлахад тавигдах шаардлагыг хангахгүй байх, хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн талаарх гомдлын дагуу хяналт шалгалт хийж, тухай бүр зөрчлийг таслан зогсооход чиг үүргийн хүрээнд хамаарах асуудлаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг зөвлөсөн байлаа.

Ингээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэн талаарх  Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.                    

ШИНЭ МЭДЭЭ